Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

Фэйсбүүкийн дараа Амазон хямарлаа

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Амазоны үүсгэн байгуулагч Жэф Безос технологийн салбарын лидерүүдтэй Трамп уулзах үеэр

Өчигдрийг хүртэл гайхалтай амжилттай ажиллаж ирсэн электрон худалдааны Амазон компанийн хувьцааны үнэ өчигдөр үдээс хойш 7 хувь унаж, зах зээлийн үнэлгээ нь $50 тэрбум гаруйгаар багаслаа.

Үүнд нөлөөлсөн гол шалтгаан нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Амазоныг “араандаа зуугаад” байгаа тухай мэдээ Axios мэдээллийн сайтаар цацагдсан явдал байв.

Уг мэдээлэлд өгүүлснээр угаасаа Амазонд таагүй ханддаг Трампыг түүний бизнесмэн найз нар нь бас хатгаж байгаа гэнэ. Өдрөөс өдөрт хүчирхэг болж байгаа Амазон олон салбарын бизнест дарамт үзүүлж байгаа нь нууц биш.

Амазоныг бизнесийн аль нэг салбарт орох тухай яриа гарах бүрт уг салбарын тоглогчид хямарч эхэлдэг.

Тиймээс Амазоны эсрэг монополийн, шударга бус өрсөлдөөний маргаан дэгдэж болзошгүй болжээ.

Амазоны эзэмшдэг “Вашингтон Пост” сониныг хуурамч мэдээлэл түгээдэг гэж Трамп 2015 оноос хойш шүүмжилж байгаа. 2016 оны хоёрдугаар сард хэлэхдээ тэр хэрвээ өөрөө ерөнхийлөгч болвол Амазоны асуудлуудыг сөхнө гэж амлаж байв.

Өнгөрсөн 10 гаруй хоногийн хугацаанд Фэйсбүүкийг тойрсон асуудал дэгдэхэд тус компанийн үнэлгээ уруудаж, энэ нь технологийн бусад компаниудын үзүүлэлтэд нөлөөлж эхэлсэн. Тэгвэл Фэйсбүүкийн асуудал намжаагүй байхад дахин нэг технологийн аварга компанийн асуудал өрнөж эхэллээ.

 

Эх сурвалж: Quartz