Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын 116 дипломатчийг АНУ тэргүүтэй Британий холбоотнууд нутгаасаа хөөлөө

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Их Британий нутаг дэвсгэрт Оросын тагнуулын ажилтан асны амийг хорлох ажиллагаа явуулсных нь төлөө АНУ, Европын орнууд ОХУ-ын дипломатчдыг хөөх шийдвэр гаргалаа.

Энэ бол Британий засгийн газартай нэгдмэл байр суурьтай байгаагаа илэрхийлсэн холбоотнуудын хамтарсан арга хэмжээ байв. 20 гаруй улс орон Британитай нэгдэж, нийтдээ 100 гаруй дипломатчийг нутаг дэвсгэрээсээ хөөн гаргахаар болжээ.

Оросын тал тагнуул асан Сергей Скрипаль, түүний охин Юлия нарыг хордуулаагүй гэдгээ мэдэгдэж, холбоотнуудын эсрэг хариу арга хэмжээ авна гэж амласан байна. Скрипаль болон түүний охины биеийн байдал хүнд байгаа юм.

Их Британи өмнө нь Оросын элчингийн 23 ажилтныг хөөх шийдвэр гаргаад байсан.

Тэгвэл Даваа гарагт дараах улс орнууд мөн адил арга хэмжээ авлаа.

Үүнд:

  • АНУ 60 дипломатч
  • Европын Холбооноос Франц 4, Герман 4, Польш 4, Чех 3, Литва 3, Дани 2, Нидерланд 2, Итали 2, Испани 2, Эстони 1, Хорват 1, Финланд 1, Унгар 1, Латви 1, Румынь 1, Швед 1,
  • Украин 13
  • Канад 4
  • Албани 2
  • Австрали 2
  • Норвеги 1
  • Македон 1

Эдгээрээс гадна Исланд улс ОХУ-тай дээд түвшний яриа хэлэлцээрээ зогсоож, энэ онд болох хөлбөмбөгийн ДАШТ-д удирдагчид нь оролцохгүй болжээ.

Их Британи улсын засгийн газрын сайд, парламентын гишүүд, Хатан хааны гэр бүлийнхэн мөн ОХУ-д энэ зун болох ДАШТ-д оролцохгүй гэдгээ энэ сарын эхээр мэдэгдсэн юм.

Австри, Грек, Португал улсууд Британий шийдвэрийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн ч Оросын дипломатчдыг нутгаасаа хөөхгүй байхаар болжээ.

АНУ-ын засаг захиргаа Вашингтон дахь ОХУ-ын элчин сайдын яамны 48 ажилтныг, Нью Йорк дахь НҮБ-ын төлөөлөгчийн газраас 12 ажилтныг тус тус хөөхөөр болж, Сиэтл дэх Оросын консулын газрыг хаахаар болсон байна.

Өнгөрсөн түүхээс харвал 1986 онд АНУ-ын ерөнхийлөгч Рональд Рейган ЗХУ-ын 80 дипломатчийг нутгаасаа албадан гаргаж байв. Мөн 2016 онд Барак Обама сонгуулийн үйл ажиллагаанд нөлөөлсөн шалтгаанаар ОХУ-ын 35 дипломат ажилтныг хөөж байжээ.

Харин энэ удаагийн арга хэмжээ нь Оросын түүхэнд тохиосон хамгийн олноор албадан гаргасан хэрэг болж байна.

 

Эх сурвалж: BBC