2018/12/11
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,634.40₮
B32
УЛААНБААТАР
-13°
|
-22°
B32
УЛААНБААТАР
-10°
|
-21°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-20°
00:00
S32
-24°
01:00
S32
-26°
02:00
S32
-25°
03:00
S32
-26°
04:00
S32
-27°
05:00
S32
-27°
06:00
S32
-27°
07:00
S32
-26°
08:00
S32
-26°
09:00
S32
-25°
10:00
S32
-20°
11:00
S32
-18°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/30 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баабар: Надад ийм мөрөөдөл байна

ikon.mn
2018 оны 3 сарын 30
iKon.MN
Гэрэл зургийг MPA.mn
Хувийн хэвшлийн бизнис, төр хоёр олон жил биендээ дайсагналаа. Өнгөрсөн нийгмийн үед алив хувийн бизнис хуулиар хориотой, цухуйсан даруйд нь шорон гяндангаар далайлгах төдийгүй нийгмээс тусгаарлаж, нийтийн өмнө шившиглэн дамчин панзчингаар нь хочлон жигшээдэг байснаас үүдэлтэй инерци үргэлжилсээр байгаа санагдана.

Зах зээлийн харилцаанд ороод 30 шахам жил болсноо бодсон ч, төрийн, хувийн, олон нийтийн өмч тэнцүү эрхтэй төдийгүй төрийн хамгаалалтад байдаг хэмээн Үндсэн хуулиараа тунхагласныг бодсон ч, өдгөө нийгмийн баялагийг хэмждэг ДНБ-д эзлэх хувийн хэвшил 70-аас доошгүй хувийг эзэлдэгийг бодсон ч, төрийн албанд зүтгэж байгаа төрийн армийг ихэнхдээ хувийн хэвшлийнхэн тэжээж байгааг бодсон ч энэ үзэн ядалтыг зогсоох хэрэгтэй байна. Энэ үзэн ядалт дээр тулгуурлаж, төрийн нэр барин амин хувиараа баяждаг түгээмэл арга дэлгэрснийг бид авилга, хээл хахуул гэж нэрлэх болсон.Үүнтэй тэмцэхийн тулд шинэ маягийн Дотоод яам байгуулсан ч амжилт олохгүй байна.

Төрийн өмч дээр тулгууралсан төрийн бизнес алга болох цагт авилга өөрөө АТГ-тэй, АТГ-гүй цэгцрээд арилна. Манай төр бизнис хийдэг, гэтэл төрийн 120 гаруй аж ахуйн нэгжийн хэтэрхий дийлэнх нь алдагдалтай ажилладаг, тэр алдагдлийг нь татвар төлөгчид нөхөн төлдөг билээ.

Надад мөрөөдөл байна. Яг л Мартин Лютэр Кингд хэдэн мөрөөдөл байсны нэгэн адил. Тэр олон алдагдалтай нэгжүүдээ хаахыг нь хаагаад, дуудлагаар зарахыг нь зарчихаасай. Чингэвэл хэн нэгний хулгай хийсэн, алдаж оролдсоны төлөө архи тамхи шатахуунаас эхлээд сүү худалдаж авч буй нялхас, эм тариа худалдан авч буй өтгөс татвараар дамжуулан алдагдлыг нь нөхөж буй бурангуй явдал зогсохсон. Уул нь бизнис гэдэг нь ашиг орлого гэсэн үндсэн утга цаанаа агуулдаг. Оршин байх хэрээрээ алдагдал, хохирол, гарз хүлээж түүнээ огт хамаагүй хүмүүсээр нөхөн төлүүлдэг газрыг объект гэх үү субъект гэх үү? Лав л бизнис гэж нэрлэмгүй.

Надад ийм мөрөөдөл байна. Борлогдохгүй барааг шахах зорилгоор, гаднаас болон дотроос шударга бусаар мөнгө босгохын тулд элдэв цуу болон мэдээллийн хэрэгслэлээр ард түмнээ айлгаж ичээдгээ болиосой. Ямааны мөнгө, сүүний мөнгө, үр тарианы мөнгө гэх мэтээр “дэмжлэг” нэртэй цуварсан дээрмийн төлөөсийг татвар төлөгч энгийн иргэд төлж байгаа шүү дээ. Дэлхийд хамгийн бага нас баралттай орны нэг, насжилт сүүлийн 20 жилд хамгийн хурдацтай урагшилж байгаа орны нэг болох Монголыг элдэв өвчин зовлон үхэл хагацлаар айлган аймшиг дэгдээж араас нь витамин, элдэв эм тариа, давс хужир борлуулж байгааг зогсоогоосой Хүмүүст ердийн үнэн л хэрэгтэй. 

