Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгос Америк автомашинд зах зээлээ нээж, өөрийн экспортыг хязгаарлуулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Америкын талд алдагдалтай худалдаа хийдэг улс орнуудын гэрээ хэлэлцээрийг өөрчлөн өөрт ашигтай болгохыг зорьж байгаа билээ.

Энэ ажлын хүрээнд тэр сүүлийн зургаан жил үйлчилсэн АНУ-Өмнөд Солонгосын чөлөөт худалдааны гэрээг шинэчлэх тохиролцоонд хүрсэн байна. Трамп одоогийн гэрээг “job killer” буюу “ажлын байрыг устгагч” гэж нэрлэж байсан юм.

Шинэ гэрээ ёсоор АНУ-ын автомашин үйлдвэрлэгч тус бүр жилд Өмнөд Солонгост экспортлох бүтээгдэхүүнийхээ хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж, 50,000 хүргэсэн байна. Мөн Америк автомашиныг экспортлоход тохиолддог хил гаалийн хүнд суртлыг Өмнөд Солонгосын тал бууруулах үүрэг хүлээжээ.

Харин эсрэгээрээ Өмнөд Солонгосын үйлдвэрлэгчдийн пикап загварын автомашинуудыг АНУ-д экспортлоход 25 хувийн татвар авахаар болсон байна. Энэ онцгой татвар 20 жилийн хугацаанд буюу 2041 он хүртэл үйлчлэх юм.

Бас Өмнөд Солонгосын тал Вашингтоны зарласан гангийн импортын 25 хувийн татвараас чөлөөлөгдөж байгаа боловч 2015-2017 онд АНУ-д нийлүүлсэн гангийн жилийн дундаж хэмжээний 70 хувиас хэтрүүлэхгүй байх хязгаарлалтад орж байна.

Өнгөрсөн онд АНУ-Өмнөд Солонгосын худалдаа Америкийн талд $23 орчим тэрбумын алдагдалтай гарсан нь Трампыг бухимдуулж байв.

2017 онд Өмнөд Солонгос нийт $15.7 тэрбумын дүнтэй 929,000 ширхэг суудлын автомашин АНУ-д экспортлосон байна. Харин Америкчууд дөнгөж $1.5 тэрбумын дүнтэй 53,000 машин Өмнөд Солонгост нийлүүлжээ.

Хоёр орны хооронд импортын татварын саад байхгүй ч гаалийн янз бүрийн шаардлага, хүнд суртлаар Америкийн барааг Өмнөд Солонгос хязгаарладаг байв.

Вашингтон-Сөүлийн шинэ тохиролцоо Өмнөд Солонгосын үйлдвэрлэгчдэд цохилт болж байна. Тухайлбал АНУ-ын өсөн нэмэгдэж байгаа пикап автомашины зах зээлд нэвтрэх эрхээ хязгаарлуулсан Hyundai Motor болон Kia Motors компаниудын үйлдвэрчний эвлэлүүд эсэргүүцлээ илэрхийлжээ.

 

Эх сурвалж: Associated Press