Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

Зургаан настнууд сургуульд ороход бэлэн байдаг уу?

Б.Энх, Үндэсний шуудан
2018 оны 3 сарын 27
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дээрх асуултад эцэг  эхчүүд янз янзын хариулт өгдөг ч Монгол Улсад ерөнхий боловсролд хамрагдаж эхлэх нас зургаа болоод 14 жил болжээ. Өөрөөр хэлбэл, эцэг эхчүүд хүүхдээ зургаан настайд сургуульд элсүүлж, сурагч болгох үйл явцад дасаж эхэлсэн гэсэн үг. Гэхдээ та зургаан настай алдрай үрээ сургуульд ороход сэтгэл зүйн болоод оюун ухааны хувьд бэлэн гэж бодож байна уу. Хамгийн зөв хариулт нь эцэг, эхчүүд зургаан настай хүүхдийнхээ сэтгэл зүйг сургуульд элсэхэд нь бэлтгэх.

Бэлтгэсэн тохиолдолд зургаа битгий хэл дөрөв, таван нас ч сургуульд суралцаж болох нас юм. Үүний нотолгоо нь ЮНЕСКО-гийн Статистикийн институтаас /UIS/ сургуульд орох нас, нийт сурах хугацааг газар нутгийн байршлаар нь 204 орны хэмжээнд гаргасан судалгаанд гуравны хоёр нь буюу 136 орон зургаан настай хүүхдээ сургуульд оруулж байсан байна.

Үлдсэн гуравны нэг буюу 68 орон 4, 5, 7 настайд нь сургуульд оруулдаг аж. Ганцхан жишээ хэлэхэд, Ирланд Улсын иргэд дөрвөн настай хүүхдээ ерөнхий боловсролын сургуульд элсүүлж, сурагч болгодог байна. Өөрөөр хэлбэл, хүүхэд сургуульд элсэх сэтгэл зүйн бэлтгэлтэй л бол хэдэн ч насандаа сургуульд элсэж болдгийн жишээ энэ юм.

Харин одоо хүүхдийг сургуульд элсэхэд нь хэрхэн бэлтгэх арга, туршлагаас сонирхуулъя. Хүүхдийг ивээх сангаас "Нэгдүгээр ангийн сурагчдын суралцах чадварыг дэмжихэд чиглэ-сэн сургуулийн чадавхыг бэхжүүлэх нь” төслийг Япон Улсын Гадаад хэргийн яамны санхүүгийн тусламжтайгаар нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 24 сургуульд өнгөрсөн гурван жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлжээ.

Энэхүү төслийн нэг зорилт буюу “Дасан зохицох, суралцах чадварыг дэмжих сургуулийн хөтөлбөр” юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд цэцэрлэгийн бэлтгэл буюу сургуульд элсэхийн өмнөх бүлгийн хүүхдүүдийг харьяа сургуультай нь танилцуулах, бичих, сурах дадал хэвшилд суралцахад нь дэмжих зэрэг тодорхой үйл ажиллагаануудыг хэрэгжүүлсэн юм. Тиймээс бид уг төсөл хэрэгжсэн нийслэлийн Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийг зорилоо. Тус сургууль хамран сургах тойргийнхоо 103 дугаар цэцэрлэгтэй хамтран сургууль-цэцэрлэгийн залгамж холбоог ханган ажиллах туршлага хуримтлуулжээ.

Төслийн багаас өгсөн удирдамж, арга зүйн дагуу 37 дугаар сургуулиас дараах чиглэлийн ажлуудыг тусгасан ажлын төлөвлөгөөг боловсруулж, захирал, эрхлэгчийн шийдвэрээр баталгаажуулж мөрддөг. Энэхүү төлөвлөгөөнд сургалтын агуулга, арга зүйн залгамжийг хангах зорилгоор сургууль, цэцэрлэгийн багш нарын хамтарсан уулзалт зохион байгуулах, цэцэрлэгээс сургуульд элсэн орох хүүхдийн хувийн мэдээллийг цуглуулж, нэгдүгээр ангийн багш нарт хүлээлгэн өгөх, бэлтгэл бүлгийн хүүхдүүдийг сургуультай танилцуулах аялал хийх, сургуульд бэлэн байдлын талаарх хөгжлийн үзүүлэлтийг бэлтгэж өгөх зэрэг төрөл бүрийн ажлууд төлөвлөн явуулдаг.

Эдгээрээс онцлох туршлага бол цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн багш нар хүүхэд нэг бүрээр дараах мэдээллийг агуулсан хүүхдийн хөгжлийн хавтас бүрдүүлэн нэгдүгээр ангийн багш нарт жил бүрийн хавар тавдугаар сард хүлээлгэн өгч хэвшсэн ажил юм. Дээрх төлөвлөгөөний хүрээнд цэцэрлэг, сургуулийн багш нар харилцан танилцах айлчлал, сургалтыг тус тусын байгууллага дээр зохион байгууллаа.

Цэцэрлэг дээр зохион байгуулсан сургалтын явцад тус цэцэрлэгийн багш нар 37 дугаар сургуулиас очсон бага ангийн багш нарт цэцэрлэгийн анги бүлгийн орчин, хүүхдийн сургалт хүмүүжлийн үйл явцтай танилцуулснаас гадна багш бүр цэцэрлэгийн цөм хөтөлбөрийн агуулгын хөдөлгөөн-эрүүл мэнд, байгаль-нийгмийн орчин, хэл яриа, математик гэсэн бүрэлдэхүүн хэсгүүдээр хүүхдэд эзэмшүүлэх чадвар, дадал, сургалтын арга зүйн онцлогийн талаар хичээл заасан.