Надад ийм мөрөөдөл байна. Авилга хээл хахуул бол төрийг өөрийг нь мөхөөдөг хамгийн үр дүнтэй механизм. Төр бол байхаас өөр аргагүй муу зүйл. Төр үгүй бол улс орон мөхнө. Улс орноо мөхөөх хүсэлтэй хэн ч байдаггүй болохоор хүмүүс төрөө дэмждэг. Гэтэл бүх шатандаа дээрэм хийдэг төрд хүмүүс итгэхээ болино. Аргагүйн эрхэнд хүмүүс төрийн үйлчилгээ, шийдвэрийн төлөө авилга өгдөг. Хэн ч талархаад юмуу сэтгэл нь хөдлөөд сайн дураараа авилга өгдөггүй. Авилгын уг уурхай нь татвар төлөгч иргэд, хувийн бизнис эрхлэгчид биш, шат шатанд төрийн нэр барьсан тамганы эзэд. Авилга өгөгчид гаднаа өөрийн эрхгүй инээмсгэлсэн дүр үзүүлэх боловч дотроо төрөө, төрийн төлөөлөгчийг үзэн ядаж, өширхөн занаж, жигшин зэвүүцэж байгаа. Ингэхээр өгсөн нь биш авсан нь буруутай. Хөрөнгө орлогын мэдүүлэг гэх өөрсдөөр нь бөглүүлсэн цаасанд биш, эзэмшилд нь байгаа хөрөнгөөр нь авилгын гэмт хэргийг илрүүлдэг. Хэрэв шударгаар нэмж олсон хөрөнгөтэй бол тэрнээс татвар авах, эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй бол гэмт хэрэгт татаж байж авилгатай тэмцдэг. 

Надад ийм мөрөөдөл байна. Төрийн албыг мэддэг чаддаг мэргэжлийн хүмүүст даатгаасай. Манай танай талынх, үнэнч, шударга, эх оронч гэх мэт бол төрийн алба хаах шалгуур болж чадахгүй. Энэ нь дэндүү сүбъектив үнэлгээ учир нэгэнд нь нэг, нөгөөд нь өөр харагдана. Гадаад дотоодод өндөр мэргэжил мэргэшил олсон бүхэл бүтэн үе сүүлийн 20-30 жилд бэлтгэгдлээ. Эд чаддаг мэддэг юмаа марттал зэвэрч байхад чаддаггүй юмаа эрхэлж төрийн тамгаар айлгаж суудаг сүрэг өөрийгөө таргалуулахаас өөр юу ч үл хийнэ. Ард түмнээс сонгогдсон хууль тогтоох байгууллага болон орон нутгийн сонгуульт байгууллагад эзэлсэн суудлынхаа дагуу манай танай болох нь зөв байх. Харин гүйцэтгэх засаглал ийм шалгуураар албан тушаал хуваарилж болохгүй. Төрийн гүйцэтгэх алба цүнх барьснаар юм уу үнэнч байснаар хэмжигддэггүй. Алив төр аппарат дээр тогтдог болохоос яайж ийж байгаад богино хугацаагаар сонгогдсон түр зуурын зочид дээр тогтддоггүй. Төрийн мэргэшсэн нэг албан хаагчийг халахад түүнийг дагаад төрийн ой санамжийн хэсэг арилж байдаг. Төрийн тархийг аажим үхүүлэх процессоо даруйхан зогсоогоосой. Төрд алба хаагчид тэндээ аль зэрэг удах нь мэдэгддэггүй, гэхдээ удаан тэсэхгүй нь тодорхой учраас байгаа дээрээ бушуухан хулгай хийгээдэхье гэсэн сэдэл аяндаа үүсдэг болохоор энэ механизм хэнийг ч гэмт хэрэг рүү түлхэж байна шүү дээ. Төрийн хүн ард түмэн рүү нулимах эрхгүйн адилаар монголын төр рүү ямар ч “мэргэн ард” нулимах эрхгүй байгаасай гэж би бас мөрөөдөж байна.

Надад ийм мөрөөдөл байна. Төрд байтугай ерөөс улс оронд мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх нэгдсэн бодлоготой болоосой. 10 мянган хүнд ноогдох оюутан, баклавар, мастер, доктор, эрдэмтэн, профессор, академичын тоогоор дэлхийд тэргүүлэх мөртөө сэтгүүлч, хуульч, эдийн засагч гэх зэрэг хэдхэн мэргэжил дээр хахах боллоо. Ердөө дөрвөн мянга хүрэхгүй хуульчийн хөдөлмөрийн зах зээлтэй мөртөө үүнээс арав дахин олон оюутан энэ мэргэжлээр сурч байна. Гэтэл цаана нь маш олон төрлийн мэрэгжилтний дутагдалд орсныг хэн хүнгүй ажиглаж байгаа байх. Хүн ямар мэргэжил эзэмших хүсэлтэй байгаад захиргааны аргаар хориг тавьж болохгүй нь мэдээж. Гэхдээ тэтгэлэг, урамшуулал, татвар зэрэг олон нөлөөллөөр нэгдсэн бодлого төлөвлөж тэнцвэрийг хадгалж болох мэт.

