Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

Баатарлаг цагдаагийн үхлийг сайшаасан Франц улс төрч баривчлагджээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Баасан гарагт Францын өмнөд хэсэгт гарсан террорист халдлагын улмаас дөрвөн хүн алагдсаны нэг нь цагдаагийн дэд хурандаа Арно Белтрам байсан юм.

Тэрээр барьцааны эмэгтэйгээр өөрийгөө сольж, алан хядагчийг устгахад тусалсны дараа шархаа даалгүй эмнэлэгт нас барсан. Өнөөдөр Францчууд түүнийг үндэсний баатар хэмээн өргөмжилж байгаа юм.

Тэгвэл Францын зүүний үзэлтэй улс төрч Стефани Пуссиер хурандааг нас барсныг сонссоныхоо дараа твиттер хуудсандаа олон нийтийг цочроосон мэдэгдэл бичсэн байна.

Тэр эхлээд “Цагдаа алагдах тоолонд би өөрийн найз Рэми Фрайзийг дурсдаг” гэж бичсэн юм. Түүний найз болох байгаль орчныг хамгаалагч 2014 онд нэгэн далангийн асуудлаас үүдэлтэй тэмцэлд оролцож яваад цагдаа нарын зэвсэгт өртөж амиа алдаж байжээ.

Дараа нь тэр дахин бичихдээ “Энэ удаа хурандаа байгаа нь бүр сайн хэрэг! Бас Макроны нэг дэмжигч хорогдож байна гэсэн үг” гэсэн байна.

Удалгүй Пуссиерийн твиттер хуудас устгагджээ.

Цагдаа нар Ням гарагийн 11:30 цагт улс төрчийг баруун хойд Франц дахь гэрээс нь баривчилсныг прокурорын мэдэгдэлд өгүүлсэн байна.

Тэрээр террорист үйлдлийг зөвтгөсөн шалтгаанаар долоо хүртэл жил хоригдож, 100,000 еврогийн торгууль төлөх магадлалтай болжээ.

Пуссиер өнгөрсөн оны сонгуульд хэт зүүний үзэл баримтлалтай La France Insoumise намаас нэр дэвшээд ялагдаж байсан юм.

 

Эх сурвалж: AFP