Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

“Хүүхдүүд ЗУРГААН нас хүртлээ жендерийн ялгааг гаргадаггүй. Харин томрох тусам...”

М.Сувданзаяа, Үндэсний шуудан
2018 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Image: REUTERS/Michaela Rehle
“Эрдэмтэн-зурах” сорил гэж та өмнө нь сонсоогүй байж болох юм. Тэгвэл 1960-аад оноос хойш энэхүү туршилтыг хүүхдүүдийн дунд явуулсаар иржээ. Энэ тест нь сонсогдож байгаа шигээ “Хүүхдээр эрдэмтэн зуруулах” гэсэн маш энгийн үйл явцтай. Харин үр дүнгээс нь жендерийн ялгаатай хандлагыг тодхоноо харж болно.

Эндээс л энэ бүхэн эхэлсэн

1983 онд социологич Дэвид Чамберсын 11 жилийн хугацаанд хийсэн судалгааны дүн нийтлэгдсэн юм. Тус судалгааг 1966-1977 оны хооронд АНУ болон Канад улсын 5,000 орчим хүүхдийн зурсан зураг дээр анализ хийн гаргасан байна. Чамберс судалгааныхаа явцад нэг зүйл өөр байгааг олж мэдсэн нь зурагт дүрслэгдсэн эрдэмтдийн бараг ихэнх нь эрэгтэй хүн байсан аж. 

Нийт туршилтад оролцсон хүүхдүүдийн 28 нь л эмэгтэй эрдэмтэн зурсан бөгөөд тэдгээр хүүхдүүд нь судалгаанд оролцогчдын нэг хувьд ч хүрээгүй байна. Хачирхалтай нь тэд бүгд дөрвөөс найман насны эмэгтэй хүүхдүүд байжээ. 

Үүнээс хойш шинжлэх ухааны салбарт хөл тавьсан эмэгтэйчүүдийн тоо урьд өмнө нь хэзээ ч байгаагүйгээр өссөн юм. Эрдэмтдийн талаарх хүүхдүүдийн ойлголт өөрчлөгдсөн байгаа нь “Northwestern” их сургуулийн докторант Дэвид Миллерийн гайхшралыг төрүүлсэн байна. 

 
This drawing is part of a study that looked at 5,000 children’s sketches of scientists from 1966 to 77. Image: Draw a Scientist Test (Chambers, 1983)/Wikipedia

Энэхүү зураг бол 1966-1977 оны хооронд хийгдсэн судалгаанд ашигласан 5,000 орчим хүүхдийн зурсан зургийн нэг нь. 

Эцгийн эрхт ертөнц байсаар л байх уу?

Тэрбээр шинэ судалгаагаараа 1985-2016 оны хооронд зурсан 20,000 хүүхдийн зураг дээр дүгнэлт хийснээр 50 жилийг хамарч чадах үр дүн гаргажээ. Сайн тал нь гэвэл цаг хугацаа өнгөрөхийн хэрээр арай олон тооны хүүхэд эмэгтэй эрдэмтэн зурж байгаа нь ажиглагдсан явдал юм. 

1985 онд дунджаар нийт судалгаанд оролцсон хүүхдүүдийн 22 хувь нь эмэгтэй эрдэмтэн зурсан бол 2016 онд энэ тоо 34 хувь хүртлээ өсчээ. 

Нийт судалгааны дүнгээс харвал дунджаар хүүхдүүдийн 28 хувь нь эмэгтэй эрдэмтдийг зурсан байна. Энэ нь эхний судалгаатай харьцуулахад маш өндөр үзүүлэлт юм. 

Хэдийгээр энэ нь бүхэлдээ эерэг тоо биш ч гэсэн хүүхдийн нас бага байх тусмаа эмэгтэй эрдэмтэн зурах хандлагатай байгаа бол нас нь өсөх тусам жендерээр ялгаварлах хандлага их байгаа нь ажиглагдсан. 

Тодруулбал, таваас зургаан насны хүүхдүүд эрдэмтдийн хүйсийг 50/50 харьцаатай зурсан бол найман настай хүүхдүүдийн ихэнх нь эрэгтэй эрдэмтэн зурах талтай байна. 

Охидууд охидуудыгаа л зурдаг

Хөвгүүдээс илүү охидууд эмэгтэй эрдэмтэд зурдаг байна. Дунджаар зургаан настай охидуудын 70-аад хувь нь эмэгтэй эрдэмтэн зурсан байдаг. 

Гэвч 10-11 настай хүүхдүүдийн хувьд энэ хандлага эсрэгээрээ байх шинж ажиглагдсан бол 16 настай охидуудын хувьд дунджаар 25 хувь нь л эмэгтэй эрдэмтэн зурсан байна.  

Хөвгүүдийн хувьд эрэгтэй эрдэмтэн зурах хандлага 6 настайд нь 83 хувьтай байсан бол 16 нас хүрэхэд энэ үзүүлэлт 98 хувь болтлоо өсчээ. 

Миллер үүнийг тайлбарлахдаа “Эрдэмтэн гэхээр л анги бүрт дүрслэгдсэн байдаг цагаан нөмрөгтэй, эрэгтэй хүн байх албагүй гэдгийг бага болон дунд сургуульд байхад нь багш, эцэг, эхчүүд хүүхдүүддээ таньж мэдүүлэх хэрэгтэй. Тэр үе бол хүүхдүүдийн бодол, санаа төлөвших шийдвэрлэх, хамгийн чухал үе” гэжээ.

Үүнээс дүгнэж хэлбэл, хүн төрөхдөө, бага балчиртаа одоогийн дэлхий даяарх асуудал болоод буй хүйсээр ялгаварлах хандлагатай төрдөггүй. Ялгаварлыг хүний нийгмийн тогтсон хандлага л бий болгож байна. Тэгэхээр бусдыг хүйсээс эхлэн янз бүрээр ялган гадуурхах хандлагыг өөрчлөхөд эцэг, эх, боловсролын байгууллагын үүрэг хамгийн их байгаа юм. Гэхдээ дэлхий ертөнцөд хүйсийн энэхүү ялгаа нь аажим аажмаар өөрчлөгдөж байгаа нь дээрх судалгаанаас нотлогдож байна. 

 

Эх сурвалж: Weforum.org