Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

Боливи улс 134 жилийн өмнө Чилид алдсан далайд гарах гарцаа нэхэхээр шүүхэд ханджээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 3 сарын 30
iKon.MN
Зураг зураг

1884 оны дөрөвдүгээр сард Өмнөд Америкийн Боливи, Чили улсууд дайнаа зогсоож, Боливийн цорын ганц далайд хүрэх гарц болох 380 орчим километр эргийг Чилид алдсан юм.

Тэгвэл энэ явдлаас хойш 130 гаруй жилийн дараа Боливийн засгийн газар энэхүү гарцаа Чилиэс нэхэхээр Гаагийн олон улсын шүүхэд хандаж байна. 2015 оны сүүлээр Боливи улс Чилийн эсрэг маргаан эхлүүлэх эрхтэй гэдгээ олон улсын шүүхээр батлуулж байсан юм. Харин одоо тэд албан ёсоор Гаагийн шүүхэд заргалдаж эхэлж байна.

Гуравдугаар сарын 28-ны өдөр Чили улс бичиг баримтаа эцсийн байдлаар шүүхэд хүргүүлсэн бол Боливи улс энэ өдөр 1879 оны Канчас Бланкасын дайны ялалтаа тэмдэглэжээ.

Боливийн ерөнхийлөгч Эво Моралес өөрийн армийн цэргүүдээр түүхэн тулааны үзүүлбэрийг тэр үеийн хувцас өмсгөл, зэр зэвсэгтэй гүйцэтгүүлсэн байна. Хэдийгээр Чилид газар нутгаа алдсан ч 1879 оны нэгэн ялалт нь Боливичуудын хувьд бахархал нь болдог юм.

Уг нь эдгээр улсууд 1904 онд тохиролцож, Чили улс алдагдсан газар нутгийг бүрмөсөн авч, оронд нь Боливид далайд гарах худалдааны гарц өөрийн нутаг дээгүүр гаргаж өгөхөөр болсон юм. Гэвч энэ амлалтыг хангалтгүй гэж үздэг Боливийн ерөнхийлөгч Эво Моралес шүүхэд хандахаар шийдсэн байна.

Чили, Перу, Боливи улсууд 1820-оод оны үед Испаний колоничлолоос салсныхаа дараа газар нутгийн маргаан дэгдээж 1879 онд дайтаж байжээ.

Энэ дайны нэгэн тулаанд Боливичууд Чилийн армийг ялж, Парагвай хүртэл довтлох төлөвлөгөөг нь тасалдуулж байсан юм.

Үүний дараа Чилийн арми Перу улс руу довтлон 1881 онд нийслэл Лима хотыг нь эзэлж байжээ. Дараа нь 1883 онд Перу маргаанаа зогсоож, Чилитэй энхийн гэрээ байгуулж байв.

Мөн 1884 онд Боливи, Чили улсууд энхийн гэрээ байгуулсан юм. Гэвч Боливичуудын далайд хүрэх хүсэл унтарсангүй, үүнээс хагас зууны дараа Рио де ла Плата голоор дамжин Атлантын далайд гарах оролдогыг нь Парагвай улс хааснаар дахин дайтаж байжээ.

Боливиос тасдаж авсан Чилийн хойд нутаг нь байгалийн баялаг арвинтай, тус улсын эдийн засгийг ирэх 40 жилийн турш тэтгэнэ гэж үздэг байна.

Дайн тулааны үр дүнд Боливи улс зэсээр баян 120,000 км.кв орчим газар нутгаа Чилид алдсан бол Перу мөн эрдэс баялаг ихтэй өмнөд нутгаа Чилид алдсан юм. Гэхдээ Перучууд 1929 онд алдсан газрынхаа зарим хэсгийг буцааж авсан гэдэг.

 
 
 
 

 

Эх сурвалж: Business Insider