2019/09/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,667.91₮
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
24°
|
04:00
S31
05:00
S31
06:00
S31
07:00
S32
08:00
S32
09:00
S32
10:00
S32
12°
11:00
S32
16°
12:00
S32
18°
13:00
S32
19°
14:00
S32
21°
15:00
S32
22°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/30 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Элдэв-Очир: Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалтай болох ёстой

Б.Цэнд-Аюуш, Үндэсний шуудан
2018 оны 3 сарын 30
Үндэсний шуудан
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очиртой ярилцлаа.

-Хаврын чуулганаар Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийг хэлэлцэх юм билээ. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг та ахалж байгаа. Энэ хуулийн төслийн гол концепц нь юу вэ. Үүнээс гадна зарим гишүүн тусдаа хууль батлахгүйгээр Хүнсний тухай хуульд нэмэлт оруулах замаар баяжуулсан хүнсийг зохицуулах боломжтой талаар хэлж байсан?

-Манай улсад хүнсний эрүүл ахуй, хүрэлцээ хангамжийн талаарх хуулиуд байгаа. Гэхдээ энэ хуулиудаас гадна Баяжуулсан хүнсний тухай гэж тусдаа хууль зайлшгүй байх шаардлагатай юм билээ. Энэ хуулийн төслийг санаачилсан гишүүд ч тусдаа хууль байх нь зүйтэй гэж үзэж байгаа.

Чуулганы завсарлагааны үеэр Байнгын хорооны дэд ажлын хэсэг үйлдвэрлэгчдийн төлөөлөл болгож зургаан гурилын үйлдвэр, зургаан сүүний үйлдвэрт ажиллалаа. Санхүү, технологийн хувьд ч бид өргөн хэрэглээний хүнсээ баяжуулах боломжтой.

-Тусдаа хууль байх зайлшгүй шаардлага нь юу юм бол?

-Том хуулийн хавсарга болгочихоор хэрэгжих магадлал маш бага болно, Хууль шинээр гарснаар Засгийн газраас журам боловсруулж, хэрэгжилтийг нь хангаж ажиллах ёстой. Мөн энэ хуулийг баталсан өдрөөс эхлэн хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага байгаа. Яагаад гэвэл таван жил тутамд нэг удаа явуулдаг хүн амын хоол тэжээлийн судалгааны дүнг НҮБ-ын Хүүхдийн сан, манай холбогдох байгуул-лагуудтай хамтран өнгөрсөн онд гаргасан.

Судалгааны дүн нь нийгэмд түгшүүр зарлахуйц хэмжээнд гарсан байна. Өмнөх таван жилийн байдлаас ч дордсон үзүүлэлттэй байна. Өөрөөр хэлбэл, нийтийн эрүүл мэнд онц ноцтой хүнд байдалд оржээ. Хоол тэжээлийн шимт тэжээл, амин дэмийн дутагдлаас болоод хүмүүсийн эрүүл мэнд ихээр хохирох нөхцөл байдал бүрдчихсэн байна. Жишээлбэл, манай улсын иргэдийн 90 гаруй хувь нь Д витамины дутагдалд орсон гэсэн судалгаа гарчээ. Мөн тав хүртэлх насны хүүхдийн 61 хувь нь Д аминдэм, 60 хувь нь A аминдэмийн дутагдалтай гэсэн байна. Тиймээс одоо хүнсээ баяжуулахаа өөр аргагүй байдалд хүрсэн гэхэд болно.

-Манай улс давсыг иодоор баяжуулдаг. Өмнө нь гурилыг бас баяжуулж байсан. Гэхдээ баяжуулах бодисын хадгалах хугацаанаас шалтгаалж, асуудал үүсэж байсан. Харин одоо ийм асуудал үүсвэл яах вэ?

-Хүнсний төрөл бүрт өөр өөр баяжуулах бэлдмэл шаардагддаг. Манай улс Германы туршлагыг ашиглаж байсан. Одоо ч Германы туршлагыг ашиглах нь зүйтэй гэж бодож байна. Бид хүнсээ баяжуулах талаар үйлдвэрүүдээс судалгаа хийж үзэхэд ямар нэгэн хүндрэл, асуудал гарахгүй юм билээ. Баяжуулах бодис гэхээр л хүмүүс айхавтар зүйл боддог. Тийм биш. Баяжуулах бэлдмэлээс маш бага ордог. Хугацааны хувьд зургаан сараас нэг жил хадгалах горимтой.

