Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

Баабар: Төрийн өмч, төрийн бизнес алга болох цагт авлига өөрөө АЛГА БОЛНО

Б.УЧРАЛ, iKon.mn
2018 оны 3 сарын 28
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

Монголын Эдийн Засгийн Чуулганы эхний хэлэлцүүлэг өнөөдөр "Хүчээ нэгтгэе" уриатайгаар Төрийн ордонд эхэллээ. Чуулганаар УИХ-ын дарга, Ерөнхий сайдаас ирсэн мэндчилгээ, хэлсэн үгнээс онцлох эшлэлийг хүргэе. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: 

Засгийн газар төсвийн сахилга бат, хариуцлагыг дээшлүүлж, төсвийн алдагдлыг хоёр дахин бууруулж чадлаа. 
Монгол хүн эх орондоо ажилтай, орлоготой, сэтгэл амар амьдрах ёстой. 
Оюун санаа, эдийн засаг, тусгаар тогтнолоо батжуулахад чиглэсэн Гурван тулгуурт хөгжлийн бодлого боловсрууллаа. 
Зөв засаглалыг бэхжүүлэх үндэс нь бодлого, институцийн тогтвортой байдал. 
Бизнес эрхлэгчдийг дарамтлагчидтай хатуу тэмцэнэ. 
 
Гэрэл зургийг MPA.mn

 

УИХ-ын дарга М.Энхболд:

Энэ оны хувьд эдийн засгийн өсөлтийг дунд хугацаанд тогтвортой хадгалах, улмаар дунд хугацаанд гадаад зах зээлээс хамааралгүй, өөрөө өөрийгөө тэтгэдэг болгохын тулд бүтцийн өөрчлөлтийн бодлогыг явуулах нь чухал.
Ирээдүйн тэтгэвэр авагчийн амьдралын баталгаа, тэтгэврийн сангийн шинэчлэлийн асуудал орхигдсон хэвээр байна. 
УИХ-ын зүгээс эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд анхаарах болно. 

ГУРВАН ТУЛГУУРТ ХӨГЖЛИЙН БОДЛОГО

 
Гэрэл зургийг MPA.mn

 

Нээлтийн үйл ажиллагааны дараа Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Засгийн газрын "Гурван тулгуурт хөгжлийн бодлого"-ыг танилцууллаа. 

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/814241545428082/

Г.Занданшатар "Энэ бол төрийн бодлогын суурь баримт бичиг.  Нэгдмэл төлөвлөлт бол гурван тулгуурт бодлогын суурь юм. 
Сахилга хариуцлага бол гурван тулгуурт хөгжлийн бодлогын амин сүнс юм. 

Гурван тулгуурт хөгжлийн бодлогын Эдийн засгийн реформ нь татварын реформоор эхэлж байна. Тогтвортой ХАА хөгжүүлэх, аялал жуулчлал, дэд бүтцийн салбараа хөгжүүлэх үндсэн зорилтыг энэ хүрээнд хийнэ. 

Засаглалын реформын хүрээнд тогтвортой засаглалыг бэхжүүлнэ. Энэ хаврын чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцүүлнэ. Мөн төрийн албаны сахилга хариуцлагын тухай хуулийг хэлэлцүүлнэ. Монгол төрийн албаны шинэчлэлийн үр дүнд сахилга хариуцлагатай, тогтвортой засаглалын зарчим тууштай хэрэгжих болно. 

Иргэдээ чинээлэг болгох Нийгмийн бодлогын реформын хүрээнд баялаг бүтээгчдийг дэмжинэ. Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороог байгуулан ажиллаж байна. Татвар төлөгч, бизнес эрхлэгчиддээ дарамтгүй ажиллах нөхцөл бүрдүүлнэ. 

Дундаж давхаргаа дэмжих хүрээнд Монгол хүний хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Ажилгүйдэл, ядуурлыг арилгахын тулд ядуурлыг хяналтдаа авах ёстой. 250 мянган ядуу өрхийг бүрэн дүүрэн бүртгэж, ядуурлыг хянаж, шалтгаанаар нь ангилж, ангилал бүрт таарах ажлыг хийж орлогыг нь нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Хөгжлийн бодлогын хүрээнд 263 мянган ажлын байр бий болно" гэв. 