Надад ийм мөрөөдөл байна. Сул дорой төр өөрийгөө мөхөөдөг. Хүчирхэг төр гэдэг бол шийдвэр гаргасан бол түүнээ биелүүлж чаддаг, тэгээд Засгийн газар хэд ч солигдсон залгамж чанараа хадгалдаг. Ааш араншин, матаас гүтгэлгэд үндэслэн сар тутам шийдвэрээ өөрчлөх, ард түмний нэр барьсан цөөн хэдэн хүнд бууж өгөх, олон түмэнд хялбар хуурамч аргаар таалагдахын тулд мөнгө цаас тараах, бүтэхгүй нь тодорхой зүйлс амлах зэрэг нь төрийг сулруулдаг. Хүчирхэг төр гэдэг нь данхар төрөөс ялгаатай. Хүчирхэг байна уу, данхар байна уу гэдгээ ядахнаа ялгаж салгадаг төртэй болохыг мөрөөдөж байна.

Надад ийм мөрөөдөл байна. Монголын төр популизмаас салаасай. Алив юм хийхэд төсөл, төлөвлөгөө, санхүүгийн боломж, тооцоолол, судалгаа, мэнэжмэнт, шинжлэх ухааны үндэслэл, зах зээлийн чадвахи юун түүрүүн хамаатай. Зүгээр л түр зуур олон нийтэд таалагдаж дэмжлэг авахын тулд асар их хөрөнгө сүйтгэдэг нь эргээд л татвар төлөгчдийг шийтгэж буй хэрэг. 2000 онд Мянганы зам гэж заралсан. Тийм хөрөнгө огтоос байгаагүй учир тухайн үеийн хоёр сайдын зуслангийн байр хүртэл татсан хатуу хучилттай замаар дууссан. Хууль, зарлиг тушаал болон гүйцэтгэх байгууллагын шийдвэр юун түрүүн мэргэжлийн хүмүүсээр хянагдаж нэгдүгээрт хуулийн хүрээнд бололцоотой эсэхийг Хууль зүйн яамаар, хоёр дугаарт санхүүгийн бололцоотой эсэхийг Сангийн яамаар шалгуулж эцэст нь тэдний зөвшөөрлөөр гарч байгаасай. Нярай хүүхдийг зөвхөн хөхөөр хооллож байх, сүү нь хүрэлцэхгүй бол яамнаас зөвшөөрөл авч байх хууль гаргачиж байгаам. Тухайн үеийн Мянганы зам хөрөнгө санхүүгийн хувьд бололцоогүй байсан бол заавал хөхөөр хооллох энэ хууль хуулийн хэрэгжилтийн хувьд огт боломжгүй юм. Хууль гэдэг бол заазуур, зөрчсөн болгоныг тас завчдаг учраас хууль гэж нэрлэдэг. Ийм далд шунал агуулсан, эсвэл популизмд түшиглэсэн хууль тогтоол зарлиг дүрэм журам цаашид битгий гаргаж байгаасай.

Надад ийм мөрөөдөл байна. Гадаадын хөрөнгө оруулалтын давуу тал, ашиг тусыг мэдсээр ойлгосоор байж амин хувьд нь унацгүй юм уу авилга нь багадсан юм уу, эсвэл популизм хийхэд нь хэрэгтэй учраас улайран эсэргүүцэж унагаж дэвсэлдэгээ болиосой.

Надад мөрөөдөл байна. Монголын төр дэлхийн тавцан дээр бусад орнуудад дайсагнасан, өдөөн хатгасан бодлого битгий явуулаасай. Хятад, Канад, Австрали, АНУ, Солонгос зэрэг орны эсрэг хандсан төрийн мэдэгдэл болон үйлдэл өдөр болгон нэмэгдсээр. Манайх шиг жижиг орон мөрөөрөө байсан нь дээр гэж нэрт дипломатич Гомбосүрэн гуай нэгэнтээ анхааруулж байсан. Бид тэднээс авлагатай биш, тэд ч бидэнд өртэй биш. Монгол улсыг хөгжүүлэн цэцэглүүлэх нь бидний үүрэг болохоос тэднийх биш. 1990 онд баталсан гуравдахь хөршийн бодлого бол мөнхийн хоёр хөрш ба дэлхийн бусад орнуудтай хамтарч харилцан ашигтайгаар эв найртай оршино гэсэн бодлого болохоос хөршүүдээ нулимчихаад далайн чанадаас шинэ найз нөхрийн эрэлд хатна гэсэн үг ерөөсөө биш. Бидний зовлон тэдэнд тонуулаад байгаа юм биш, тэдэнд тоогдохгүйд байна шүү дээ. 

Миний мөрөөдөл ердөө л энэ. Энэ бол биелэх бололцоогүй, дааж давшгүй алс хэтийн хий санаархал биш. Амархаан хэрэгжүүлчиж болох жаахан мөрөөдөл, гэхдээ Монголын төрийг ариусгахад том алхам болох хүсэл эрмэлзлэл учраас л мөрөөдөж байна.

 

Хамтдаа мөрөөдсөнд баярлалаа

 

2018.3.28

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x