Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Ун Бээжингээс нутгийн зүг жолоо залжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Мягмар гарагийн үдээс хойш Бээжин хотын Дяоютай зочид буудал, төмөр замын өртөөний хамгаалалтыг сулруулж, хэвийн түвшинд ажиллаж эхэлсэн нь Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нутгийн зүг жолоо залсантай холбоотой гэнэ.

Хуяглагдсан галт тэрэг Бээжингийн төмөр замын төв өртөөнөөс хөдөлснөөс хойш хоёр цагийн дараа бүх зүйл хэвэндээ орсныг сэтгүүлчид мэдээлжээ. Мөн нэрээ нууцалсан засгийн газрын эх сурвалжууд энэхүү нууцлаг зочныг Ким Жон Ун байсныг баталсан байна.

Ким Жон Уны айлчлалын талаар Хятадын гадаад хэргийн яам, Хойд Солонгосын албаныхан ямар нэг мэдээлэл өгөөгүй байгаа юм. Уламжлал ёсоор Хойд Солонгосын удирдагчийг Хятадын нутаг дэвсгэрээс гарсны дараа албан ёсны мэдээлэл өгдөг. Тиймээс өнөөдөр ямар нэг мэдэгдэл гарна гэсэн хүлээлт хэвлэл мэдээллийнхний дунд байгаа гэнэ.

Гадаадын хүндтэй зочид буудаг Бээжингийн Дяоютай зочид буудал Даваа гарагаас эхлэн хатуу харуул хамгаалалтаар хүрээлүүлж, иргэдийг буудлаас холуур явахыг цагдаа нар шаардаж байв.

Уг буудалд Ким Жон Уны талийгаач эцэг Ким Жон Ил Бээжинд айлчлах бүртээ буудалладаг байсан гэдэг. Өчигдөр өглөөний 9:30 цаг орчимд эндээс хамгаалалттай машины цуваа гарч яваад хоёр цагийн дараа эргэж ирснийг гэрчүүд мэдээлжээ.

Үүний дараа уг цуваа Тяньаньмэний талбайгаар дайран төмөр замын өртөө рүү хөдөлсөн байна.

Ким Жон Ун 2011 онд төрийн эрхийг авснаасаа хойш гадаадын төрийн тэргүүнтэй ганц ч удаа уулзаагүй, мөн гадаад улс оронд зорчоогүй байсан юм. Тэгвэл Пёньяны дэглэмийн найдвартай ар тал гэгддэг Хятадын улсын төрийн тэргүүнтэй анх удаа уулзсан нь ирэх сард болох хоёр Солонгосын уулзалт, тавдугаар сард болох Хойд Солонгос-АНУ-ын уулзалтын өмнөх чухал үйл явдалд тооцогдож байна.

 

Эх сурвалж: South China Morning Post