Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

Филиппин гэрийн үйлчлэгчийн амийг хөнөөсөн хосуудад Кувейтийн шүүх цаазын ял оноолоо

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Гэрт нь ажиллаж байсан Филиппин гэрийн үйлчлэгчийн амийг хөнөөсөн Ливан эр болон түүний эхнэр Сири эмэгтэй нарт дүүжилж хороох ялыг Кувейтийн шүүхээс Ням гарагт оноожээ.

Энэ оны эхээр 29 настай Жоанна Демафелис гэгч филиппин эмэгтэйн цогцос Кувейт дэх орон сууцны хөргөгчнөөс олдож байв. Уг хүн амины хэрэг Кувейт-Филиппин улсуудын хооронд дипломат маргаан үүсгэж, Манилагийн эрх баригчид Кувейт руу хөлсний ажилчид гаргахыг хориглож байжээ.

Аллагыг үйлдсэн Ливан-Сирийн хос хоёрдугаар сард Сирийн нийслэл Дамаск хотоос Интерполын эрэн сурвалжлах ажиллагааны хүрээнд баригдсан юм.

Сирийн эрх баригчид өрхийн тэргүүн Надер Эссам Ассафыг Ливанд шилжүүлж, эхнэрийг нь Дамаск хотод хорионд үлдээсэн байна.

Тэднийг удахгүй Кувейтэд шилжүүлж өгөх гэнэ. Гэхдээ цаазын ялыг давж заалдах эрх тэдэнд байгаа юм.

Ар гэртээ мөнгө илгээх зорилгоор 252,000 филиппин хүн Кувейтэд ажилладаг. Дээрх аллагын дараа хүний эрхийн байгууллагууд Арабын орнуудад ажилладаг хөлсний ажилчдын асуудлыг сөхөх болсон юм.

Арабын орнуудад хөлсний ажилчдын хөдөлмөр эрхлэлтийг “кафала” хэмээх системээр зохицуулдаг. Энэ нь ажил олгогч хөлсний ажилчны визийг өөрөө мэдэн зохицуулж, зөвшөөрөлгүй ажлаа орхин явах, ажлаа солих зэргийг нь бүрэн хориглодог юм.

Уг системийг орчин үеийн боолчлолын механизм ч гэж үздэг.

 

Эх сурвалж: AFP