Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Хүрэлбаатар: Татварын өр төлөх хугацаа 2 сар байсныг хоёр жил болгож, уян хатан шийдвэрлэхээр болсон

Т.Саран, iKon.mn
2018 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын Эдийн Засгийн Чуулган Төрийн ордонд өнөөдөр болж байна. Чуулган "Татварын хуулийн шинэчлэл" нэгдсэн хуралдаанаар үргэлжилж байна. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Сангийн яам татварын албатай хамтран Татварын хуулийн шинэчлэл хийхээр ажиллаж, олон нийтэд хэлэлцүүлгийг эхлүүлсэн. 

Татварын шинэчлэлийн гол зорилго нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг түргэтгэе, ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийн бүтцийг өөрчлөхөд чиглэж байгаа. Үйлдвэрлэл, бичил жижиг дунд аж ахуй нэгжүүдийг дэмжих агуулгыг хуульд тусгаж өгсөн.

Татварын хуулийг шинэчилснээр бизнес эрхлэх таатай орчин бүрдэнэ.Аж ахуй нэгжүүдийг дотоод гадаад гэж ялгахгүй. Хувийн хэвшлийг тууштай бодлогоор дэмжинэ.

Татварын хуулийг амжилттай хэрэгжүүлж чадвал татварын орлого буурахгүй. Аж ахуй нэгжүүдийн хувьд 50 сая хүртэлх орлоготой бол жилд нэг удаа тайлан гаргана.

6 тэрбум төгрөг хүртэлх орлоготой аж ахуй нэгжүүд жилд 2 удаа тайлан гаргах тогтолцоог бий болгож байна. Өөрөөр хэлбэл татварын тайлан авах тогтолцоог хялбар болгож байгаа юм. Монголын аж ахуй нэгжүүдэд гадаадад үйл ажиллагаа эрхлэхдээ татвар төлөхгүй. 

Хуулиар элэгдэл тооцох хугацааг бууруулж өгч байгаа. Тухайлбал барилгыг 40 жилийн элэгдэлээр тооцдог байсан бол 25 болгоод багасгаж байна. Хөрөнгө оруулалтыг хурдан хугацаанд нөхөж авах боломж бүрдүүлсэн өөрчлөлтүүдийг хуульд оруулж өгч байгаа. 

Татвар төлөгчдийн эрх ашгийг хамгаална. Татварын тайлангийн алдааг нэг жилийн хугацаанд залруулж болох боломжийг олгоно. Татварын өр төлөх хугацааг 2 сар байсныг хоёр жил болгож, уян хатан шийдвэрлэхээр болсон.  

Татварын байцаагчийн буруугаас хохирол учирвал хариуцлага тооцох талаар хуульд тусгасан. Татварын байцаагч нар үндэслэлгүй өндөр дүнтэй акт тавьдаг. Үүнээс болж татвар төлөгчид хохирдог. Үндэслэлгүй акт тавьсан татварын байцаагч нарыг Төрийн албанд 10 жил ажиллуулахгүй байх заалтыг хуульд оруулсан. 

Бид бусад орнуудын тавигдаж байгаа шаардлагуудтай хөл нийлүүлж алхахаас өөр аргагүй" гэв.