Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Магалжав: МҮБХ-ны тэргүүнүүд орон тооны бус байдлаар ажиллана

С.Бадрал, iKon.mn
2018 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Монголын Үндэсний Бөхийн Холбооны "Их эе"-ээс сонгогдсон Цэцдийн зөвлөлийн шинэ гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Улсын заан Ц.Магалжав МҮБХ-ны “Их Эе” амжилттай болсон хэмээн үзэж байгаагаа хэлээд хурлаас гарсан зарим шийдвэрийг танилцууллаа.

Тэрбээр "200 төлөөлөгч оролцох ёстой байсан "Их эе"-д 153 төлөөлөгч өөрийн биеэр оролцож, мандатаа авсан.

“Их Эе”-ийн хурлын хамгийн анхаарал татсан асуудал нь МҮБХ-ны тэргүүнийг сонгох асуудал байлаа. МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж хурлын үеэр тэргүүнд нэр дэвшихгүй гэдгээ хэлсэн. Ингээд хурлын төлөөлөгчид Холбооны тэргүүнд  УИХ-ын гишүүн, дархан аварга, Б.Бат-Эрдэнэ, дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Г.Эрхэмбаяр болон миний /улсын заан Ц.Магалжав/ нэрийг дэвшүүлсэн ч дархан аварга Б.Бат-Эрдэнээс бусад нь нэрээ татсан.

МҮБХ-ны тэргүүнийг сонгох санал асуулгад 143 төлөөлөгч саналаа өгсөнөөс гурван санал хүчингүй болж, 140 санал буюу 98 хувийн саналаар Б.Бат-Эрдэнэ сонгогдлоо.

Мөн Цэцдийн зөвлөлд 91 гишүүний нэрийг дэвшүүлсэнээс 67-г сонгосон бөгөөд 39 нь бөх байгаа. 

Өдрийн 11:00 цагт эхэлсэн хурал маань шөнийн 02:00 цаг хүртэл үргэлжилж дээрх шийдвэрүүдийг гаргасан. Цаг орой болсон байсан учраас ярилцаад10 хоногийн дараа Цэцдийн зөвлөл хуралдаад тэргүүлэгчдээ сонгохоор болсон. Монголчууд бүх зүйл дээр хоёр хуваагдаад байна гээд байгаа. Монгол бөхийн холбооны хувьд хоёр хуваагдах үндэслэл байхгүй. Тиймээс цаашдаа энэ талцал хуваагдлын тухай асуудлыг арилгая л гэж зорьж байгаа. 

Холбооны тэргүүн, дэд тэргүүн нь орон тооны бус, гүйцэтгэх захирал орон тооны байдлаар ажиллаж, аливаа шийдвэрийг тэргүүлэгчдийн зөвлөлд оруулан шийдүүлж байхаар тогтлоо. Өмнө нь бүх үйл ажиллагааг холбооны тэргүүн зохион байгуулж, шийдэж байсныг өөрчилсөн. Бүтцийн хувьд нэлээд хэдэн өөрчлөлт хийлээ" гэв.