Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

Америкчууд ойрын үед Сириэс явна гэж Дональд Трамп хэлжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 3 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Охайо хотын үйлдвэрийн ажилчдын өмнө үг хэлэхдээ АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн армийг “тун удахгүй” Сириэс гарна гэж мэдэгджээ.

Тэрээр “Бид тун удахгүй Сирийг орхих болно. Одоо бусад талууд тэнд анхаарал тавина биз” гэж хэлсэн байна. Трамп мөн Исламын улс террорист бүлэглэлийн эзэмшиж байсан нутаг дэвсгэрийг АНУ-ын зэвсэгт хүчин чөлөөлж дуусахад ойрхон болсныг энэ үеэр мэдэгджээ. Анхаарал тавих бусад этгээд гэдэгт хэнийг хэлснээ тэр тайлбарлаагүй байна.

Одоогоор Сирийн газар нутагт ОХУ, Ираны зэвсэгт хүчнүүд ерөнхийлөгч Башар аль Ассадын дэглэмийг хамгаалахаар дайтаж байгаа.

Үүний дараа хэвлэлүүд АНУ-ын төрийн департментын төлөөлөгч Хидер Науэртаас Трампын хэлсэн үгний талаар лавлахад тэр энэ тухай ямар нэг мэдээлэл алга гэж хариулжээ.

Одоогоор Сирийн зүүн хэсэгт АНУ-ын 2,000 гаруй цэрэг байрлаж, орон нутгийн зэвсэгт бүлэглэлүүдийг дэмжин ажиллаж байгаа юм. Гэхдээ тэд Сирийн иргэний дайнд аль болох шууд оролцохгүйг хичээж байгаа.

Өнгөрсөн нэгдүгээр сард Вашингтоны Сири дэх шинэ стратегийг танилцуулахдаа төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсон “Исламын улс, Аль Кайда бүлэглэлүүдийг дахин сэргээхгүйн тулд, мөн Ираны нөлөөг нэмэгдүүлэхгүйн тулд АНУ-ын зэвсэгт хүчин Сирид үргэлжлүүлэн байрлана” гэж мэдэгдэж байв.

Гэвч удалгүй Трамп түүнийг огцруулж, гадаад бодлогын талаар мэдэгдлүүдээ өөрийн генералууд, дипломатчидтай зөвлөлдөлгүйгээр өөрөө зарлах нь нэмэгдээд байгаа юм.

“Бид Ойрх Дорнодод $7 их наядыг зарцуулсан. Үүний хариуд бид юу ч олоогүйг та нар мэдэж байгаа” хэмээн Трамп ажилчдын өмнө хэлжээ.

 

Эх сурвалж: AFP