Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Энхтайван: Монгол Улс экспортын зээлийн агентлагтай болно

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 4 сарын 2
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банктай хамтран уул уурхайн бус салбарын ЖДҮ эрхлэгчдийн экспортын чадавхийг бэхжүүлэх болон экспортын зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэх зорилготой төсөл хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн нь “Экспортыг дэмжих төсөл” юм. Уг төслийн хүрээнд экспортлогчдыг санхүүгийн эрсдэлээс хамгаалах зорилготой “Худалдааны зээлийн даатгал” хэмээх шинэ үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх ажлыг “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн Экспортын даатгалын газар хариуцан ажиллаж байгаа юм байна. Ингээд уншигч та бүхэнд энэхүү даатгалын талаар холбогдох мэдээллийг хүргэх үүднээс “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Энхтайвантай хийсэн ярилцлагыг толилуулъя.


- Ярилцлагынхаа эхэнд уншигчдадаа сонирхуулж өөрийн байгууллагын талаар товч танилцуулахгүй юу?
- “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК нь 2014 онд Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс Засгийн газрын 280 дугаар тогтоолоор байгуулагдсан, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа цорын ганц бөгөөд анхны давхар даатгалын компани юм.

Одоогоор Малын индексжүүлсэн даатгал, тариалангийн даатгал болон бусад хэлбэрийн давхар даатгал хийдэг. 2017 онд Монгол улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон Улсын Хөгжлийн Ассоциаци хооронд байгуулсан Санхүүжилтийн хэлэлцээрийн дагуу хэрэгжиж буй Экспортыг дэмжих төслийн нэгдүгээр бүрэлдэхүүн хэсэг болох экспортын санхүүгийн бүтээгдэхүүн гаргах, экспортын даатгалын охин компани байгуулахаар зорин ажиллаж байна.

- Сүүлийн үед экспортыг солонгоруулах талаар эдийн засагчдын дунд их ярих болсон. Энэ хүрээнд хийгдэж буй ажил бол Экспортыг дэмжих төсөл гэж ойлгож байна. Төслийн тухай уншигчдадаа сонирхуулбал?
- Экспортыг дэмжих төсөл нь 2017 оны гуравдугаар сард нээлтээ хийсэн, Дэлхийн Банкны Олон Улсын Хөгжлийн Ассоциацийн 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгаа, 4.5 жилийн хугацаанд үргэлжлэх төсөл юм.
Уг төсөл нь уул уурхайн бус салбарын жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн экспортын чадавхыг бэхжүүлэх, гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах боломжийг нэмэгдүүлэх зорилготой. Бүтцийн хувьд экспортын шинэ төрлийн санхүүгийн бүтээгдэхүүн хөгжүүлэх, экспортын өрсөлдөөнийг дэмжих, төслийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх гэсэн гурван бүрэлдэхүүн хэсэгтэй бөгөөд энэ хүрээнд холбогдох ажлуудыг хийнэ. “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК нь “Худалдааны зээлийн даатгал” хэмээх санхүүгийн шинэ үйлчилгээг Монголынхоо экспортлогчдод хүргэх үүргийг хүлээн ажиллаж байгаа нь бидний хувьд итгэл хүлээсэн, хариуцлагатай ажил болж байна.

- “Худалдааны зээлийн даатгал”- ын бүтээгдэхүүнийг хийж, хүмүүст хүргэх ажлыг танай компани хариуцаж байгаа гэж хэллээ. Энэ нь ямар бүтээгдэхүүн болох талаар манай уншигчдад мэдээлэл хүргэхгүй юу?
- Уг даатгалыг товчхондоо бараа, үйлчилгээ экспортолж буй аж ахуй нэгжийг бараагаа борлуулсны дараа худалдан авагчаасаа төлбөрөө авч чадахгүй болох эрсдэлээс хамгаалдаг даатгал гэж ойлгож болно. Олон улсад худалдааны зээлийн даатгал гэж нэрлэдэг. Мөн экспортын зээлийн даатгал ч гэдэг.

