Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

Британий парламентчид Марк Зукербергийг “хулчгар” гэж шүүмжлэв

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Олон сая хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг улс төрийн сонгуульд ашиглуулсан гэх дуулианы улмаас Фэйсбүүк компани гүн хямралд ороод байна.

Компанийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Марк Зукербергийг өөрийн биеэр сонсголд сууж, мэдээлэл өгөхийг АНУ-ын конгрессийн гишүүд, Их Британий парламентын гишүүд шаардаад байгаа.

Тэгвэл Зукерберг АНУ-ын сенатын хорооны гишүүдийн өмнө өөрийн биеэр мэдээлэл өгөхийг зөвшөөрсөн тухай өчигдөр мэдээлжээ. Хууль зүйн болон Худалдааны байнгын хороод түүнийг уриад байгаа ба аль хорооны урилгыг залуу захирал хүлээж авсан нь тодорхойгүй байна.

Өмнө нь ийм арга хэмжээнд Марк Зукерберг огт оролцож байгаагүй. 2016 оны сонгуулийн ажиллагаанд Оросын нөлөө орсон эсэхийг шалгах ажлын хүрээнд мэдүүлэг авахад тэр доод түвшний хүмүүсээ илгээж байжээ.

Ер нь Зукерберг хэвлэлд ярилцлага өгөх дургүй, олны өмнө ил гарахдаа болгоомжтой ханддаг нэгэн тул сенатын сонсгол 33 настай гүйцэтгэх захирлын хувьд хүнд сорилт болох юм.

Олон нийттэй харилцах туршлагагүй Зукерберг хууль тогтоогчдод мэдүүлэг өгөхдөө самгардаж, компаниа хүнд байдалд оруулах магадлал өндөр. Ядаж л мэдүүлэг өгөхдөө түүний хэрхэн өөрийгөө удирдаж байгаа нь Фэйсбүүк компанийн нэр хүндэд шууд нөлөөлөх юм.

Сенатын хууль зүйн хороо бас Google-ийн гүйцэтгэх захирал Сундар Пичай, Twitter-ийн гүйцэтгэх захирал Жэк Дорси нарыг ирж мэдээлэл өгөхийг уриад байгаа. Тиймээс Зукербергийн биеэр оролцох шийдвэр тэдэнд ч бас нөлөөлөх юм.

Харин Марк Зукерберг Их Британий парламентын урилгыг хүлээж авахаас татгалзсан байна. Тус улсын парламентын хэвлэл мэдээлэл, дижитал орчны асуудал хариуцсан хороо Фэйсбүүкийн босст гурван удаа урилга явуулжээ.

Татгалзсан хариуг сонссон хорооны дарга Дэмиан Коллинз Зукербергийг “гайхмаар хачин шийдвэр” гаргалаа гэж хэлсэн байна. Өөр нэг парламентын гишүүн түүнийг “хулчгар” гэж шүүмжилжээ.

Өчигдөр бас АНУ-ын Холбооны Худалдааны Коммис (FTC) Фэйсбүүк компанийг шалгаж байгаагаа мэдээлсэн байна. Үүний үр дүнд тус компани их хэмжээний торгууль төлөх магадлалтай юм.

 

Эх сурвалж: Quartz