Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Ч.Сайханбилэг одоогоор гадаад улсад байгаа. Түүнд прокурорын дуудах хуудсыг хүргүүлсэн"

Г.Номин, iKon.mn
2018 оны 4 сарын 2
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Авлигатай Тэмцэх Газраас өчигдөр төрийн өндөр албан тушаал хашиж байсан дөрвөн хүнийг баривчилсан. Энэ талаар АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалагаас тодрууллаа.

- Нэр бүхий дөрвөн хүнийг яг ямар шалтгаанаар баривчилсан бэ?

- АТГ-аас Оюу толгойн төсөлтэй холбогдох гэрээ мөн эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргасан, үүгээрээ бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх хэрэгт холбогдуулан 2008-2012 онд Сангийн сайд, 2014-2016 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан С.Баярцогт, 2014-2015 онд Татварын Ерөнхий Газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан, 2015-2016 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарыг нэмж шалгаж эхлээд байна. 

Түүнчлэн "Стандарт банк"-аас "Жаст" компани зээл авахад Эрдэнэт үйлдвэр баталгаа гаргасантай холбогдуулж тухайн үед Эрдэнэт үйлдвэрийн Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан н.Амарбатыг энэ хэрэгт нэмж шалгах үндэслэл гарсан учраас 2018 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр сэжигтнээр баривчилсан энэ хэргийн мөрдөн шалгах ажил үргэлжилж байна. 

Нэр дурдсан хүмүүсийг 2018 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр сэжигтнээр баривчилсан. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэн хийгдэж байна. 

- Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэгийг баривчлах уу?

- Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг одоогоор гадаад улсад байгаа. Түүнд прокурорын дуудах хуудсыг хүргүүлсэн. Эх орондоо ирсэн үед нь энэ хэрэгт холбогдуулан байцаалт авна. 

- Аль гэрээтэй холбогдуулан нэр бүхий хүмүүсийг баривчилсан бэ?

- 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ,  2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө гээд бүх гэрээ, төлөвлөгөөг шалгаж байгаа.

Цаашид С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан нарыг яллагдагчаар цагдан хорих шаардлагатай гэж АТГ-аас үзэж байгаа. Яллагдагчаар татах хүсэлтээ Нийслэлийн прокурорт хүргүүлсэн. Үргэлжлүүлэн цагдан хорих саналыг мөн шүүхэд хүргүүлнэ. 

Мөрдөн шалгах ажиллагааны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Энэ мэдээллийг прокурорын зөвшөөрөгдсөн хэмжээнд хүргэж байна.

-Яагаад амралтын өдөр баривчилсан юм бэ? Хууль зөрчөөд байгаа юм биш үү?

-Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа нь ажлын өдөр, амралтын өдөр гэж ялгадаггүй, тасралтгүй үргэлжилдэг онцлогтой. АТГ-ын ажлын хэсэг, мөрдөгч нар цаг сунгаж хагас, бүтэн сайн өдөр ч ажиллаж байгаа. Байцаан шийтгэх ажиллагааны журамд цагаар ялгахаас өдрөөр ялгадаггүй. Тиймээс энэ бол хууль зөрчөөгүй, хууль журмын дагуу хийгдэж байгаа ажил.