Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Зуны улиралд хоёр өдөр дугаарын хязгаарлалт хийх боломжтой гэж үзэж байна"

Г.Номин, iKon.mn
2018 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Зуны бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулах асуудлаар Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяр нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/813695725482664/

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү "Нийслэлд хийгдэх бүтээн байгуулалт, дэд бүтцийн өргөтгөл, шинэчлэл, засвар үйлчилгээний ажилтай холбоотойгоор замын ачаалал нэмэгддэг. 

Дөрөвдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 1-н хүртэл бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Зөвхөн замын цагдаагийн гүүрэн гарц, зүүн дөрвөн замын огтлолцсон гүүрэн гарц төдийгүй шугам сүлжээний ажил хийгдэх учраас дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна. Хязгаарлалт хийх хоёр санал байгаа. Маргаашнаас эхлээд иргэдээсээ санал авна. Иргэдийн олонхын саналаар дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулна. Иргэд дэмжихгүй бол одоогийн зарчмаараа дугаарын хязгаарлалт үргэлжилнэ. Тэгэхээр бүтээн байгуулалтын ажил хуваарийнхаа дагуу үргэлжлэх ч түгжрэл их байна байх.

Цаашид түгжрэлийг сааруулах чиглэлээр хотын 20 уулзварыг гүүрэн гарцтай болгоно" гэлээ.

Зам хааж бүтээн байгуулалтын ажил хийх хугацаанд нарны замын урд байрлах хорооллууд руу долоон түр зам, гүүр барихаар төлөвлөсөн
 
Гэрэл зургийг mpa.mn

Бүтээн байгуулалтын ажлын талаар Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра "Замын цагдаагийн гүүрэн гарцын ажил 2.5 жил үргэжлэх байсан ч бид хүн хүчийг нэмэгдүүлэн ажиллаж, 1.6 жилд багтаан дуусгахаар ТЭЗҮ-г боловсруулаад байна. Уг гүүрэн гарц ашиглалтад орохоор нарны замын хөдөлгөөн шууд явна, төмөр замын хөдөлгөөн авто замын хөдөлгөөнийг зогсоохоо болино. 

Зам хааж бүтээн байгуулалтын ажил хийх хугацаанд нарны замын урд байрлах хорооллууд руу долоон түр зам, гүүр барихаар төлөвлөсөн"гэв.

Мөн Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяр "Замын цагдаагийн уулзвар нь Улаанбаатар хотын урд хойд хэсгийн холбодог том уулзвар. Бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай холбоотойгоор ЗЦА-наас ачааны авто машины хөдөлгөөнийг хязгаарлах санал гаргасан. "Нарантуул" худалдааны төв рүү чиглэсэн ачааны авто машинуудын хөдөлгөөн их байдаг. Тиймээс бүтээн байгуулалтын хугацаанд ачааны авто машинуудын маршрутыг өөрчлөх саналтай байгаа. 

Иргэдийн хувьд үргэлж автомашинаар зорчих шаардлагыг тавьсаар ирсэн. Өвлийн улиралд авто машингүй байх хэцүү ч зуны улиралд бол явганаар, дугуйгаар зорчих боломжтой учраас хоёр өдөр дугаарын хязгаарлалт хийх боломжтой гэж үзэж байна" хэмээн ярилаа.