Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

"Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний асуудлыг НУХАЦТАЙ ШАЛГАЖ байна"

Б.УЧРАЛ, iKon.mn
2018 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Авлигатай Тэмцэх Газраас өнөөдөр 3 дугаар сарын ажлын тайлангаа танилцуулах хэвлэлийн бага хурал өнөөдөр хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/813153908870179/

АТГ-ын урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү "АТГ-ын ажлын хэсгүүд өнгөрсөн оны 11 дүгээр сард 21 аймаг, 98 суманд ажилласан. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Авлигын эсрэг боловсрол олгох, урьдчилан сэргийлэх цуврал сургалтыг зохион байгуулж байна. Он гарснаас хойш 13 яамны ажилтнууд болох 1,150 төрийн албан хаагчийг сургалтад хамрууллаа. 

Мөн Глоб Интернэшнл ТББ-тай хамтран эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сургалтыг зохион байгууллаа. 

АТГ-т ирүүлсэн өргөдөл гомдлын тоон мэдээллийн хувьд өнгөрсөн 3 дугаар сард нийт 130 өргөдөл, гомдол иржээ. Үүнээс 86 нь гэмт хэргийн шинжтэй, 36 нь авлига албан тушаал, хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотой. 

Авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 43 гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэсэн. 

Өнгөрсөн сард хийгдсэн төлөвлөгөөт хяналт шалгалтын явцад гурван албан тушаалтны ХАСХОМ зөрчилтэй гарсан. Гурван хүний цалинг бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан.

26 холбогдогчтой, 400 тэрбум төгрөгийн хохиролтой хэргүүдийг шүүхэд шилжүүлсэн байна. 

Мөн УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямааг яллагдагчаар татах саналыг Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлээд байна." гэв.

ҮХЦ-ийн гишүүн Сугарыг гэрчээр байцаалт авсан. Гарын үсгийг нь хуурамчаар зурсан байх магадлалтай гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан
 
Гэрэл зургийг mpa.mn

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Эрдэнэтийн 51 хувьтай холбоотой ҮХЦ-ийн гишүүн Сугарыг хэрэгт татах үндэслэл байгаа юу. Хоёрдугаарт С.Баярыг яллагдагчаар татсан юм уу, хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн гэдэг нь юу гэсэн үг вэ. М.Энхсайханд мэдүүлэг өгөх хугацаа өгсөн гэсэн. Хугацаа нь дууссан. Одоо яах вэ?

Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог: Эрдэнэттэй холбоотой асуудал дээр товчхон ойлголт өгье. Эрдэнэт үйлдвэр, Жаст компани Стандарт банкнаас зээл авсан асуудал дээр АТГ-т мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 

Тухайн үед холбогдолтой байсан хүмүүсийг нарийвчлан шалгах ажиллагаа явагдаж байна. Нэлээн гүнзгий, анхаарал татах асуудлууд бий. Таны асууж буй хүмүүсийг, тухайлбал С.Баярыг гэрчээр татаж байцаалт авсан. Яллагдагчаар татаагүй. 

Батхүү гэдэг хүнийг нэгбүрчлэн шалгаж байна. Стандарт банкаар ямар хэмжээний зээл авч, тухайн зээл юунд зарцуулагдсан бэ гэдгийг нарийвчлан шалгаж байна. 

Энэ хэрэгтэй холбоотой Монголын томоохон ААН-үүд хамаарагддаг. Батхүүтэй холбоотой өмч хөрөнгийг шалгаж, бие биедээ бэлэглэсэн, илт бага үнээр худалдан авсан гэх мэт сэжиг бүхий зүйлсийг нь шалгаж байна. 

ҮХЦ-ийн гишүүн Сугарыг гэрчээр байцаалт авсан. Гарын үсгийг нь хуурамчаар зурсан байх магадлалтай гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Дахиж дуудна. 

ТЭЦ-4-ийн захирал Анхбаярт эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байгаа. 

М.Энхсайхан Таван толгойн орд газрыг ашиглах төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашигласан уу гэдгийг Нийслэлийн прокурорын газраас шалгаж байгаа. Ирсэн. Өнөөдөр байцаалтаа өгөөд байж байна.

-Алтжин группийн захирал Алтангийн хувьд ямар асуудал байгаа вэ. Мөн С.Баярцогтын асуудал юу болж байна. Төрийн өндөр албан тушаалтнуудын хэрэг замхардаг. Та нарт дарамт шахалт ирдэг үү?

-Жаст компанийн Батхүүтэй холбоотой асуудал дээр Алтжин группийн захирал Алтангаас тайлбар, байцаалт, мэдүүлэг авсан байдаг. Одоо ч авна. 

Оюу толгойн гэрээтэй холбоотой асуудлаар Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хэрэг үүсгэсэн, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Энэ асуудал дээр Сангийн сайд асан С.Баярцогтыг дуудаж мэдүүлэг авсан. Олон албан хаагчтай холбоотой анхаарал татах асуудлууд бий. Нухацтай шалгана.

 
Гэрэл зургийг mpa.mn

-Хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгасан үр дүнгийн талаар мэдээлэл өгөөч?

Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Х.Хашбаатар "Энэ жил 40,075 албан тушаалтан ХАСХОМ гаргасан. Бид жилд дунджаар 500 орчим албан тушаалтныг нь шалгадаг. 

Сая гурван албан тушаалтанд сахилга хариуцлага тооцсон тухай та бүхэнд мэдээллээ.

Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог: Д.Гантулга гишүүнтэй холбоотой хэргийг цагдаагийн байгууллагатай хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа.

Албан тушаалтай холбоотой хэрэг байна уу үгүй юу гэдэг дээр АТГ шалгаж байна. Д.Гантулга гишүүнийг дуудаж байцаалт авсан. 

Яллагдагчаар татах тогтоолыг Нийслэлийн Прокуророос гаргаж, танилцуулахаар 18 удаа хандсан. Гишүүн өөрөө хуралтай, орон нутагт, гадаадад томилолттой байна гэдэг шалтгаантай байна. 

Нийслэлийн Прокурорын газраас шүүхэд баривчлах санал хүргүүлсэн ч  шүүхээс үндэслэлгүй гэж татгалзсан. Одоо хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна."

- С.Баярцогтод хэрэг үүсгэн шалгаж байгаа юм уу, эсвэл гэрчээр байцаалт авч байгаа юм уу?

Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог: -Оюу толгойн хэрэгтэй холбогдуулан С.Баярцогт, С.Баяраас байцаалт авсан. Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой тухайн үеийн албан тушаалтнуудаас буруутай үйлдэл тогтоогдвол прокурорт яллагдагчаар татах санал хүргүүлнэ. Тийм учраас маш нухацтай шалгаж байна.

- Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалтай холбоотой хэрэг ямар шатанд явж байна вэ?

Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог: -Н.Золжаргалтай холбоотой хэргийг АТГ-аас шалгаж байна. Монголбанканд шалгалт хийгдсэн. Дүн нь удахгүй гарна.