Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Дагвасүрэн: Чингүнжав, Сөүл, Баруун сэлбийн гудамжинд 17-20 хоног зам хаана

Т.Саран, iKon.mn
2018 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Авто Замын Хөгжлийн Газраас 2018 оны авто замын бүтээн байгуулалтын ажлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Гэр хорооллыг холбосон 11 зам барина

Нийслэлийн Авто Замын Хөгжлийн Газрын дарга Ж.Тогтохбаяр "2018 онд нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 24 төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ. Мөн гадны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд дөрвөн гүүрийн бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ.

Эдгээр ажил нь дөрөвдүгээр сарын 5-наас 15-ны хооронд эхэлнэ. Орон сууцны хороолол дунд дөрвөн холбох замыг хийж зам барина. Харин гэр хорооллыг холбосон 11 зам барина. Яармагийн замын ажлыг энэ оны 11 дүгээр сарын 30-нд дуусгана. Сонсголон, Туулын гүүрийн ажил дөрөвдүгээр сарын 05-наас эхэлнэ.

Замын цагдаагийн гүүрэн гарцын ажлыг дөрөвдүгээр сарын 15-нд эхлүүлэхээр төлөвлөөд байна. Дулааны болон дэд бүтцийн 100 гаруй ажил нийслэлд хийгдэнэ. Замын цагдаагийн гүүрэн гарцтай холбоотойгоор найман байршилд түр зам гаргаж байгаа" гэлээ. 

Зуун айлын уулзвараас Тасганы овооны уулзвар хүртэлх нэгдүгээр эгнээ түр хэсэгчлэн хаагдана

 
Гэрэл зургийг mpa.mn

УСУГ-ын ерөнхий инженер Ж.Дагвасүрэн "Ус Сувгийн Удирдах Газар 2018 оны төлөвлөгөөнд 13 ажлыг төлөвлөсөн. Автозамын нөхөн сэргээлт болоод автозамын хөдөлгөөнтэй холбоотой ажлууд бий. Үүнээс онцгойлж хэлвэл 3.5 километр урттай цэвэр усны шугам доторлогооны ажлын төсөл тавдугаар сараас хийгдэнэ.

Баянгол Дүүргийн 19-р хороо Чингүнжавын гудамж, СБД-ийн 1,4,5-р хороо Сөүлийн гудамж, Чингэлтэй дүүргийн 3-р хороо буюу Баруун сэлбийн гудамж зэрэг дээр 17-20 хоногийн хугацаанд автозамууд хаагдаж, өргөтгөл, шинэчлэлийн ажил хийгдэх юм. 17-20 хоногийн хугацаанд хэсэгчлэн зам хаана.

Шугам сүлжээ засварын ажлыг хийснээр ундны усны чанарын асуудал өндөр түвшинд очно гэж тооцоолж байгаа. 

Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд цэвэр бохир усны төслийн ажил байгаа. Үүний хүрээнд Зуун айлын уулзвараас Тасганы овооны уулзвар хүртэлх нэгдүгээр эгнээ түр хэсэгчлэн хаагдана. Уг ажил энэ оны тавдугаар сарын 01-нээс эхлээд есдүгээр сарын 1 гэхэд бүрэн хийгдэж дуусна. 

13 байршилд гүүрэн болон нүхэн гарцыг төлөвлөсөн

Нийслэлийн Хот Төлөвлөлт Ерөнхий Төлөвлөгөөний Газрын орлогч дарга Ц.Тулга "Нийслэлийн хэмжээнд 2018 онд инженерийн дэд бүтцийн засвар шинэчлэлийн 118 ажил хийгдэнэ. Үүнээс дулааны шугамын 32 ажил, ус хангамжийн 15, ариутгах татварын 11, харилцаа холбооны 41, үерийн далан суваг ус зайлуулах системийн 19 ажил хийгдэх юм.

Эдгээр ажил хийгдэх үеэр автозамын зорчих хэсгүүд хэсэгчлэн түр хугацаагаар хаагдана. Нийслэлийг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд төмөр зам дээгүүр 13 байршил дээр гүүрэн болон нүхэн гарцыг төлөвлөсөн байдаг.

Мөн олон давхар зам гүүрийн 17 ажил төлөвлөгөөнд тусгагдсан. Үүний эхний ажил нь Зүүн дөрвөн зам, болон Замын цагдаагийн гүүрэн гарцын ажил байгаа" гэлээ.