БААБАР: Авлигын их уурхай нь татвар төлөгчид биш. Шат шатанд суусан тамганы эзэд

 
Гэрэл зургийг MPA.mn

Гурван тулгуурт хөгжлийн бодлогын талаар Нийтлэлч Б.Батбаяр /Баабар/ үг хэллээ. Тэрбээр "Төрийн өмч, төрийн бизнес алга болох цагт авлига өөрөө АТГ-тай ч бай, үгүй ч бай алга болно. Та захын түц-нд очоод чанаргүй бараа үнэтэй шахах гээд үз. Урдаас чинь салаавч өгөөд буцаана. 

Авлига, хээл хахууль бол төрийг нь өөрийг нь мөхөөдөг. Бүх шатандаа дээрэм хийдэг төрд хүмүүс итгэхээ болино. Аргагүйн эрхэнд хүмүүс төрийн үйлчилгээний төлөө авлига өгдөг. Авлигын их уурхай нь татвар төлөгчид биш. Шат шатанд суусан тамганы эзэд.  Төрийн албыг мэддэг, мэргэжлийн хүмүүст нь даатгаасай.

Гүйцэтгэх албыг цүнх барьснаар нь юм уу, үнэнч байснаар нь хэмждэггүй. Төрийн мэргэшсэн нэг албан хаагчийг халахад түүнийг дагаад төрийн ой санамж устаж алга болдог. Сул дорой төр өөрийгөө мөхөөдөг. Хүчирхэг төр шийдвэр гаргасан бол биелүүлж, Засгийн газар хэд ч солигдсон залгамж чанартай байх ёстой. 

Хүчирхэг төр гэдэг данхар төрөөс ялгаатай. Монголын төр популизмаас салаасай. 

Монголын төр дэлхийн тавцан дээр бусад орнуудад дайсагнасан, өдөөн хатгасан үйлдэл битгий хийгээсэй. Монгол улсыг хөгжүүлэн цэцэглүүлэх нь бидний үүрэг болохоос биш тэдний үүрэг биш" гэв.

2020 он хүртэл 263 мянган ажлын байр бий болох боломж бий

 
Гэрэл зургийг MPA.mn

Эдийн засагч, доктор Ч.Хашчулуун: Гурван тулгуурт бодлогын хүрээнд хийгдэж буй хөрөнгө оруулалтаар 2020 он хүртэл 263 мянган ажлын байр бий болох боломж бий. 

Гэхдээ төлөвлөсөн хөрөнгө оруулалтаа эрчимтэй хийж, хугацаа алдахгүй байх хэрэгтэй. 

Энэ удаагийн хөрөнгө оруулалтын чиглэлийг харахад боловсруулах салбарт их байгаа нь сүүлийн 27 жилд байгаагүй. Эрчим хүч, шатахуун, хүнсийг дотооддоо үйлдвэрлэж, экспортолдог болно гэдэг нь их чухал бодлого болов уу гэдгийг онцолсон юм.

Сангийн дэд сайд Х.Булгантуяа "Гурван тулгуурт хөгжлийн бодлогыг дагаад Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг Үндэсний хөгжлийн газраас боловсруулан батлуулах ёстой. Эх үүсвэрүүдийн хувьд гадаадын зээл тусламж, улсын төсөв, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа байна гэж үзэж байна. 

Гурван тулгуурт хөгжлийн бодлогын хөрөнгө оруулалтын нийт дүн нь хэд байхыг бид тооцохоор ажиллаж байна" гэв. 

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан "2017 он амаргүй жил болж өнгөрлөө. Гэхдээ бид амжилттай даван туулсан. 2018 онд бид реформыг бодлогоо амжилттай хэрэгжүүлэх ёстой. Засгийн газраас явуулж буй бодлогыг Монголбанк дэмжиж идэвхтэй ажиллана.

Бидний тавьж буй зорилт бол Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд тусгасан шаардлагын дагуу ойрын жилүүдэд 5-7 тэрбум ам.долларын гадаад валютын нөөцтэй болно. 

Тайван нөхцөлд ажиллах боломж бүрдүүлье гэвэл бидэнд 20-30 тэрбум ам.долларын валютын нөөц байх шаардлагатай" гэв.