Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

А.Тлейхан: 2017 онд 835 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 1.5 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүч худалдан авлаа

Т.Саран, iKon.mn
2018 оны 3 сарын 30
iKon.MN
 

Эрчим Хүчний Зохицуулах Хорооны 2017 оны тайлангийн хурал өнөөдөр боллоо.

Эрчим Хүчний Зохицуулах Хорооны дарга А.Тлейхан "Эрчим хүчний салбарын хэмжээнд 2017 онд 6.08 тэрбум кВт.ц цахилгаан, 8.9 сая Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэн, импортоор 1.5 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүч худалдан авч, нийтдээ 835 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, салбарын дүнгээр 2.3 тэрбум төгрөгийн балансын ашигтай ажиллалаа. 

2017 онд дулааны цахилгаан станцууд дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүчний хувь хэмжээг өмнөх оны гүйцэтгэлээс 0.3 нэгжээр бууруулж 16.2 сая кВт.ц цахилгаан эрчим хэмнэжээ.  Үүнийг хэрэглэгчдэд худалдах үнээр тооцвол 1.8 тэрбум төгрөгийн хэмнэлт гарч байгаа юм.

Цахилгаан дамжуулалт, түгээлтийн алдагдал 2017 онд 14.7 хувь болжээ. Үүнийг 2002 онтой харьцуулахад 8.17 нэгжээр буурсан байна” гэлээ. 

Санхүү эдийн засгийн үзүүлэлт сайжирч байгаа ч эрчим хүчний хэрэглээ жил дараалан өсжээ. Цахилгаан эрчим хүчний хэрэглээ өнгөрсөн онд 2016 онтой харьцуулахад 6.6 хувиар, дулааны эрчим хүчний үйлдвэрлэл 0.9 хувиар тус тус өссөн ба өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлж ажиллахыг хуралд оролцогчид онцолж байлаа. 

Импортын эрчим хүчний хэрэглээг бууруулна

ЭХЗХ, үнэ тариф зах зээлийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ "Манай улсын хувьд 2017 онд цахилгаан эрчим хүчний 80 хувийг дотооддоо үйлдвэрлэж, 20 хувийг импортоор худалдаж авсан байна. Нийтдээ 7.6 тэрбум төг/квт.ц эрчим хүч хэрэглэсэн. Үүний 6.1-ийг нь ОХУ болон БНХАУ-аас импортолжээ.

Манай улс төвийн болон баруун бүсийн эрчим хүчний системийн хувьд ОХУ-аас 370 орчим квт.ц эрчим хүч худалдаж авч, үүнд 79 орчим тэрбум төгрөгийн төлбөр төлж байна. Манай улс хилийн ойролцоох боомтууд, гурван цэгээр дамжуулан цахилгаан эрчим хүч худалдаж авч байгаа.

Цаашид бид импортоор худалдаж авч байгаа цахилгаан эрчим хүчний хэрэглээг аль болох бууруулж, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ" гэв. 

Эрчим Хүчний Зохицуулах Хорооны тайлангийн хуралд удирдах албан хүмүүс тэргүүтэй эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч 80 гаруй компанийн 180 гаруй төлөөлөл оролцлоо.