Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

Хиймэл оюунаас ашиг хүртэх улс бол зөвхөн АНУ ба Хятад

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Google China компанийн ерөнхийлөгч асан, технологийн хөрөнгө оруулагч Каи Фу Ли саяхан хиймэл оюуны технологийн ирээдүйн талаар сонирхолтой ярилцлагыг Edge цахим сэтгүүлд өгсөн байна.

Түүний үзэж байгаагаар ирээдүйд хиймэл оюунаас хамгийн их ашиг хүртэх боломжтой улсууд нь АНУ ба Хятад гэнэ. Дэлхийн бусад бүх улс орнуудын хувьд хүнд асуудалтай тулгарах нь гарцаагүй гэжээ.

“Хэдийгээр хүн ам олонтой байж болох ч хиймэл оюуныг хөгжүүлээгүй, өөрийн технологи байхгүй, өөрийн Google, Baidu, Alibaba, Facebook, Amazon, Tencent байхгүй улсуудад боломж хомс. Ийм улсууд нь үндсэндээ програм өндөр хөгжсөн орнуудын дата болж хувирах юм. Жишээ нь Африкийн нэг орны иргэд Facebook, Google-ийг өргөнөөр хэрэглэдэг бол тэд дээрх компаниудад мөнгө олоход нь туслах датаг л өгдөг газар болно. Харин үүнтэй зэрэгцэн өөрсдийнх нь ажлын байр роботоор солигдсоор байх юм” гэж тэр хэлсэн байна.

Ажлын байрыг автоматжуулсан үед хүмүүс юу хийхийг Ли хэлэхдээ “Бид үнэндээ нэгэн хэвийн механик ажлыг хийхээр төрсөн амьтан биш гэдгээ ойлгох цаг ирж байна. Бид бүтээхийн тулд, хайрлахын тулд төрсөн байх. Тиймээс бид зөвхөн хүн ажиллах боломжтой ажлын байруудыг бүтээхийг зорих хэрэгтэй болж байна” гэжээ.

Нэг үгээр хэлбэл компьютер хүний үнэ цэнийг бүрэн орлох зүйл биш гэж Ли үзэж байна.

 

Эх сурвалж: Quartz, Edge