- Энэ даатгалын талаар анх удаа сонсож байна. Монголд уг төслийг хэрэгжүүлж, экспортын даатгалыг хийх болсон шалтгаан юу вэ?
- Ер нь улс орнууд өрсөлдөх чадвараа дээшлүүлэх, эдийн засгаа төрөлжүүлэх, үйлдвэрлэлийг дэмжих үүднээс экспортоо бодлогоор дэмждэг. Эдийн засгаа хүнд нөхцөл байдлаас гаргахын тулд нэн тэргүүнд экспортын салбараа дэмжиж, түүгээр дамжуулан нийт эдийн засгаа хөл дээр нь босгосон олон улс орон байна. Өнөөдөр дэлхийд хөгжингүй гэгдэж буй орнууд бүгд дэлхий дахины бараа, үйлчилгээг нийлүүлэгч орнууд байгаагаас үүнийг харж болно.

Манай улсад уул уурхайн бус экспортын салбаруудад анхаарч, бодлогоор хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Нийт экспортын орлогын 87 хувийг дан ганц уул уурхайн салбараас бүрдүүлж, экспортын бүтээгдэхүүний 85 хувийг БНХАУ- руу гаргадаг. Нэг үгээр манай улсын экспортын салбар ганцхан олсноос зүүгдээстэй байна гэж хэлж болно. Ийм үед уул уурхайн бүтээгдэхүүний үнийн хэлбэлзэл нь Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг эмзэг, өрсөлдөх чадвар сул, хямралд өртөх эрсдэлтэй болгож байгаа юм.

Нөгөөтэйгүүр, Монгол Улс далайд гарцгүй, хоёр их гүрний дунд хашигдсан, дэд бүтцийн хөгжил, экспортын төрөлжилт тааруу, түүхий эд давамгайлж байгаа зэрэг нь экспортын барааны өрсөлдөх чадварыг бууруулж, экспортын салбарын хөгжилд сөргөөр нөлөөлж байгаа. Бидний өмнө энэ салбарт тулгамдаад буй асуудлуудаа шийдэхэд зайлшгүй хийх шаардлагатай олон ажил байгаагийн нэг нь уг төслийн хүрээнд зах зээлд нэвтрүүлэх гэж буй экспортын даатгал юм.

- Экспортын зээлийн даатгалыг хийж эхэлснээр ямар ач холбогдолтой вэ?
- Нэгдүгээрт экспортлогчдын орлогыг баталгаажуулж, дэлхийн зах зээлд итгэлтэй, зоригтой ажиллах нөхцлийг бүрдүүлнэ. Ингэснээр худалдан авагчийн найдваргүй байдлаас болж дампуурах вий гэсэн айдас алга болж, шинэ зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулж, экспортоо нэмэгдүүлэн, үйлдвэрлэлийнхээ цар хүрээг өргөтгөх боломж нээгдэнэ. Үйлдвэрлэл өргөжихийн хэрээр шинэ ажлын байр нэмэгдэж, ажилгүйдэл бууран, хүмүүсийн амьжиргаа сайжрах, эдийн засгийн хүртээмжтэй өсөлт бий болж, гадаад худалдааны ашиг нэмэгдэх ач холбогдолтой.

Өнөөдөр манай арилжааны банкууд зээлийн болон хадгаламжийн үйлчилгээ үзүүлдэг ч худалдааны санхүүжилтийн үйлчилгээ нь хүрэлцээтэй биш байдаг, санхүү- жилтийн зээл олголоо ч өндөр хүүтэй, барьцаа хөрөнгө шаарддаг. Энэ нь манай экспортлогчдод зээл авч, шаардлагатай түүхий эд, ажлын хөлсийн зардлыг төлөх, худалдан авагчийнхаа захиалсан барааг цаг тухайд нь үйлдвэрлэхэд нэг ёсны хязгаарлалт болж байна л даа. Олон улсад бол экспортлогчид банкнаас эргэлтийн хөрөнгийн зээл авахдаа экспортын зээлийн даатгалын гэрээгээ барьцаанд тавьдаг. Ингэснээр санхүүгийн асуудлаа шийдэж, худалдан авагчид бараагаа нийлүүлэх боломжтой болдог.