Тиймээс график гаргаж, хугацаанд нь аваад байх боломжтой юм билээ. Хуулийг баталбал, дагаж гарах журамд үүнийг тодорхой тусгаж өгөх хэрэгтэй. Өмнө нь гарч байсан алдаа нь баяжуулах бэлдмэлийг хадгалалттай холбоотой байсан. Нэг жил хадгалах хугацаатай баяжуулах бэлдмэлийн яамнаас нэгдсэн журмаар тараана гээд долоон cap байлгаж, хугацаа нь дуусахаас гурван сарын өмнө үйлдвэрүүдэд өгч байсан юм билээ. Одоо ийм асуудал гаргахгүйн тулд нарийн зохицуулалт, хяналт хийх хэрэгтэй. Ингэвэл ямар ч алдаа дутагдал гарахгүй. 

-Хүнсийг баяжуулна гэхээр өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх магадлалтай. Үүнийг яаж зохицуулах юм бэ? 

-Гурил, сүү, давс, ургамлын тос гэсэн дөрвөн нэр төрлийн бүтээгдэхүүнийг л баяжуулах юм. Мэдээж хүнсийг баяжуулахын тулд үйлдвэрүүдэд нэмэлт технологи хэрэгтэй. Тиймээс бэлдмэл авах зардлаас гадна нэмэлт технологи авах зардал хэрэгтэй болно. Харин үүнийг далимдуулж үнийг нь нэмж болохгүй.

Тиймээс баяжуулах бэлдмэл болон технологийн зардлыг нь олон улсын байгууллагуудтай хамтарч, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх замаар шийдвэрлэх юм. Тэгэхээр үнэ нэмэхгүй байх боломжтой. Хоногийн хоолоо яая гэж байгаа олон хүн байхад хүнсийг нь үнэд оруулж, нуруун дахь ачааг нэмж болохгүй шүү дээ. 

-Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр зарим хүн хууль баталсан ч жигд хэрэгжих боломжгүй гэж үзэж байсан. Үйлдвэрлэгчид ямар санал хэлж байна вэ? 

-Мэдээж үйлдвэрүүдэд бага хэмжээний санхүүгийн зардал, технологийн хүндрэл гарах нь дамжиггүй. Жижиг үйлдвэрүүдэд л гэхэд технологи нэмэх шаардлагатай. Гэхдээ жижиг, том гэлтгүй үйлдвэрүүдэд гарах нэмэлт зардлыг олон улсын хандивлагч байгууллагуудтай хамтарч төсөл хэрэгжүүлж шийднэ гэдгийг хэлсэн байгаа. Гэхдээ энэ нь хүмүүсийн бодож байгаа шиг айхавтар том зүйл биш.

Нэг дамжлагын холигч маягийн төхөөрөмж байх юм. Хүнсчидтэй зөвлөгөөн хийхэд мэдээж жаргал, зовлон ярилгүй л яах вэ. Эцсийн дүндээ хүнсчид нийтийн эрүүл мэндийн байдал ийм хүнд байхад хүнсээ баяжуулах нь зөв гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.

 -Олон улсад хүнсээ баяжуулахыг хэрхэн хуульчилж, хэрэгжүүлдэг юм бэ?

-Олон улсад баяжуулсан хүнс, баяжуулаагүй хүнс гэсэн сонголттой байдаг. Үйлдвэрүүд баяжуулсан хүнсээ хийхдээ нэмэлт зардлаасаа хамаарч тухайн бүтээгдэхүүн нь бусдаасаа илүү үнэтэй байдаг. Хөгжингүй орнуудад энэ асуудал яг л зах зээлийн зарчмаар явж байгаа. Харин манай улсын хувьд эхний 3-5 жилд төр оролцож, албан журмаар баяжуулсан хүнсээр иргэдээ хангахаас өөр аргагүй.

Мэдээж баяжуулаагүй хүнс гэсэн сонголт байх ёстой. Өөрийгөө эмчид тогтмол үзүүлдэг, эрдэс шим тэжээлээ биедээ тохируулаад хэрэглэчихдэг хүмүүс заавал баяжуулсан хүнс хэрэглэх шаардлагагүй. Тиймээс баяжуулсан, баяжуулаагүйг ялгах тэмдэг тэмдэглэгээг нь хийж өгнө.

