Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

Гамшигт өртсөн Кемерово мужийн захирагч албан тушаалаасаа огцорлоо

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Долоо хоногийн өмнө худалдааны төвд гарсан томоохон түймрийн улмаас 64 хүний амь үрэгдсэний дараа Кемерово мужийг олон жил удирдсан захирагч огцорлоо.

Аман Тулеев нь Оросын нүүрсний гол олборлогч Кемерово мужийг 1997 оноос хойш удирдаж байгаа юм. Тэрээр огцрох хүсэлтээ илэрхийлсэн явдлыг “зөв, ухамсартай, цорын ганц үнэн” шийдвэр гэжээ. Гуравдугаар сарын 25-ны Ням гарагт гарсан түймрийн үеэр барилгын ослын гарцууд түгжээтэй байсны улмаас 64 хүн нас барсны 41 нь хүүхдүүд байжээ.

Түймрийн дараа иргэдийн дэгдээсэн эсэргүүцэл тэмцлийг Тулеев сөрөг хүчний хутган үймүүлэгчдийн явууллага гэж нэрлэн, өөрийн мужид нь гамшиг тохиолдсонд ерөнхийлөгч Путинаас уучлал гуйж байв. Түүний эдгээр үйлдлүүд Кемерово мужийн иргэдийн бухимдлыг улам дэврээсэн юм.

Тулеевын огцрох хүсэлтийг Путин өчигдөр буюу Ням гарагт хүлээн авч, орлогч Сергей Цивиловыг үүрэг гүйцэтгэгчээр томилжээ.

Тулеев нь ЗХУ задарснаас хойш хамгийн удаан хугацаанд мужийн захирагчийн албыг хашиж байгаа хүмүүсийн нэг юм.

 

Эх сурвалж: Bloomberg