Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

Олон мянган Молдовчууд Румынд нэгдэхийг шаардан жагсжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн амралтын өдөр Молдовын нийслэлд 10,000 гаруй хүн жагсаж, хөрш Румынтай улс орноо нэгтгэхийг уриалжээ.

Европын Холбооны гишүүн Румынь улстай түүний зүүн хойд хөрш Молдов нэгдэх магадлал бага хэдий ч тус улсын дотрох Өрнөдийг дэмжигчид, Москваг дэмжигчдийн зөрчлийг харуулсан явдал байв.

Жагсаал тайван болж өнгөрсөн ба цагдаа нар уг жагсаалыг тараах гэсэн 21 хүнийг баривчилж, тэднээс хийн баг, хутга зэргийг хураасан байна.

19 дүгээр зуунд Молдов нь Оросын эзэнт гүрний нэг хэсэг болж, Бессарабия хэмээн нэрлэгддэг байв.

Дэлхийн нэгдүгээр дайны дараа энэ жижиг улс Румынд нэгдсэн боловч 1940 онд Зөвлөлт Холбоот Улс буцааж авсан юм. 1991 онд ЗХУ задран унахад тэд тусгаар тогтнолоо олж, Молдов улс болсон байна.

Одоо тус улсын хүн ам Румынь хэлтэй олонх болон Орос хэлтэй цөөнх гэж хоёр хуваагддаг. Орос хэлтнүүд Трансднестрийн бүсэд оршин суудаг юм.

Өчигдрийн арга хэмжээ Молдов улсыг Румынд нэгдсэний 100 жилийн ойтой давхцсан ба Румыний экс ерөнхийлөгч Траян Басеску оролцсон байна.

Ноён Басеску нэгдэх асуудлаар санал хураахыг Молдов болон Румыний парламентад уриалж байгааг хэвлэлд ярьжээ.

Молдовын засгийн газар Европын Холбоотой ойртохыг эрмэлздэг бол ерөнхийлөгч Игорь Додон нь Москвагийн талыг баримталдаг.

Энэ онд болох парламентын сонгуульд Додоны нам ялбал Румынтай нэгдэхийг уриалдаг байгууллагуудын үйл ажиллагааг хориглоно гэдгээ тэр мэдэгдэж байсан юм.

Ням гарагт болсон нэгдлийн төлөө жагсаалын эсрэг хариу жагсаал хийхгүй байхыг, өдөөн хатгалгад автахгүй байхыг Додон өөрийн талынханд анхааруулж байв.

 

Эх сурвалж: Independent