Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

Сергей Скрипаль гэрийнхээ хаалгаар дамжиж хордсон гэж дүгнэжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Оросын тагнуулын ажилтан асан Сергей Скрипалийг химийн бодисоор хордуулж алах гэсэн хэргийг шалгаж байгаа мөрдөгчид эхний дүгнэлтээ гаргажээ.

Тэдний үзэж байгаагаар Скрипаль охин Юлиягийн хамт Сэлисбури дахь гэрийнхээ урд хаалгаар дамжин хордсон гэнэ. Хаалган дээрээс химийн хорт бодисны хэмжээ хамгийн өндөр тунтай илэрсэн байна.

Аав охин хоёр одоогоор эмнэлэгт эмчлүүлж байгаа ба тэдний биеийн байдал сайжирч байгаа гэнэ. Анх тэднийг энэ сарын эхээр “The Maltings” худалдааны төв дотор ухаангүй хэвтэж байхыг олсон юм. Тэднээс гадна өөр 130 гаруй хүн уг аюултай бодист ямар нэг хэмжээгээр өртсөн гэж үзэж байгаа ажээ.

Хордуулсан бодис нь 1970-аад оны үед Зөвлөлт Холбоот Улсад бүтээсэн Новичок хэмээх цэрэг дайны зориулалттай бодис тул Британий засгийн газар уг хэрэгт ОХУ-ыг буруутгаж байгаа. Улмаар Британи тэргүүтэй дэлхийн 25 улсын засгийн газар ОХУ-ын нийтдээ 150 орчим дипломатчийг хөөх шийдвэр гаргаад байна. Москвагийн эрх баригчид уг дүгнэлтийг үндэслэлгүй гэж няцаагаад хариу хориг арга хэмжээ авахаа амлаад байгаа юм.

Анагаах ухааны мэргэжилтнүүд хорт бодисын тархалт цаашдаа хэр удаан хугацаанд Сэлисбури хотын иргэдэд аюул учруулахыг судалж байна. Британий засгийн газар хоронд өртсөн иргэдийн эмчилгээнд нэг сая фунт стерлингийн төсөв батлаад байгаа юм.

Терроризмтай тэмцэх албаны 250 орчим мөрдөгч уг хэргийг шалгаж байна. Мөрдөн шалгах ажлын хүрээнд 500 орчим гэрчээс мэдүүлэг авч, хяналтын камерны 5,000 гаруй цагийн бичлэгийг шүүж байгаа ажээ.

Уг ажиллагаа цаашдаа хэдэн сарын турш үргэлжлэх гэнэ.

 

Эх сурвалж: The Guardian