Хоёрдугаарт, улс орны эрх ашгийн хувьд Экспортын зээлийн даатгал нь уул уурхайн салбар хэт давамгайлж, урд хөршийнхөө эрэлт хэрэгцээ, зах зээлээс хэт хамааралтай болсон экспортын салбарын эмзэг байдлыг бууруулж, эдийн засгаа солонгоруулахад ихээхэн үүрэг гүйцэтгэх юм.

- Та экспортын зээлийн даатгалыг эдийн засгаа солонгоруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж хэллээ. Үүний талаар илүү дэлгэрэнгүй ярихгүй юу?
- Манай улс бол хөдөө аж ахуйн орон. Байгаль, цаг уурын өвөрмөц тогтоцтой учраас энэ давуу талаа ашиглаж дан ганц уул уурхай бус ноос ноолууран бүтээгдэхүүн, ор- ганик мах, чацаргана, эмчилгээний чанартай гоо сайхны болон хүнсний бүтээгдэхүүнүүд гээд олон нэр төрлийн барааг экспортлох, төрөл- жилтийг бий болгох бүрэн боломж байна.

Гэхдээ бэрхшээл ч бий. Даатгалын бүтээгдэхүүнээ боловсруулах судалгааны үеэр бид цөөнгүй жижиг дунд үйлдвэр эрхлэгч аж ахуй нэгжтэй уулзаж, ярилцсан. Бараагаа экспортод гаргая гэхэд олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, холбогдох чанарын болон бусад сертификат авах, найдвартай зах зээл, худалдан авагчаа олох, худалдан авагчаасаа төлбөрөө найдвартай хүлээн авах тал дээр бэрхшээл тулгардаг тухай тэд ярьж байсан.

Өнөөгийн байдлаар манай экспортын баримжаатай томоохон салбар гэгддэг ноос ноолуурын салбарын хувьд нийт экспортын 85 хувь нь угаасан болон самнасан хэлбэрээр гарч, ердөө 15 хувь нь нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болж худалдаалагдаж байгаа юм.

Уул уурхайн салбар нийт экспортын 87 хувийг эзэлж байгаа ч нийт ажиллах хүчний ердөө дөрвөн хувь нь энэ салбарт ажилладаг. Харин эсрэгээрээ, хөдөө аж ахуйн салбарт нийт ажиллах хүчний 30 хувь ажиллаж, хүн амын бараг тал хувийн амьжиргаа, орлогын эх үүсвэрийг бүрдүүлж байна шүү дээ. Тиймээс ажил эрхлэлтийг дэмжье гэвэл хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэл, уул уурхайн бус бусад салбарыг дэмжих нь зүйтэй.

Хэчнээн байгалийн баялагтай ч уул уурхайдаа хэт их төвлөрч, гадаад худалдаагаа өрөөсгөл маягаар хөгжүүлбэл Голланд өвчин тусах эрсдэлтэйг манай улсад дэлхийн олон судлаач эрдэмтэд болон олон улсын гашуун туршлага сануулдаг.

Байгалийн баялгаа шууд гаргах бус экспортоо төрөлжүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нь манай улсын эдийн засгийн хөгжлийн нэгээхэн гарц болно гэж харж байна.

- Энэ даатгалд хамрагдсанаар манай экспортлогчид ямар, ямар эрсдэлээс хамгаалагдах вэ?
- Экспортын зээлийн даатгал нь арилжааны болон улс төрийн эрсдэлээс хамгаалдаг. Арилжааны гэдэгт худалдан авагчтай холбоотой буюу түүний дампуурах, төлбөрийн чадваргүй болох, төлбөрөө хугацаанд нь төлж чадахгүй удаашруулах, татан буугдах, төлбөр төлөхөөс татгалзах гэх мэт эрсдэл, улс төрийн гэдэгт ерөнхийдөө хүлээн авагч улсын улс төр, эдийн засгийн байдал, бодлогоос шалтгаалсан эрсдэл буюу дайн, бослого, терроризм, үймээн самуун, хувьсгал гэх мэт эрсдэлийг хамруулдаг юм.