-Ярилцлагын сэдвээ өөрчилье. МАН-д "Дэвшилтэт холбоо" гэж шинэ жигүүр бий болсон. Тэр холбооныхны мэдээлж, ярьж байгаа зүйлийг та харж, сонсож байгаа байх. Тэд Ерөнхийлөгчийн засаглалтай болох талаар ярих боллоо. Энэ асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Би тэдний ярьж байгаа зүйлийг дэмжиж байгаа. Дэмжихээс өөр арга байхгүй. 1990 оноос хойших нийгэм, улс төрийн хөгжлийг харахад ард түмэн бүр цөхрөлд орчихсон байна. Ард түмэн юм ойлгохоо больчихсон. Яагаад гэхээр мэдээллүүд нь олон эх сурвалжтай, олон зорилготой болчихсон байна. Энэ дундаас үнэн мэдээллийг олж авахад асар хүнд болжээ. Би УИХ-ын чуулганы үеэр “Ард түмэн байтугай мэдээлэлд хамгийн ойр байгаа гишүүн миний хувьд учраа олохоо байлаа.

Хэн нь үнэн, хэн нь худлаа ярьж байгааг мэдэхээ байлаа" гэж хэлсэн. Одоогийн энэ өнцгөөс харахад үнэхээр улс орны эдийн засгаар тоглочихсон олон хүн байна. Хувийн эрх ашигтаа хөтлөгдөж, улсын ашгийг хойш нь тавьчихсан. Энэ асуудлыг шийдэхийг л ард түмэн хүлээж байгаа. Ард түмэнд яагаад гэсэн олон асуулт байна.

Тухайлбал, "Улс орон яагаад хөгжихгүй байгаа юм бэ, том төсөл хөтөлбөрүүд яагаад хөдлөхгүй байгаа юм бэ” гэх мэт олон асуулт байгаа. Би үүнд хувь хүнийхээ өмнөөс хариулж болно. Улстөрчид нь эдийн засгийг алж байгаа учраас улс орон хөгжихгүй, том төсөл хөтөлбөрүүдэд улстөрчдийн оролцоо их байгаа учраас хөдлөхгүй байгаа юм.

-Таны дурдсан олон жил тулгамдсан асуудлуудыг шийдэхийн тулд улстөрчид ажиллах ёстой биз дээ. Тухайлбал, таны хувьд эдгээр асуудлыг шийдвэрлэхэд хэрхэн оролцож байна вэ?

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал яригдаж байгаа. Ерөнхийлөгчийн засаглалын талаар түрүүний асуултад чинь дурдагдаж байсан. Ерөнхийдөө миний хувь хүний үзэл бодол бол Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалтай болох ёстой. Одоогийн 76 гишүүний зарчмаар явах юм бол хэзээ ч улс орон хөгжихгүй. Бид таван жилийн дараа энэ асуудлуудаа яриад л сууж байна. 20 жилийн дараа ч адилхан. 50 жил болоход ард түмэн ядуу хэвээрээ, бөөн бухимдал дунд л амьдарна. 

Ерөнхийлөгчийн засаглалтай болно гэвэл шинэ Ерөнхийлөгчид маш өндөр шалгуур хангасан хүнийг нэр дэвшүүлэх ёстой.

-Ерөнхийлөгчийн засаглалтай болбол хэт дарангуйлалтай болох биш үү? 

-Ерөнхийлөгчийн засаглалыг дэмждэггүй хүмүүс ингэж хэлдэг юм. Мөн жижиг буурай орны толгойлогч нэг хүн улс орноо худалдана гэж эмзэглэдэг. 76 гишүүн байхад эрх биш хамгаалаад үлдэнэ гээд байдаг юм. Харин 76 хүний яг өөрийнх нь толгой дээр асуудал ирээгүй учраас хайнга хандаж явсаар эзгүйдэж, нэг өдөр л тусгаар тогтнолгүй болчихвол яах вэ. Ер нь Монголын түүхийг бодоод үзэхэд 1921 онд шинэ төрийг байгуулсан долоон хүн гарч ирж нэг нэгээрээ төр засгийг барьж явсан.

Нэг нь төр засгаа барьж яах ч аргагүй гадны орны шахалтад орж, улс орон тусгаар тогтнолынхоо төлөө амиа өгөх нь тодорхой болоход дараагийн хүндээ шилжүүлдэг байсан. “Миний хугацаа дууслаа. Чи энэ улс орныг авч явна шүү. Цусан тангараг өргөсөн Монгол Улс шүү” гэж бие биедээ уламжлуулж явсаар хамгийн сүүлд Ю.Цэдэнбал дарга бас л хүний нутагт харамсалтайгаар амиа алдсан байдаг.

