Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлд шүлхийтэй мал оруулж ирсэн хүмүүст хариуцлага тооцох, “Хүчит шонхор” захыг хаах үүрэг өгөв

ikon.mn
2018 оны 4 сарын 2
iKon.MN
 

Нийслэлийн Онцгой комиссын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны талаар хэлэлцэв.

Иргэн Т нь өнгөрсөн жил хийсэн вакцинд хамрагдсан 9 үхрийг Төв аймаг руу шилжүүлэн тэндээс 9 үхэр авчирсан нь шүлхий өвчний голомттой байсан

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.СандагсүрэнСонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Хайрханы 10-202 тоотод оршин суугчийн суурьт малын гоц халдварт шүлхий өвчин илэрсэнтэй холбогдуулан Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн шинжилгээний дүн, нийслэлийн Мал эмнэлгийн газрын гуравдугаар сарын 28-ны зөвлөмж, Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн Засаг даргын хорио цээрийн дэглэм тогтоох тухай захирамж гарган ажиллаж байна. Тус бүсэд 40 гаруй өрхийн 133 иргэн амьдардаг. Нийтдээ 5 үхэрт шүлхийн ерөнхий шинж тэмдэг илэрсэн учраас нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдал болон бусад холбогдох албаныхныг байлцуулан устгалд оруулсан.

 
Гэрэл зургийг mpa.mn

Тухайн бүсээс мал амьтан гаргахгүйгээр хорио цээрийн дэглэм тогтоож, шаардагдах төсвийг дүүргийн Засаг даргын зүгээс шийдвэрлэн одоогийн байдлаар 69 хүн 45 техниктэйгээр ажиллаж байна.

Иргэн Т нь өнгөрсөн жил хийсэн вакцинд хамрагдсан 9 үхрийг Төв аймаг руу шилжүүлэн тэндээс 9 үхэр авчирсан нь шүлхий өвчний голомттой байсан бөгөөд үүнийгээ нуун дарагдуулсан хэргээр холбогдох байгууллагад шалгагдаж байгаа” хэмээлээ.

Нийслэлийн Онцгой комиссын гишүүн нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга М.Адилбиш “Тухайн голомтын буюу сэжигтэй болоод хязгаарлалтын бүсэд байгаа бүх малыг вакцинжуулсан. Хорио цээрийн дэглэм тогтоосон бүсэд ариутгал халдваргүйтлын арга хэмжээ аваад байна. Хорио цээрийн дэглэмтэй хугацаанд тус газарт 3 удаагийн ариутгал халдваргүйтгэл угаалгын арга хэмжээ авна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Шүлхий өвчний эсрэг вакцинжуулалтын түвшинг өсгөх товлолт вакцин ирэх сарын 1-нээс хийгдэж эхэлнэ. Энэ сарын 17-нд ОХУ-аас вакцин ирнэ. Вакцинжуулалтыг хугацаанд нь эхлүүлэхээр ажиллаж байна” гэв.

Шүлхийтэй мал оруулж ирсэн иргэн, албан тушаалтанд хариуцлага тооцно

Хурлын төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нийслэлийн Онцгой комиссын гишүүдэд үүрэг өглөө.

Шүлхийтэй мал тээвэрлэн оруулж ирсэн, хариуцлага алдсан иргэн, албан тушаалтнуудыг тогтоохоор нийслэлийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар ажиллаж байгаа. Шалгалтын хариуг ажлын тав хоногт гарган танилцуулж, хариуцлага алдсан иргэн болон албан тушаалтанд хатуу хариуцлага тооцохыг Нийслэлийн Засаг дарга үүрэг болголоо.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд олон иргэн, аж ахуйн нэгж зөвшөөрөлгүйгээр мал болон гахайн аж ахуй эрхэлж байгаа аж. Эдгээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хянах, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудыг цэгцлэхийг тус дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнд үүрэг болгов. Бусад дүүргийн удирдлагуудад ч өөрсдийн нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа явуулж буй мал болон гахайн аж ахуй эрхлэгчдэд тавих хяналтаа сайжруулахыг энэ үеэр мөн анхаарууллаа.

Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх захирамжийг хотын дарга өнгөрсөн онд гаргасан. Уг захирамжийн хэрэгжилтийг хангах үүднээс мал бүхий иргэдийг суурьшуулах газар, худаг ус, цахилгаанд холбоход шаардагдах хөрөнгийг Нийслэлийн удирдлагууд өнгөрсөн сард бүрэн шийдвэрлэсэн байна. Тиймээс мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд байгаа малыг энэ оны тавдугаар сарын 1-н гэхэд нүүлгэн шилжүүлэхийг үүрэг болголоо.

“Нийслэлийн онцгой комиссын гишүүдэд албан тушаал, эрх мэдэл, унаа тэрэг бүгд бэлэн байгаа. Тиймээс шүлхий гарсны дараа сандрахаас өмнө урьдчилан сэргийлэхэд анхаарах хэрэгтэй байна. Энэ бол 1.3 сая гаруй иргэний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Тиймээс энэ оны тавдугаар сарын 1-н гэхэд нийслэлийн хориглосон бүсэд байгаа малыг нүүлгэн шилжүүлээгүй бол Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн МХГ, Мал эмнэлгийн газар, ОБГ-ын удирдлагууд бүгд хариуцлага хүлээх болно” гэдгийг хотын дарга онцгойлон анхаарууллаа.

“Хүчит шонхор” захыг энэ онд багтаан хаахыг үүрэг болгов
 

Түүнчлэн хотын дарга нийслэлд малын гаралтай бүтээгдэхүүн ил задгай борлуулдаг захуудыг цэгцлэх, “Хүчит шонхор” захыг хаах ажлыг энэ онд багтаан зохион байгуулахыг үүрэг болгов. Нийслэлийнхээ хойморт малын гаралтай бүтээгдэхүүн ил задгай борлуулаад сууж болохгүй. Бид хэдий болтол иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлаар дэнчин тавьж суух вэ.

Цаашид Улаанбаатар хотын хоёр захад мал, малын гаралтай бүтээгдэхүүн борлуулах орчин үеийн стандартын шаардлага хангасан зах байгуулах болно гэв. Үйлдвэрийн бус аргаар боловсруулсан махыг цэцэрлэг, сургууль, эрүүл мэндийн зэрэг байгууллагад нийлүүлэхгүй байх, улмаар 2020 он гэхэд үйлдвэрийн аргаар боловсруулаагүй махыг боловсрол, эрүүл мэндийн байгууллага, нийтийн хоолны газар нийлүүлэхийг хориглох аж.

Түүнчлэн аймгуудаас Улаанбаатар хотод нэвтэрдэг албан бус буюу хулгайн замыг хаах, байнгын эргүүл, пост ажиллуулах санал боловсруулах, энэ оны наймдугаар сарын 1-н гэхэд орчин үеийн стандартын шаардлага хангасан ариутгал, халдваргүйжүүлэлтийн цэг байгуулахыг мөн үүрэг болгов гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.