Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Олон нийтийн эрх ашгийг хамгаалсан объектын хувьчлалыг маш их бодож, үндэслэлтэй хийх хэрэгтэй"

Б.УЧРАЛ, iKon.mn
2018 оны 3 сарын 28
iKon.MN

Монголын эдийн засгийн чуулганы төр, хувийн хэвшлийг хэлэлцүүлэг “Хүчээ нэгтгэе” уриатайгаар Төрийн ордонд үргэлжилж байна. 

Сүүлийн жилүүдэд төрийн өмчит компаниудыг эрчимтэй хувьчлах талаар ярих болсон. Тухайлбал цахилгаан станцууд, Төрийн банк, МИАТ зэргийг нэрлэж болох юм. Гэхдээ хувьчлал хийхийн өмнө бэлтгэлтэй байх ёстой. Энэ талаар чуулганы салбар хуралдаан болох “Хувьчлал, шинэчлэл”-ээс мэргэжилтнүүдийн байр суурийг сонслоо.

 
Гэрэл зургийг MPA.mn

Төрийн өмчийг хувьчлах асуудлаар Монголын Хөрөнгийн Биржийн Гүйцэтгэл захирал Х.Алтай “Хөрөнгийн зар зээлээр дамжуулж хувьчлал ярихын тулд зах зээлийн багтаамж ямар байгааг ярих хэрэгтэй байх. Монголд санхүүжилтийн бараг цорын ганц эх үүсвэр болох зээлийн өртөг өндөр байна. Зээлийн дундаж хүү 19.9 хувь. Харин банкны хадгаламжийн хувьд дунджаар 13 хувь байна. Графикаас харахад иргэд, ААН-үүдийн хадгаламж 7.7 их наяд төгрөг. Энэ мөнгө хадгаламжаас өндөр өгөөжтэй бүтээгдэхүүнд орох боломжтой.

2017 онд манай хөрөнгийн зах зээл дэлхийн хамгийн тэргүүлэгч өсөлттэй байсан. Топ-20 индекс гэхэд 67 хувиар өссөн байгаа.

Хувьчлал явагдсанаар хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжинэ. Хувьчлагдсан компанийн үйл ажиллагаа, засаглал сайжирч, ашигтай ажиллах боломж бүрдэх юм.

Монголын Хөрөнгийн Бирж ч мөн адил хувьчлагдах боломжтой. Хөрөнгийн зах зээлийн багтаамж сүүлийн жилүүдэд өссөн. Иргэд харьцангуй өгөөж сайтай бүтээгдэхүүн байвал худалдаад авчих боломжтой байна” гэв.

"Төрийн өмчийн компаниуд жил гаруйн хугацаанд 860 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан"

 
Гэрэл зургийг MPA.mn

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор “Төрийн өмчит 126 компанийг зарчихвал авлига үгүй болно гэж мэдээлж байна лээ. Төрийн өмчийн 97 компани бий. Эдгээр компаниуд жил гаруйн хугацаанд 860 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Төрийн өмчийн бүх компаниуд алдагдалтай ажилласан гэдэг буруу.

Монгол Улс 1,900 гаруй объектыг хувьчилсан байдаг. Хувьчлалын тал дээр дөрвөн асуудал бий. Тухайлбал, хувьчлах шаардлагатай, тодорхой хэсгийг нь хувьчлах шаардлагатай, хувьчилж болохгүй объектууд байна. Улс төрийн хувьд энэ ангиллыг зөв хийх тогтвортой байдал чухал.

Дөрвөн чиглэлээр хувьчлалын төслийг би өнгөрсөн оны 6 дугаар сараас хойш Засгийн газарт оруулж байгаа.

Эрчим хүчний салбарын хувьчлалын хувьд хориотой объектын хувьчлалын асуудал бий. Одоо салбарын сайдууд нь нэг ч объект хувьчлахгүй гэж байгаа. Эрчим хүчний салбарт бодууштай зүйл бий. Тухайлбал Архангай, Говь-Алтай гэх мэт аймгууд уурын зуухнуудаа хувьчилсан. Намар болохоор хувийн сектор нь аймгаа базчихдаг. Тийм үнээр нийлүүлнэ, үгүй бол аймаг хөлдөх хамаагүй гээд гэдийгээд хэвтчихдэг. Олон нийтийн эрх ашгийг хамгаалсан объект дээр хувьчлалыг маш их бодож, үндэслэлтэй хийх хэрэгтэй.