Түүнчлэн экспорт, импортын бодлого, зохицуулалтад гарсан өөрчлөлт, хүлээн авагч улсын валют хөрвөх чадваргүй болох зэрэг эрсдэлээс болж экспортлогч төлбөрөө авч чадахгүй болох эрсдэлийг даатгах нь бий. Олон улсын практикт нэг жил хүртэл буюу богино хугацааны даатгалд нийт гарсан хохирлын 85 хүртэл хувийн даатгалын хамгаалалт санал болгодог.

- Олон улсад экспортын даатгал хэр танигдсан байдаг юм бол?
- Олон улсын худалдаа нь дэлхийн эдийн засгийн тогтвортой хөгжилд маш их нөлөөтэй. Эдийн засгийн хямралын үеэр болон түүний дараа дэлхийн эдийн засгийг сэргээж, өрийн дарамтаас гарахад олон улсын худалдаа өндөр үүрэг гүйцэтгэдэг. Энэ утгаараа бараа худалдааг эрсдэлээс хамгаалах үүрэгтэй Экспортын даатгал нь олон улсад шинэ ойлголт биш. Бүр XIX зуунд үүссэн байдаг юм.

Экспортын зээлийн даатгалыг олон улсад экспорт импортын банк буюу эксим банкууд, Засгийн газрын бодлогоор экспортыг хөгжүүлж санхүүжүүлэх зорилготой экспортын зээлийн агентлагууд болон хувийн даатгалын компаниуд хийж ирсэн.

- Экспортын зээлийн агентлаг гэдэг нь?
- Экспортын зээлийн агентлагуудыг эдийн засгаа сэргээх, хүн амаа орлогожуулах, ажил эрхлэлтийг дэмжих зорилгоор төрийн бодлогоор байгуулдаг. Тухайлбал, Канад улсад 1944 онд дайны үеэр хямарсан улсынхаа эдийн засгийг сэргээж, экспортоо нэмэгдүүлэх зорилгоор Экспортын зээлийн даатгалын тухай хуулийг батлан, Экспортын зээлийн даатгалын корпорацийг байгуулж, одоог хүртэл хөгжүүлсэн нь өнөөгийн EDC буюу Канадын экспортын зээлийн агентлаг. Энэ байгууллага нь өнөөдөр экспортын санхүүжилт олгож, экспортын зээлийн даатгалыг хийгээд зогсохгүй Канадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, экспортын салбарыг хөгжүүлдэг, улсынхаа эдийн засагт нөлөө бүхий байгууллагуудын нэг болсон.

Экспортын зээлийн агентлаг нь Төрийн өмчийн агентлаг учраас Засгийн газраараа дамжуулан чухал шаардлагатай төрийн байгууллагуудтай нягт уялдаа холбоотой ажилладаг. Дани улс гэхэд Экспортын зээлийн агентлагаа төр нь батлан даадаг. Тэр агентлаг нь гадаад, дотоод зах зээл дээр улсынхаа экспортын бодлогыг хэрэгжүүлэх, төлөөлөх үүрэг гүйцэтгээд явж байх жишээтэй. Өөрөөр хэлбэл даатгалын нөхөн төлбөрөө экспортлогчид өгөхөд хөрөнгө нь хүрэлцэхгүй болсон ч төрөөс батлан даасан учраас экспортлогч хамгаалагдсан, нөхөн төлбөрөө найдвартай авна гэсэн үг. Ер нь Экспортын зээлийн агентлагууд бол экспортыг хөгжүүлж, эдийн засгийн бодлогоо хэрэгжүүлэх Засгийн газрын өмчийн байгууллага тул хөгжлийнхөө эхэн үед төрөөс батлан даалттай байх нь элбэг л дээ.

Үүний зэрэгцээ Экспортын зээлийн агентлагууд даатгуулагчийн өмнө хүлээсэн хариуцлагаа найдвартай биелүүлэхийн тулд давхар даатгуулж, ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг, сайн туршлагатай байгууллагуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлдэг. Түүнчлэн цаашид тогтвортой үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, хөгжүүлэхэд хууль эрх зүйн орчин бүрдүүлж өгөх нь ихээхэн чухал.

