Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ли Көчянтай албан ёсны хэлэлцээ хийж, Ши Жиньпинд бараалхана"

А.Намуун, iKon.mn
2018 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гадаад Харилцааны яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийг ГХЯ- ны гадаад сурталчилгаа мэдээллийн газрын дарга Х.Мандахцэцэг танилцуулав.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ

БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяний урилгаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 8-12-ны өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийх гэж байна.

Энэ үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны хэлэлцээ хийж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу нарт бараалхана. Айлчлалын хүрээнд “Дэлхийн хөгжлийн төлөөх нээлттэй, шинэлэг Ази” сэдвийн дор зохион байгуулах Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтад оролцоно" гэв.

Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хуралдаан

Монгол, Туркийн Засгийн газар хоорондын эдийн засаг, худалдааны хамтарсан хорооны наймдугаар хуралдааныг өнгөрөгч сарын 20-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

 Хамтарсан хорооны хуралдааныг Монголын талаас Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Туркийн талаас Шадар сайд Хакан Чавушолу нар тус тус тэргүүлэн оролцсон. Талууд таван жилийн дараа зохион байгуулж байгаа Хамтарсан хорооны энэ удаагийн хуралдаанаар хоёр талын харилцааны асуудлууд, цаашдын хамтын ажиллагааны төлөв байдал, чиглэлийн талаар санал солилцсон.

Тухайлбал, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим Туркийн Гадаад эдийн засгийн харилцааны зөвлөл, Туркийн экспортлогчдын нийгэмлэг, Туркийн худалдааны танхимуудын холбоотой хөгжүүлж буй хамтын ажиллагааг идэвхжүүлж, бизнесийг дэмжих уулзалт, арга хэмжээг энэ онд зохион байгуулж, цаашид тогтмолжуулахаар тохирсон.

 Монгол, Казахстаны ЗГХК-ын хуралдаан

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэх, хоёр орны худалдаа, эдийн засаг болон бусад салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжих зорилгоор Худалдаа, эдийн засаг, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Казахстаны ЗГХК-ын 7 дугаар хуралдааныг гуравдугаар сарын 28-29-ний өдрүүдэд Казахстан Улсын нийслэл Астана хотноо зохион байгуулав. 

Монгол, Казахстаны ЗГХК-ын Монголын хэсгийн дарга, ХНХ-ын сайд С.Чинзориг тэргүүтэй төлөөлөгчид хуралдаанд оролцож, худалдаа, эдийн засаг, зам тээвэр, боловсрол, хөдөө аж ахуй зэрэг салбарын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэж, хуралдааны дүнгээр Протокол байгуулав. 

Хуралдаанд оролцох үеэрээ ХНХ-ын сайд С.Чинзориг Казахстаны Хөдөлмөр, хүн ам, нийгмийн хамгааллын сайд М.Е.Абылкасымова, Үндэсний эдийн засгийн дэд сайд С.М.Жумангаринтай хоёр талын уулзалт хийсэн ба Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Хөрөнгө Оруулалт, Хөгжлийн сайд Ж.М.Касымбеков болон Самрук казына сан, “Таукен Алтын” алт цэвэршүүлэх үйлдвэрийн удирдлагатай уулзаж, үйл ажиллагаатай нь танилцсан.

Монгол, БНСУ-ын Засгийн газар хоорондын хуралдаан

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны гуравдугаар хуралдаан Улаанбаатар хотноо гуравдугаар сарын 26-ны өдөр боллоо. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Засгийн газар хоорондын хамтарсан хорооны Монголын хэсгийн дарга Н.Цэрэнбат, БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд, хамтарсан хорооны Солонгосын хэсгийн дарга Жо Хен нар хуралдааныг тэргүүлэн оролцов.

Хамтарсан хорооны хуралдаанаар хоёр улсын “Иж бүрэн түншлэлийн харилцаа”-г гүнзгийрүүлэн бэхжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, зээл, тусламжийн төслүүдийн хэрэгжилтийг түргэтгэх асуудлыг хэлэлцсэн юм.

Ялангуяа, БНСУ-ын Засгийн газрын 500 сая ам.долларын зээлээр хэрэгжүүлэх Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах төслүүдийг тодорхойлох ажлын явц, хоёр орны иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөхтэй холбоотой асуудлуудаар санал солилцжээ.