Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

Кока Кола ундааны дэлхийн хамгийн том савлагч дээрэмчдийн халдлагын улмаас ажиллагаагаа зогсоожээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Coca Cola Femsa бол Мексикийн Гуэрреро мужид оршдог, Кока Кола ундааны дэлхийн хамгийн том савлагч үйлдвэр юм.

Тэгвэл тус үйлдвэрийг орон нутгийн гэмт хэргийн бүлэглэлүүд байнга дарамталж, халдах болсны улмаас үйл ажиллагаагаа тодорхойгүй хугацаагаар зогсоож байгааг Баасан гарагт мэдэгджээ.

Эрх баригчид энэ байдлыг засаж, сайжруулах дорвитой алхам хийхгүй байгаагаас мөн ийм арга хэмжээ авахад хүрсэн гэнэ. Coca Cola Femsa-г Мексикийн Fomento Economico Mexicano компанийн 47 хувийн эзэмшилтэйгээр байгуулж, 40 орчим жил ажиллуулжээ.

Мексикийн эрх баригчдын зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүдтэй хийсэн дайны улмаас сүүлийн 10 жил орчим үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан гэнэ. Гэтэл нэгдүгээр сараас эхлэн мафийнхны халдлага, дарамт нэмэгдэж, тус компани өмч хөрөнгөө болон ажилчидаа хамгаалж дийлэхгүй болсон байна.

Баасан гарагийн өглөө Гуэрреро мужийн цагдаагийн газрын төлөөлөгч Рикардо Алварез Хередиа Кока Колагийн үйлдвэрийн дэргэд 20 орчим зэвсэгт этгээдтэй буудалцсаны эцэст халдлагыг зогсоосон тухай мэдээлж байв.

Дээрэмчид зугтаж, цагдаа нар ачааны машин, галт зэвсэг, Молотов коктэйль зэргийг олзолжээ. Мөн дээрэмчдээс нэг хүнийг баривчилсан байна.

2006 онд засгийн газрын явуулсан дайнаас хойш дээрэмчид жижиг бизнесүүдийг үе үе дарамталдаг болсон ч том компаниуд, гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд руу халдах нь ховор болоод байжээ.

2014 оны дундуур Pepsi Co компанийн үйлдвэрт дээрэмчид довтолсон нь гадаадын томоохон аж ахуйн нэгжид хийсэн анхны халдлагад тооцогдож байжээ.

Гадаадын хөрөнгө оруулалт Мексикт цутгасан хэвээр байгаа ч тэд ихэвчлэн хүчирхийллийн түвшин бага бүс нутгуудыг сонгодог байна. Мексик даяар хүн амины хэрэг 2016-2017 онд 14 хувиар нэмэгдсэн гэсэн тоо бий. Гуэрреро мужид энэ хугацаанд 100,000 хүнд ноогдох аллага 61.67 тохиолдлоос 64.26 болж нэмэгдсэн нь Мексиктээ тэргүүлэх үзүүлэлт юм.

 

Эх сурвалж: Business Insider