- Манай улсад экспортын даатгалыг хэрхэн хөгжүүлэхээр төлөвлөж байгаа вэ?
- Манай компани олон улсын шилдэг мэргэшсэн зөвлөх, судлаачидтай хамтран уул уурхайн бус салбарын жижиг дунд үйлдвэр эрхлэгч аж ахуй нэгжүүдийн төлөөлөлтэй уулзалтууд зохион байгуулж, зах зээлийн судалгаа хийсэн.

Ийнхүү бид экспортын даатгал хийхэд тохиромжтой хувилбарыг судлахад төрийн өмчийн бие даасан, нээлттэй үйл ажиллагаатай Экспортын зээлийн агентлаг байгуулах нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрч, холбогдох ажлуудыг хийж эхлээд байна.

Экспортын зээлийн даатгал нь ерөнхийдөө тээвэрлэлтээс өмнөх болон тээвэрлэлтийн дараах гэсэн хоёр төрөлтэй байдаг. Манайд ч энэ жишгээр хоёр төрлийн экспортын даатгалын бүтээгдэхүүнийг эхний ээлжинд хийх юм. Тээвэрлэлтээс өмнөх гэхээр худалдан авагч бараагаа захиалаад, захиалсан барааг нь үйлдвэрлэхэд шаардлагатай эргэлтийн хөрөнгийн зээл авахад дэмжлэг үзүүлэх, тээвэрлэлтийн дараах гэдэгт худалдан авагчид бараагаа нийлүүлээд, дараа нь төлбөрөө авч чадахгүй байх эрсдэлээс хамгаалах даатгал орно гэж ойлгож болно.

- Тэгвэл Экспортын зээлийн агентлаг нь эрсдэлээс хамгаалах даатгалын үйлчилгээг үзүүлэх төдийгүй санхүүжилтийн нэгээхэн хөшүүрэг болж таарах нь ээ дээ?
- Тэгж ойлгож болно. Түүнээс гадна экспортлогчдод худалдан авагчаа олоход нь тусалж, найдвартай эсэх талаар нь мэдээлэл өгөх үйлчилгээг ч олон улсын практикт үзүүлэх нь бий.

- Хэзээнээс даатгалын үйлчилгээгээ хүмүүст хүргэж эхлэх вэ?
- Бид 2019 оноос бүтээгдэхүүнээ бэлэн болгоод хэрэглэгчдэдээ хүргэхээр зорьж ажиллаж байна. Даатгалаа бэлэн болмогц хүмүүст хэрхэн хамрагдах талаар мэдээлэл хүргэх болно. Үүнээс өмнө хэд хэдэн чухал ажил хийх хэрэгтэйн нэг нь уг даатгалын үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай эрх зүйн орчинг бүрдүүлэх юм. Өнөөгийн хууль эрх зүйн орчинд судалгаа хийж үзэхэд худалдааны зээлийн даатгалын харилцааг зохицуулах эрх зүйн акт байхгүй байна. Хэрвээ энэ даатгалаа урт хугацаанд, амжилттай үргэлжлүүлж, ач тусыг нь хүртэн, хөгжүүлье гэвэл үүнд зайлшгүй анхаарах хэрэгтэй. Экспортын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа болон эрхлэхийг зорьж буй ААН-үүдийн үйл ажиллагааг дэмжсэн экспортын зээлийн агентлагийг үйл ажиллагаа эрхлэхэд зохих эрх зүйн орчин шаардлагатай байна.

 

- Ярилцлагын төгсгөлд Экспортыг дэмжих төсөл, тэр дундаа Экспортын зээлийн даатгалыг хэрэгжүүлэх нь төрийн бодлоготой хэрхэн уялдаж байгаа талаар дурьдахгүй юу?
- Төрийн бодлогын тухайд Экспортыг дэмжих төслийн зорилго нь Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Гадаад бодлогын үзэл баримтлал, Экспортыг дэмжих үндэсний хөтөлбөр болон Монгол Улсын Их Хурлаас баталсан Эдийн засгийг сэргээх хөтөлбөртэй нийцэж байгаа.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.