Харин сургуулийн зүгээс сургууль, анги танхимын орчинтой танилцуулахаас гадна нэгдүгээр ангийн хүүхдийн сургалтын хөтөлбөр, арга зүйтэй танилцуулах, хүүхэд нэг бүрийн хөгжлийн талаар мэдээллийг цуглуулах арга зүйн чиглэлээр сургалт явуулсан байна.

Тус цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн багш Х.Буянхишигтэй уулзахад “Хамран сургах тойргийнхоо цэцэрлэгтэй хамтран ажилласнаар зургаан настай хүүхдүүд сургуульд элсэн суралцах үедээ сургуулийн орчинд дасан зохицох үйл явц нь илүү түргэн явагддаг болох нь ажиглагдсан. Жишээлбэл, Энэхүү төсөлд хамрагдахаас өмнө манай сургуулийн нэгдүгээр ангийн бүлэг бүрээс ихэвчлэн 4-5 хүүхэд эхний долоо хоногтоо уйлах, анги руугаа орохгүй ээж ааваасаа салахгүй зууралдах, багшаасаа айх зэрэг сэтгэлзүйн сөрөг үзэгдлүүд гардаг байсан.

Харин хүүхдийг цэцэрлэгийн бэлтгэл бүлэгт байх үеэс нь сургууль, анги, багш, найз нөхдийнх нь хамтаар сургуулиар аялуулах, нэгдүгээр ангийн багш нарыг өмнөх шатны боловсролын байгууллагын сургалтын онцлог арга зүйтэй танилцуулах зэрэг арга хэмжээг сургууль цэцэрлэг хамтран зохион байгуулснаар хүүхдэд тохиолдох сэтгэлзүйн сөрөг үзэгдлүүд багасаж улмаар сургуульдаа хурдан дасан зохицож, хүүхдүүдийн суралцах чадвар ахиж байгаа. Сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байгаагүй хүүхдэд сургуульд элсэх нь цэцэрлэгт хамрагдаж байсан хүүхдээс илүү хүнд тусдаг.

Энэ бэрхшээлийг богино хугацаанд даван туулах боломжоор Хүүхдийг ивээх сангийн “Нэгдүгээр ангийн сурагчдын суралцах чадварыг дэмжихэд чиглэсэн сургуулийн чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хамт олон гуравхан жилийн хугацаанд ч гэсэн хангаж өгсөнд баярлаж байгаа. Гэхдээ хүүхдийг сургуульдаа дасан зохицох үеийн бэрхшээлийг хамтран даван туулах арга замыг бид цаашид хэрэгжүүлсээр, улам сайжруулсаар байх болно. Үүнд эцэг, эхийн үүрэг оролцоо маш чухал. Хүүхдийнхээ сургуульд суралцах бүх талын бэлтгэлийг хангаагүй тохиолдолд зөвхөн зургаа ч биш долоо, найм, аравтай ч хүүхэд дээрх бэрхшээлтэй зайлшгүй тулгарна” гэсэн юм.

Дээрх ярианаас ямар ч насны хүүхэд сургуульд элсэхэд төдийлөн бэлэн биш байдаг бөгөөд эцэг эх, асран хамгаалагчид нь тэднийг сурагч болоход нь туслах, дэмжих, бэлтгэх ёстой гэдэг нь харагдаж байгаа юм.

Үүнээс гадна нэг чухал зүйл нь зургаан настай, уншиж, бичиж чадахгүй багачуудад сургуулийн орчинтойгоо дасан зохицоход тулгардаг нэг бэрхшээлийг даван туулахад тус төслийнхөн таних тэмдэгжүүлэх арга хэмжээ зохион байгуулсан байна. Тодруулбал, Сургууль бүр үлгэрийн баатар, хүүхэлдэйн киноноос сэдэвлэсэн, хүүхдэд сонирхолтой, ойлгомжтой тэмдэг тэмдэглэгээг хүүхдийн оролцоонд тулгуурласан зургийн уралдаанаар шалгаруулж шилдэг бүтээлүүдийг тэмдэг, тэмдэглэгээ болгон сургуулийн дотоод болон гадаад орчинд байрлуулсан нь ихээхэн үр дүнд хүрсэн байна.

Эдгээр тэмдэг, тэмдэглэгээг нэгдүгээр ангийн хичээлийн танхим, номын сан, биеийн тамирын заал, дуу хөгжмийн танхим, цайны газар, бие засах газар, сургуулийн ажилтнуудын өрөөнд байрлуулсан. Түүнчлэн сургуулийн гадна орчинд уурын зуух, нүх зэрэг хүүхдэд аюултай газруудад анхааруулах тэмдэглэгээ тавьсан. Зарим тэмдэглэгээг хичээлийн жилийн эхэнд зурган хэлбэрээр хийж, хүүхдийн харааны түвшинд байрлуулсан. Эдгээр зурган тэмдэглэгээг сургуулийн танилцуулгад тайлбартай нь оруулснаас гадна сургуультай танилцах аяллын үеэр хүүхдүүдэд танилцуулан нүдлүүлдэг.

Нэгдүгээр ангийн сурагчдад зориулсан таних тэмдгүүдийг агуулсан сургуулийн дотоод болон гадна орчны зураглал боловсруулж давхар бүрт байрлуулжээ. Энэ нь хүүхэд сургуулийн орчинтой хурдан танилцаж дасахад дөхөм болохоос гадна уншиж сураагүй хүүхдүүд бие даан анги танхим, бусад газруудыг хялбархан олоход тусалж буй хэрэг юм. Түүнчлэн уг таних тэмдгийн тусламжтайгаар сургууль, ангийн дэгийг ойлгон мөрдөхөөс гадна хүүхдийг болзошгүй эрсдэлээс хамгаалах ач холбогдолтой юм.

Зураг