Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Эрдэнэт Үйлдвэрийг "аврах" ёстой байсан 28 ХУУДАС ГЭРЭЭ ИЛ БОЛЛОО

Б.Ану
2018 оны 3 сарын 29
iKon.MN

Видео:  Гэрээний хуулбарууд, Дүрс дэх эхний гэрээ нь жинхэнэ гарын үсэг бүхий 28 хуудас гэрээ, хоёр дахь гэрээ нь Ш.Батхүүгийн үйлдсэн 40 хуудас гэрээ болно. 

Эрдэнэт Үйлдвэр (ЭҮ) өөрийн харилцагч болох Жаст группт Стандарт Банкнаас авах зээлэнд баталгаа гаргаж өгснөөс үүдэж нийтдээ 109 сая долларын өрөнд унаад байгаа билээ. Гэхдээ баталгаа гаргасан гэгдэж буй гэрээнүүд нь хуурамч гэдгийг Эрдэнэт Үйлдвэрийн Захирал асан Ч.Ганзориг, тухайн үеийн Төрийн Өмчийн Хорооны дарга асан Д.Сугар, Эрдэнэт Үйлдвэрийн Хуулийн хэлтсийн дарга Б.Мөнхжаргал төдийгүй Ш.Батхүү ч хүлээгээд байгаа билээ. (Үүнтэй холбогдох баримтуудыг ЭНД дарж үзнэ үү)

Гэвч Арбитр яагаад хуурамч гэрээнүүдийг үндэслэж шийдвэр гаргав гэдэг сонирхолтой асуулт гарч ирнэ. 

Яг үнэндээ Арбитр зээлд баталгаа гаргасан гэрээнүүдийг хуурамч гэдгийг нотлох ҮНДСЭН ГЭРЭЭНИЙ төслийг Монголын талаас ирүүлээгүй гэж байгаа юм. 

Тиймээс ч хуульч Б.Мэргэн Эрүүгийн цагдаагийн албанд  "Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улс дахь “Жайлесийн баримт бичгийн лабортари”-ийн шинжээч доктор Одрий Жайлесийн Арбитрт гаргаж өгсөн 2014 оны 07 дугаар сарын 03, 2014 оны 11 дүгээр сарын 14, 2015 оны 06 дугаар сарын 17-ний өдрийн нийт 3 удаагийн шинжээчийн дүгнэлтээр Эрдэнэт үйлдвэр санхүүгийн баталгаа гаргасан гэх гэрээнүүд дээр зурсан гарын үсгүүд хуурамч болох нь тогтоогдсон. 

Тиймээс Арбитрын шүүх болон Эрдэнэтийн хөлсөлсөн Английн “Taylor Wessing” хуулийн фирмээс 28 хуудас бүхий “Санхүүгийн баталгаа гаргахгүй” гэх гэрээг гаргаж өгөхийг хүссэн боловч Эрдэнэтийн одоогийн удирдлага болон хууль сахиулах байгууллага татгалзсан байна. Хэрвээ тэр гэрээг гаргаж өгсөн бол Монголын тал ялах боломжтой байсан. 

Тиймээс гэрээг Арбиртр өгөөгүй, өмгөөлөгчдөд танилцуулаагүй албан тушаалтнууд ашиг сонирхлын зөрчилтэй байсан эсэхийг шалгаж өгнө үү" гэдэг хүсэлтийг гаргаад байна. 

Өөрөөр хэлбэл Эрдэнэт Үйлдвэрийг санаатайгаар Арбитрт ялагдуулах ашиг сонирхол хэнд байв гэдэг сонирхолтой асуулт гарч ирнэ. 

Энд дурдагдаад буй 28 бүхий жинхэнэ гэрээг ямар учиртайг уншигч та гайхаж буй байх. 

Энэ талаар тухайн үед Эрдэнэт Үйлдвэрийн Хуулийн хэлтсийн дарга байсан Б.Мөнхжаргал "Өдрийн сонин" -нд өгсөн ярилцлагадаа  "Ш.Батхүүгийн барьж ирсэн гэрээн дээр гарын үсэг зурахгүй гээд “хөөгөөд” явуулсан. Гэтэл хэсэг хугацааны дараа эргээд ирж уулзсан. Тэгэхдээ баталгаа гаргана гэдэг өгүүлбэрийг хасчихлаа. Одоо энэ гэрээн дээр гарын үсэг зураад өгөөч хэмээн дахин нэг гэрээ барьж ирсэн. Энэ гэрээний агуулгыг тайлбарлая л даа. 

“Жаст” ХХК “Эрдэнэт” үйлдвэрээс зэсийн баяжмал худалдан авдаг байсан. Зэсийн баяжмал худалдан авах гэрээнийхээ эрхийг “Стандарт” банкинд шилжүүлэх болж. Ер нь зэсийн баяжмалыг “Эрдэнэт” үйлдвэр 95 хувийн урьдчилгаа авч ачуулдаг болохоор “Эрдэнэт” үйлдвэрт ямар нэгэн эрсдэлгүй бас “Эрдэнэт”-ээс гарч буй баяжмалыг хэн ямар компани авах эрх нь нээлттэй байдаг. Гэрээг уншиж үзээд нэг заалт нэмж оруулахгүй бол наад гэрээн дээр чинь гарын үсэг зурахгүй гээд 18 дугаар заалтыг оруулах шаардлагыг тавьсан. 18 дугаар заалт нь “Эрдэнэт” үйлдвэр “Жаст” ХХК-ийн өмнөөс санхүүгийн ямар нэгэн үүрэг, хариуцлага хүлээхгүй шүү гэсэн утга бүхий заалт. Зэсийн баяжмалын эрхийг шилжүүлэхтэй холбоотой гэрээнд бидний тавьсан шаардлагын дагуу дээрх заалтыг нэмж оруулаад гарын үсэг зурсан" гэжээ. 

