Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

Малала Юсафзай: Миний төрсөн нутаг "Дэлхий дээрх диваажин"

Ц.Даваасамбуу, Үндэсний шуудан
2018 оны 3 сарын 30
Үндэсний шуудан
Зураг зураг

НҮБ-ын энхтайвны элч Малала Юсафзай зургаан жилийн дараа эх орондоо эргэн иржээ. Охид эмэгтэйчүүдийн эрх хамгийн ихээр боомилогдсон исламын шашны бодлогын эсрэг Малала хатуу тэмцсэнийхээ төлөө талибанчуудад буудуулсан. Түүний сууж явсан сургуулийн автобусыг алан хядагчид эзэлж, хөөрхий охиныг сурагчдын өмнө тархи руу нь буудсан аймшигтай түүхийг дэлхий дахин цочир хүлээж авч байлаа. Тэрбээр таван сарын турш Их Британид эмчлүүлсний үр дүнд амьд үлдэж чадсан. 

Малала Юсафзайгийн охид эмэгтэйчүүдийн эрх чөлөөний төлөөх амь өрссөн зоригтой, тууштай тэмцэл нь дэлхий дахинд үнэлэгдэж 17 настайдаа Нобелийн энхтайвны шагнал хүртэж, хүний эрхийн төлөөх нэр хүндтэй шагналын хамгийн залуу эзэн болсон. 

Тэрбээр энэ шагналыг авахаас өмнө Олон улсын хүүхдийн энхтайвны шагнал, Үндэсний залуучуудын энхтайвны шагнал, Канадын хүндэт иргэн, Европын холбооны Сахаровын нэрэмжит шагнал зэрэг нэр хүнд бүхий 34 шагналыг хүртэж байсан байна. Одоо тэрбээр дэлхийд чансаагаар тэргүүлдэг Оксфордын их сургуульд сурч байгаа билээ. 

Түүний Пакистанд ирсэн шалтгаан нь өөрийн тэргүүлдэг “Малала” сангийнхаа ажлаар ирсэн бөгөөд дөрөв хоног ажиллах юм байна. Энэ хоорондоо Ерөнхий сайд Шахид Хаган Абасситай уулзах гэнэ. Гэхдээ уулзалтын үеэр юу ярих нь тодорхойгүй байна. Малалаг ирэх үеэр нисэх буудлыг хамгаалалтад авсан байжээ. 

Эрх баригчид ард иргэд хэтэрхий мэдрэмтгий хандахаас болгоомжилж, түүний аяллыг чандлан нууцалж байсан аж. Пакистан бол дэлхийн хамгийн аюултай орнуудын нэг. Тус улсад талибан бүлэглэл идэвхтэй хэвээр байгаа. Өнөөг хүртэл хэдэн зуун хүн талибан бүлэглэлийн террорист халдлагад өртсөөр байгаа юм. Юсафзай Пакистанд буцаж ирэхийг хүсдэгээ илэрхийлсээр байгаа бөгөөд төрсөн нутгаа “Дэлхий дээрх диваажин” гэж боддогоо илэрхийлж байсан удаатай.

 

Эх сурвалж: BBC

 

Зураг