Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

Засгийн газрыг унагаах схемийг хэн зохиов

Р.Саруул
2018 оны 4 сарын 3
MorninigNews.mn
Зураг зураг

Энэ юутай танил сценари вэ. Уншигч та бүхэн санаж буй бол 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн иргэн Г.Доржзодов “Намын санхүүжилт босгох схем” гэх “баримт” дэлгэж, дуулиан тарьсан билээ. Тэгвэл яг үүн шиг нэгэн схем өнгөрсөн амралтын өдрүүдэд цахим ертөнцөөр цацагдсан нь “ХҮКИЙН ХӨЛИЙГ ТАСДАХ” төлөвлөгөө байв. Цаасны өөдөс дээр бичигдсэн энэ бичвэрийг бодит үйл явдлын нотлох баримт гэхэд хэцүү ч ихээхэн сонирхол татам бүтэц, агуулгатай гэдгийг харсан хүн бүр ойлгосон биз ээ.

Ер нь сүүлийн үед цахим ертөнцөөр олон нийтийг талцуулж, улстөрчийг нэр цохон харлуулсан, худал гүтгэлгийн шинжтэй мэдээлэл гарах нь олширч, иргэдийг хагаралд өдөөн турхирах болсон. Уг нь эдгээр мэдээлэл ихэнхдээ тодорхой нэр, хаягтай бүртгэлээс цацагддаг. Гэвч эдгээрийн үнэн, мөнийг хууль хяналтын байгууллагынхан цаг алдалгүй шалгаж тогтоохгүй байгаа нь хачирхалтай. Хэрэв ийм мэдээллийг аль нэг хэвлэл мэдээллийн байгууллага анхлан дэлгэсэн бол цагдаагийн байгууллагаас дуудаж, дарамтлан, сэтгүүлчийг байцаах байсан.

Тэгвэл бүхэл бүтэн Засгийн газрын үйл ажиллагааг доголдуулж, хэсэг хүний нэр төрд халдсан, шууд гүтгэлгийн шинжтэй мэдээлэл тархаж байхад ЦЕГ-ын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн юу хийж байна вэ. Нийгэм даяар энэ мэт тархи угаах, бохир мэдээллээс болж талцсаар байх уу.

Ингээд асуудлын гол учиг руу эргэн оръё.

“ХҮКИЙН ХӨЛИЙГ ТАСДАХ” төлөвлөгөө

“ХҮКИЙН ХӨЛИЙГ ТАСДАХ” төлөвлөгөөний бүтцийг товчхон танилцуулъя. Мэдээж энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэх баг тодорхойгүй. Тиймээс багийг “X” гэж төлөөлүүлэн нэрлэвэл зохистой байх. Үүнээс гадна, Хүк гэдэг нь өнөөгийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх гэдгийг уншигчид маань тайлбарлуулалтгүйгээр мэдэх учиртай.

Нөгөөтээгүүр “ХҮКИЙН ХӨЛИЙГ ТАСДАХ” гэдэг нь шууд утгаараа У.Хүрэлсүхийн аль нэг хөлийг мэсийн аргаар тасална гэсэн утга биш байх гэж найднам. Тэгэхээр “хөлийг тасдах" буюу цаашид явах, урагшлах аргагүй болгож, нэг үгээр У.Хүрэлсүхийн Засгийн газрын үйл ажиллагааг таслан зогсоох гэж тайлан уншиж болохоор санагдав.

Иймд “X" багийн ажиллагааг, мөнөөх гараар бичигдсэн байдлаар нь задлаваас, нэн түрүүнд энэ операцыг саадгүй явуулах төсөв хөрөнгийг босгох шаардлагатай аж. Харин “Санхүү” хэмээх энэ хэсгийн дор “Чойжоо", “ХХБ-Худалдаа хөгжлийн банк” гэдэг хоёр нэр байсан ба доош нь “Хаалтын гэрээтэй ажиллах IKON, NEWS, шар сайтууд” гэхчлэн жагсаажээ. Хэвлэлүүдэд бичигдсэн тайллаас харахад, хамгийн эхэнд бичигдсэн хоёр нэр цэвэр санхүүгийн эх үүсвэр бол доош бичигдсэн нь олон нийтийн тархийг угаахад зориулагдсан бололтой.

Тэгвэл үүний дараа “Жагсаалын бэлтгэл” гэсэн хэсэг бичигдсэн дотор “Утаа ТББ”, Хүчирхийллийн эсрэг цуглааныг судлах, ашиглах гэсэн хоёр тодорхойлолтын дор “Магнайг з/б /зохион байгуулалтд оруулахгүй” гэж бичжээ.