"33 хувиас дээш хувьцаа эзэмшдэг хүмүүс нийт хувьцаа эзэмшигчдийн 0.1 хувь байна"

Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга С.Даваасүрэн “Хөрөнгийн зах зээлд хувьцаат компаниудын асуудал сөхөгдөх түвшинд байна. 2017 онд 7 тэрбум хувьцаа бирж дээр байгаагаас төвлөрөл маш өндөр. Хувьцааны тал хүрэхгүй хувийг эзэмшдэг хүмүүс нийт хувьцаа эзэмшигчдийн 98 хувь нь бол 33 хувиас дээш хувийн хувьцаа эзэмшдэг хүмүүс нийт хувьцаа эзэмшигчдийн 0.1 хувь байна. Хувьцаа цөөн хэдэн хүмүүсийн гарт төвлөрсөн байгаа. Зах зээл байгаа ч хөрвөх чадваргүй байна.

Хөрөнгийн зах зээлд нэлээн олон удаа гар хүрсэн учраас ард түмний итгэл алдарсан. Бид ямарваа итгэлгүйгээр энэ зах зээлийг удирдах боломжгүй. Хөрөнгийн зах зээлд дундын зуучлалын компаниуд чадавхтай байх ёстой юм байна.

Хувьчлалыг Хөрөнгийн биржээр дамжуулан хувьчилна гэж ярьж байна. Үүнд бэлэн үү гэдэг дараагийн асуудал. Хувьчлал хөрөнгийн зах зээлд идэвхжил авчирна. Гэхдээ бага зэрэг итгэл нь сэргэж байгаа энэ зах зээлд бид нэмэр хандив болохын тулд маш их ажиллах шаардлагатай” гэв.

"Ард түмнээ эдийн засаг, санхүүгийн мэдлэг боловсролтой болгох нь чухал"

 
Гэрэл зургийг MPA.mn

Судлаач, хөгжлийн эдийн засагч Д.ЭнхжаргалХувьчлал хийхийн тулд бэлтгэлийг маш сайн хангах ёстой. 27 жилийн турш бид хувьчлал хийсэн. Алдаа ч байсан, сайн жишээ ч байсан.

Хувьчлал хийхэд иргэдэд мөнгө нь байна уу?. Монголбанкны судалгаагаар нийт хадгаламжийн 10 хувийг хадгаламж эзэмшигчдийн 90 хувь нь эзэмшиж байна. Харин 90 хувийг нь 10 хувь нь эзэмшээд байгаа юм. Тэр 10 хувь энэ хувьчлалд оролцоод байна. Тиймээс ард түмний дунд хувьчлал гэдэг нь хувааж идэхийн дон, хэсэг хүмүүс идэх гэж байна гэж харддаг болчихсон. Тэгэхээр итгэлийг бий болгох ёстой.

Ард түмнээ эдийн засаг, санхүүгийн мэдлэг боловсролтой болгох нь чухал. Хувьчлах гэж байгаа бол ард түмнээ мэдлэгтэй, боловсролтой болгох хэрэгтэй” гэсэн байр суурийг илэрхийлж байв.

"Төрийн компаниудыг Хөрөнгийн бирж дээр гаргахад өрсөлдөх чадвар алга"

MIBG компанийн Гүйцэтгэх захирал А.БилгүүнӨрсөлдөх чадвар нь  улсын хөрөнгийг хувьчлахтай холбоотой чухал асуудал. Төрийн компаниудыг Хөрөнгийн бирж дээр гаргахад өрсөлдөх чадвар алга. Энэ компаниудын хувьцааг авах хүмүүс байхгүй байна. Өнөөгийн нөхцөл байдалд санхүүгийн үйлчилгээ, уул уурхайн салбар харьцангуй эерэг байна.

Хоёрдугаарт, хувьчлах листэнд байгаа компаниудын алсан хараа, бизнесийн загвар нь хэрхэн өөрчлөгдөх юм бэ. Аливаа хөрөнгө оруулагчид ирээдүйд яах вэ гэдгийг нь харна. Одоо байгаа хөрөнгө нь чухал биш гэсэн үг. Тухайн компаниудынхаа алсын харааг нь хөрөнгө оруулагчдад худалдаасай гэсэн саналтай байна” гэв.