Зураг 1, Жинхэнэ гарын үсэг бүхий 28 хуудас гэрээний 18 дугаар заалт буюу ЭҮ ямар нэгэн санхүүгийн баталгаа гаргахгүй гэсэн утга бүхий гэрээ,

 

Харин Ш.Батхүү нь Б.Мөнхжаргал, Ч.Ганзоригийг хуурч зуруулсан энэхүү гэрээний төсөл дэх гарын үсэгтэй нүүрийг ашиглаж удаа дараа хуурамч гэрээ үйлдэн Стандарт Банкнаас зээл авч байсан аж. 

Зарим улстөрч Эрдэнэт Үйлдвэрийн тухайн үеийн удирдлага энэ талаар мэдэж байсан, тодорхой гүйлгээ буюу зээлийн эргэн төлөлт ЭҮ-ийн дансанд орсон гэж буй. 

Гэтэл Жастаас төлж байсан энэхүү төлбөр нь ЭҮ-ийн бүтээгдэхүүний төлбөр байсан нь Засгийн газраас гаргасан УИХ-ын гишүүдэд зориулсан асуулгад тодорхой хариуг нь өгсөн байсан юм. 

Засгийн газрын мэдээлэлд "Эрдэнэт үйлдвэр ХХК-аас ирүүлсэн мэдээллээс авч үзвэл 2010-2013 онуудад Стандарт банкнаас нийт 213,3 сая ам долларын орлогын гүйлгээ Эрдэнэт үйлдвэрийн холбогдох дансанд орж ирсэн байна. Энэхүү орж ирсэн мөнгө нь Меркентал хаус, Миллфорд Глобал корпорациас төлөгдсөн борлуулалтын орлого гэж бүртгэгджээ" гэж тодорхой бичигджээ. 

Эх сурвалжуудын хэлж буйгаар жинхэнэ гэрээний төсөл буюу Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал нарын гарын үсэг зурсан 28 хуудас Эрх шилжүүлэх гэрээний 28 дахь хуудсыг Ш.Батхүү ашиглаж 40 хуудас гэрээ болгож ашигласан нэг удаагийн буюу 36 сая долларын зээлийн ХУУРАМЧ ГЭРЭЭНИЙ ХУУЛБАР бидний гарт ирлээ. 

Зураг 2, Жинхэнэ болон хуурамч гэрээнүүдийн нүүрүүд, 

 
 

Мөн энэхүү гэрээнд ашигласан жинхэнэ гарын үсэг бүхий 28 хуудас гэрээний төсөл буюу манай хууль хяналтын байгууллагаас Арбитрт явуулаагүй гэрээний хуулбар ч бас ирээд байна. 

Энэ бүгдээс харахад манай хууль хяналтын байгууллага чухам ямар шалтгаанаар хэргийн гол нотлох баримт болох 28 хуудас гэрээний эхийг Арбитрт явуулаагүй вэ. 

Хуульч Б.Мэргэний Эрүүгийн Цагдаагийн газарт гарсан хүсэлтэд "Арбитрийн шийдвэрийн дараа Английн Хатан хааны дэргэдэх дээд шүүхийн шүүгч нь Эрдэнэтэд давж заалдах эрх олгосон. Ингэхдээ эхлээд 51 сая ам.долларыг тусгай дансанд байршуулахыг шаардаж байснаа болиод Эрдэнэт үйлдвэр санхүүгийн тайлан, санхүүгийн чадавхтайгаа нотлох баримтыг гаргаж өгвөл давж заалдаж болно гэж шийдвэрлэсэн. 

Гэтэл энэ боломжоо ашиглаагүй. Давж заалдахаас зайлсхийсэн албан тушаалтнууд ашиг сонирхлын зөрчилтэй байсан эсэхийг шалгаж өгнө үү" гэж мөн бичжээ. 

Энэ талаар тухайн үеийн Тагнуулийн Ерөнхий Газрын дарга, одоогийн Авлигатай Тэмцэх Газрын удирдлага ямар хариулт өгөх бол?

"Гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай 1958 оны Нью-Иоркийн конвенцид Монгол Улс 1994 онд нэгдэн орсон. 

Энэ конвенцийн дагуу тодорхой үндэслэлүүд байвал гадаад улсын Арбитрын аливаа шийдвэрийг биелүүлэхээс татгалзах эрхтэй байдаг. Гэтэл Монгол Улсын Засгийн газар энэ эрхээ эдлэхээс татгалзан, Стандарт банктай төлбөрийн хэмжээг багасгах, хүү торгуулийг зогсоох тухай асуудлыг хэлэлцэхийг холбогдох этгээдэд даалгаж, төлбөрийг барагдуулах болоод байна. 

Арбитрын шийдвэр, түүний үндэслэл болсон гэрээнүүд манай улсын шүүхэд албан ёсоор ирснээр шийдвэрийг биелүүлэх эсэхийг шийдэх ёстой. Гэтэл түүнээс өмнө төлбөрийг барагдуулах гээд байгаа нь ашиг сонирхлын зөрчлөөс үүдэлтэй байж болохоор байна. Тиймээс холбогдох албан тушаалтнуудыг шалгаж өгнө үү" гэж хуульч Б.Мэргэн бас бичжээ. 

Тодруулбал, ЭҮ 109 сая долларын төлж барагдуулахаас өмнө үнэхээр баталгаа гаргаж өгсөн үү гэдгийг нотлох тэдгээр гэрээний эх хувиудыг Монголын хууль хяналтын байгууллага конвенцийн дагуу үзэж, танилцах, эх орондоо авчрах эрхтэй юм.