Тухайн үед гаднын дарамт шахалт маш их байсан нь ойлгомжтой. Ийм нөхцөлд тэр хүмүүс улс орноо хөгжүүлж, хамгаалж үлдсэн. Хэдийгээр засаглалын хэлбэр нь өөр байсан ч тухайн үед манайх үндсэндээ Ерөнхийлөгчийн засаглалтай байсан гэсэн үг шүү дээ. Тиймээс энэ асуудлаар би хүмүүстэй их санал солилцож, ярилцаж байгаа. Хоёр хөршийг хар л даа. В.Путин гарч ирээд ОХУ-ыг яаж хөгжүүллээ. Манай улсад ийм хатуу, чанга хүн хэрэгтэй байгаа юм.

Хятад Улс сүүлийн хэдэн жил асар хурдтай хөгжлөө. Энэ нь нэг толгойтой байсны хүч. Гэхдээ мэдээж улсыг нэг гараар зангидах Ерөнхийлөгчид маш том шалгуур байх ёстой. Мэдлэг боловсрол, төрийн алба, улс төрийн албын өндөр дадлага туршлагатай байх ёстой. Ийм шалгуурыг хангасан хүн нэр дэвшиж, Ерөнхийлөгч болох ёстой.

Ерөнхийлөгч Засгийн газраа байгуулна, татан буулгана. Ингэж байж л улс хөгжихгүй бол одоо мухардчихаад байна. Гэхдээ ийм хувилбараар хууль батлахад үнэхээр хэцүү л байх. Г эсэн ч хүн бүр улс орныхоо төлөө өөрийн эрх ашиг, намын эрх ашгаа үл хамаарч шийдвэр гаргах хэрэгтэй. Нэг жил болоод л Засгийн газраа сольдог манайх шиг улс хэзээ ч хөгжихгүй шүү дээ.

-Ерөнхийлөгчийн засаглалтай болохыг дэмжсэн МАН-ын гишүүд танаас эхлээд гарч ирж байна. Намын бүлэг дотроо энэ асуудлыг ярьсан юм уу?

-Үгүй, үгүй. Энэ бол миний л үзэл бодол. Нам дотор ийм асуудал яриагүй. Харин Үндсэн хуулийн өөрчлөлтийг л ярьсан. Би энэ асуудлаар хүмүүстэй санал солилцоход зарим нь “Чшш чимээгүй байгаарай” гэдэг. Зарим нь “Энэ ёстой болохгүй шүү” ч гэдэг юм. Гэхдээ ийм засаглалаар л улс хөгжинө. Одоо бол төрийн гурван өндөрлөг нь хууль хүчний байгууллагуудаа хуваагаад авчихсан. Нэг нэгнээ ажил хийлгэхгүй тээг болж байна.

Асуудалтай зүйл гарвал “Миний хүнийг хамгаалахгүй бол чиний хүнийг ингэнэ, тэгнэ” гэдэг. Ийм байдлаар л ард түмэнд хуулийн шударга бус байдал гаргаад байгаа юм. 

-Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдтэй уулзахдаа Ерөнхийлөгчийн засаглалтай болох талаар нэлээд ярьсан. Хэрвээ УИХ-аар Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийн засаглалтай болж, сонгууль явуулахаар болбол одоогийн Ерөнхийлөгч дахин сонгогдох магадлал өндөр шүү дээ? 

-Одоогийн Ерөнхийлөгч бол Ерөнхийлөгчид нэр дэвших эрхгүй хүн. Ерөнхийлөгчөөр боловсрол, төрийн алба, улс төрийн туршлагатай, банкинд ер зээлгүй, гэмт хэрэгт холбогдож байгаагүй гэх мэт маш өндөр шалгуурыг хангасан хүнийг сонгох ёстой. Харин одоогийн Ерөнхийлөгч боловсролын хувьд тэнцэхгүй. Гэхдээ одоогийн хуульд боловсролыг заагаагүй учир тэр хүнд буруу байхгүй л дээ. Мөн тодорхой хэргүүд дээр эрүүгийн хэрэг үүсгэж, сэжигтнээр татагдаж байсан хүн.

За яах вэ, хуулийн байгууллагаас буруутайг нь тогтоогүй учир нэр дэвших эрхтэй гэж бодъё. Харин сонгуулийн хуулийг ноцтой зөрчсөн шүү дээ. Хуулийн дагуу мөнгөний асуудлаар нь шүүх шийдвэр гаргаж, шууд нэр дэвшигчээс татах ёстой байсан. Тэгэхээр Ерөнхийлөгчийн засаглалтай болно гэвэл шинэ Ерөнхийлөгчид маш өндөр шалгуур хангасан хүнийг нэр дэвшүүлэх ёстой.

x