Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Ун анх удаа хил давж, Бээжинд ирээд байна

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Даваа гарагт Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Хятадын нийслэл Бээжин хотод ирснийг Блүүмберг агентлаг хэд хэдэн эх сурвалжийн баримт дээр үндэслэн мэдээлжээ.

Нууцлаг галт тэрэг Хойд Солонгосоос гаран Бээжинд өндөр хамгаалалтын дор ирж, зүүн хойд Хятадын төмөр замын өртөөнүүдийг түр хугацаанд хаахад хүргэсэн байна.

Бээжингийн төмөр замын өртөөнөөс олон тооны мотоцикльтэй хамгаалагч бүхий нүсэр цуваа хотын төв рүү хөдөлснийг мөн гэрчүүд мэдээлжээ.

Хэрвээ Ким Жон Ун Бээжинд ирсэн нь батлагдвал 2011 онд төрийн эрхэнд гарснаасаа хойш тэр анх удаа хил давж, гадаад орны төрийн тэргүүнтэй уулзсан хэрэг болж байгаа юм. Мөн дэглэмийг нь гол дэмжигч Хятадын эрх баригчидтай тааруу харилцаатай байсны эцэст ийнхүү Бээжинд айлчилж байгаа нь түүхэн чухал үйл явдал болж байна.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Ким Жон Уны уулзалтын урилгыг хүлээн авсан нь түүнийг ийнхүү Хятадын талтай өмнө нь зөвшилцөхөд хүргэсэн бололтой.

Трамп-Кимийн уулзалтын үр дүнд Вашингтон Хойд Солонгост нөлөөгөө тогтоох, эсвэл хоёр Солонгос нэгдэх нь Хятадын сонирхлын эсрэг алхам болох юм.

Тиймээс уулзалтын өмнө Ши Жиньпинтэй Ким Жон Ун уулзаж, бодлогоо нэгтгэх шаардлагатай.

Хойд Солонгосын дэглэмийн аюулгүй байдалд баталгаа өгч чадах гол хүч бол Хятад улс юм.

Даваа гарагийн турш Хятадын иргэд Ким Жон Уны айлчлалын тухай сошиал сувгаар хэлэлцэж байв. Тэд хаалттай байгаа төмөр замын өртөөнүүд, Бээжингийн гудамжаар яваа хамгаалалттай цувааны зураг, дүрсийг хуваалцаж байлаа.

Ким Жон Уны хөлөглөж яваа галт тэргийг өмнө нь түүний эцэг Ким Жон Илийг Бээжинд айлчлахад ирж байсан галт тэрэгтэй адилхан байгааг зарим хэвлэлүүд мэдээлжээ.

Эх сурвалж: Business Insider