Улмаар Хүрлээ, Нямдорж, Бандааш гэж тус бүр хэд хэдэн төлөвлөгөө агуулсан хоёр багана энэ схем дотор бий. Харин Хүрлээ гэдгийн дор “Хотгор шанага”, “С1, “Мэдээ.Мн”, “Ийгл Отгоо”, “Монгол HD Баатар, Баткатай ярих”, “Цензургүй-д Увсын АН-аас хүн авчрах” гэж бичсэн ба дор нь “М.Баясаа хариуцах” гэж тодорхойлсон байв. Харин Нямдорж гэх багана дотор “49 %”, “ХХБ-ны гэрээнүүдийг ашиглах”, “Стандарт банкны зодооныг ашиглах” гэсэн хэсгүүд багтжээ. Тэгвэл Бандааш гэх хэсэгт “Хүкийн хүн гэдгийг сошиалаар сэвэх”, “Сэтгэгдлээр нүдэх” гэжээ. Хамгийн гол нь эдгээр гурван баганыг нэгтгээд дор нь “Сэтгэгдлийн багийг тултал ажиллуулах” гэж бичсэн нь тун ч онцгой харагдаж байв.

Ингээд төлөвлөгөөний хамгийн дор “МАН дотроос дэмжлэг авах” гэсэн хэсэг бичигдсэн ба дотор нь Ж.Мөнхбат, Аварга гэх нэрс, мөн “Огцорсон ЗГ-аас элсүүлэх”, “дараагийн ЕС/Ерөнхий сайдын шуум тараах” гэжээ.

“ХҮКИЙН ХӨЛИЙГ ТАСДАХ” ажиллагааны операци ерөнхийдөө иймэрхүү бөгөөд үр дүнд нь төлөвлөгөөний дагуу “Засгийн газар унах” ёстой, эсвэл “Сангийн яамыг авах”, “Баталгаа гаргуулах” нөхцөл тулгагдах бололтой.

Монголын улстөрийн халуурал хийгээд солиорол

Хальт харахад галзуу хүний өдрийн тэмдэглэл гэмээр ийм нэгэн төлөвлөгөө цахим ертөнцөөр дамжин монголчуудад хүрлээ. Хэн, хэзээ, хаана ийм төлевлөгөө гаргаад яасхийгээд алдчихсан нь тодорхойгүй. Магадгүй үүнийг зохиосон этгээд хамтрагчидтайгаа санаа оноо нийлээгүйн улмаас уг схемийг ил гаргав уу гэх хардлага ч төрж байна. Өөрөөр хэлбэл, энэхүү асуудлыг “дараагийн” Доржзодов пүрэв гарагт эхлэх хаврын чуулганаар хэн хэн энэ схемийг зохиоход оролцсон бэ гэдгийг дэлгэж дуулиан тарьж ч мэдэх юм.

Хамгийн гол нь, сайтар уншаад үзвэл туйлын ноцтой утга, агуулгатай болох энэ төлөвлөгөөний цаад санаа, хүрэх үр дүн нь тэр чигтээ энэ Засгийн газрыг унагаахаар далайлган өөрсдийн болзлоо тулгах гэсэн улстөрийн хүчний ажиллагааны нэг хэсэг гэж ойлгогдож байна.

Нөгөөтээгүүр Г.Доржзодов гэгчийн дэлгэн гаргасан Санхүү босгох схем гээч нь тухайн үедээ нийгмийг бүхэлд нь хамарч, улстөрийн хамгийн халуун сэдэв болж байсан. Үүнээс болж олон ч хүн нэр төр, сэтгэл санаагаар хохирч, зарим нь олны уур бухимдлыг өөртөө авч, ажил албаа ч өгч байсан.

Гэтэл тун удалгүй энэ схемийг Г.Доржзодов хэмээх этгээд өөрийн биеэр боловсруулж, МАН-ын томчуудад танилцуулангаа тал олохоор хичээж байсан нь илэрсэн билээ. Харин нөгөөдүүл нь түүнийг дэмжээгүй, тоогоо ч үгүй болох нь цагийн явцад илчлэгдсэн. Гэвч Г.Доржзодов өөрийн зохиосон схемийг “баатарлагаар” ил гаргасан шигээ хариуцлага хүлээж чадаагүй. Харин ч Монголын хууль хүчнийхнийг элэг барьж, гадаад иргэний гэрт бүгэн, албан ёсны байцаалт өгөлгүй өнөөг хүрсэн.

Тиймээс шинээр гарч ирсэн энэ төлөвлөгөөг үнэн бодит гэж үнэмшихэд бас хэцүү. Өөрөөр хэлбэл, мөн л албан тушаал, тал тохой царайчилсан нэг этгээд бодож олсон санаагаа ийн эмх замбараагүйгээр цаасан дээр буулгаад улстөрийн томоохон хүчнийхэнд танилцуулсан байж болно. Улмаар дэмжлэг олохгүй болмогцоо ийнхүү нэр, зураггүй, хуурамч гэдэг нь илэрхий цахим хаягаар дамжуулж олон нийтэд хүргэнгээ, нийгэмд дараагийн сенсаацийг тарихыг оролдсон байж болохыг үгүйсгэхгүй.

Тиймээс хууль хяналтын байгууллагууд ингэж олныг талцуулж, нийгэмд хагарал үүсгээд буй этгээдүүдийг илчилж, зохих баримттайгаар тайлбар хийх цаг нэгэнт иржээ.

Зураг