Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

Венесуэлийн хорих төвд бослого гарснаас 68 хүний амь үрэгджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр өглөө Венесуэль улсын төв хэсгийн Валенсиа хотын цагдаагийн хэсгийн саатуулах төвд бослого гарах үед түймэр дэгдэж, 68 хүн амиа алдсаныг засгийн газрын эх сурвалж мэдээлжээ.

Орой болтол цагдаагийн хэсэг дотор юу болж байгаа нь мэдэгдэхгүй байсан тул хоригдож байсан хүмүүсийн ар гэрийнхэн олноор цугларч эрх баригчдаас мэдээлэл шаардсан байна. Тэдний шаардлагыг зогсоохын тулд цагдаа нар нулимс асгаруулагч хий хэрэглэжээ.

Венесуэль улсын шорон, хорих төвүүд маш их ачаалалтай, дүүрэн байдаг. Мөн хоригдлууд зэр зэвсэг, хар тамхи дураараа хэрэглэж, цагдаа нар хянаж дийлдэггүй байна. Цагдаагийн хэсэгт хоригдож байгаа хүмүүсийн буруутайг тогтоосны дараа том шоронгууд руу шилжүүлдэг гэнэ.

Шоронгуудад бослого гарч, хоригдлууд олноор амиа алдах явдал байнга тохиолддог. Хоригдлууд харгалзагчдын эсрэг пулемёт буу, гар бөмбөг хэрэглэх тохиолдол ч байдаг гэнэ.

Одоогоор шүүх эмнэлгийн ажилтнууд хэчнээн хүн амиа алдсаныг тогтоохоор ажиллаж байгааг Валенсиа хот оршдог Карабобо мужийн албан хаагч Жесүс Сантандер мэдээлжээ. Хоригдлуудыг аврахын тулд хорих төвийн хананд нүх гаргасан гэнэ. Түлэгдсэн, хагас шатсан хүмүүсийн зургийг сошиал сүлжээнд иргэд хуваалцсаар байна.

Цагдаа нараас нэг албан хаагч хөлөндөө буудуулж, шархдсанаас өөр хохирол гараагүй гэнэ.

“Эрх баригчид хорих төвийн дотор талд нэвтэрч орохоос болгоомжилж байгаа учраас юу болоод байгааг мэдэж чадахгүй байна” гэж Венесуэлийн хоригдлуудын эрхийг хамгаалах хөдөлгөөний идэвхтэн Умберто Прадо ярьжээ.

 

Эх сурвалж: Reuters