Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Гэрэлцэцэг: Балетын удирдаачид нот руугаа харах боломж олддоггүй

Ч.Гантулга
2018 оны 3 сарын 26
Зууны мэдээ
Зураг зураг

Энэ удаагийн дугаарын зочноор УДБЭТ-ын концертмейстер, Монголын анхны эмэгтэй удирдаач Туулайхүүгийн Гэрэлцэцэгийг урилаа.

-Та Монголын анхны эмэгтэй удирдаач болж, дуурийн урлагийн түүхэнд нэрээ мөнхөлж байна. Баяр хүргэе?

-Баярлалаа. Удирдаач мэргэжлээр саяхан дипломоо амжилттай хамгааллаа. Удахгүй театртаа ирж ажиллана даа.

-Өмнө нь ажиллаж байсан театртаа, дассан хамт олонтойгоо дахин ажиллана гэхээр сайхан байна уу?

-Би театртаа концертмейстерээр 20 гаруй жил ажилласан. Энэ хамт олон амьдралын минь нэгээхэн хэсэг гэж ойлгож болно. Тиймээс уран бүтээл­чидтэйгээ илүү ихийг хийхийн төлөө хөдөл­мөрлөх болно.

-20 жил гэдэг хүний амьдралын багагүй хугацаа шүү?

-Тэгэлгүй яахав. 17 настай жаахан охин байхдаа театр хэмээх энэ ариун сүмийн босгоор алхаж, өдийг хүртэл урлагийн сайхныг мэдэрч, түүгээр өөрийгөө хөглөж явна. Магадгүй сонгодог урлаггүйгээр өөрийгөө төсөөлж чадахааргүй болсон байх.

-Би таныг 17 настайдаа анх театрт хөл тавьсан гэж бодохгүй байна. Өмнө нь аавыгаа дагаад ирж байсан байх?

-Театрын уран бүтээлчээр 17 настай байхдаа ирж байсан. Түүнээс өмнө мэдээж аавыгаа дагаад ирэлгүй яахав. Хүүхэд нас минь энэ ягаан байшинд л өнгөрлөө шүү дээ. Харин гурван настай байхдаа үзэгчийн хувиар анх театртай танилцаж байсан юм байна.

-Таны эмээ бас энэ театрт насаараа хөгжимчин хийсэн гэж байсан?

-Эмээ минь театрт хийл хөгжим тоглодог байсан. Намайг дагуулж явах их дуртай. Хань татаад л . Тэр үеэс театрын бүх тоглолтын хамгийн жаахан, хамгийн үнэнч үзэгч нь би байдаг байлаа.

 -Тэр үеэс сэтгэлд тань үлдсэн сайхан дурсамж байдаг л байх даа?

-Хүүхдэд зориулсан “Шидэт ваар” гээд хошин дуурь үзэж байснаа мартдаггүй юм. Том вааран дотроос хүмүүс гарч ирж дуулахад нь их сониучирхаж, гайхдаг байсан. Мөн “Жизель” бүжгэн жүжгийг их үзсэн. Эмээ минь дор хөгжим тоглоод сууж байхад эмээгийнхээ дээх нь зогсож байгаад үздэг байлаа. Жаахан байсан учир харагдахгүй болохоор нь өлмийгөө өргөж байгаад л үздэг байснаа мартдаггүй.

-Таны аав дуурийн театрын нэрт удирдаач Н.Туулайхүү. Ааваасаа удирдаачийн хувьд, хүний хувьд их олон зүйлийг сурсан байх даа?

-Аав минь надад анх удирдаач болох санал тавьсан юм. Их олон жил хүн хайж, ажиглаж явсан юм билээ. Гэвч санаанд нь нийцэх хүн ховор байсан гэсэн. Тиймээс намайг “Чи л чадна. Дэлхийн олон оронд эмэгтэй удирдаачид бий” гэж урам өгсөн. Ааваасаа их олон зүйлийг одоо ч сурсаар явна. Аав минь их хөдөлмөрч хүн. Ялангуяа, сонгодог урлагийн төлөө цохилох зүрхтэй. Энэ сайхан чанарыг нь өвлөж авах сан гэж хүсдэг.

-Анх удирдаач болох санал тавихад нь эргэлзэх бодол төрсөн үү?

-Монголд эмэгтэй удирдаач байхгүй. Тиймээс өөрийгөө чадах болов уу гэж бодох үе байсан. Гэхдээ аав минь надад итгэсэн болохоор тэр итгэлийг нь алдахыг хүсээгүй.

-Аавдаа зэмлүүлэх үе гардаг уу?

-Уран бүтээл бүхний минь хамгийн эхний үзэгч нь аав минь байдаг. Загнахаасаа илүү надад их урам өгч, хурцалсныхаа дараа тэр хэсэгтээ анхаараарай, тэгэх хэрэгтэй байсан шүү гэж зөвлөдөг.

-Та дипломоо “Хунт нуур” бүжгэн жүжгээр хамгаалсан гэж байсан?

-Дэлхийн балетын урлагийн ноён оргил болсон “Хунт нуур” бүтээлээр дипломоо “онц” дүнтэй хамгаалсан. Тавдугаар сард дипломоо гардаж авна.

-Удирдаач болоход хамгийн эхэнд ямар төлөвшлийг өөртөө суулгах ёстой вэ?

-Хөгжмийн мэдлэг, сонсгол сайтай байхаас гадна гарын хөдөлгөөн, биеийн байдал их чухал. Хэтэрхий жижигхэн биетэй бол хөгжимчиддөө харагдахгүй байх жишээтэй. Энэ мэт удирдаач хүн их олон шалгуурыг давдаг.

-Та дуурийн удирдаачаар мэргэшнэ гэж байсан. Энэ нэр томьёог өмнө нь сонсож байгаагүй юм байна?

-Би балетын концертмейстерээр ажиллаж байсан. Энэ 20 жилийн хугацаанд 30 гаруй балетад тасралтгүй ажиллажээ. Театрт тавигдсан бүх бүтээлийн хөгжмийг бараг чээжээр мэднэ. Балетын удирдаач болоход миний концертмейстер хийж байсан туршлага их нөлөөлсөн.

-Гэхдээ концертмейстер, удирдаач хоёр асар ялгаатай?

-Тэгэлгүй яахав. Концертмейстер бол гараа хөдөлгөөд, өөрөө л тоглоно. Харин удирдаач бүх хөгжимчинг удирдаж, тэдний аялгууг нэгэн цэгт уялдуулж, ая танг нь нийлүүлнэ гэхээр илүү хүнд, мэдрэмж шаардсан ажил л даа.

-Балет удирдахдаа та ямар арга барилыг эрхэмлэдэг вэ?

-Бүжигчдийнхээ онцлогийг их хардаг. Тэд зарим өдөр эрч хүчтэй байдаг бол хааяа жаахан хүндэрчихдэг. Мэдээж хүн юм чинь сэтгэл санаа, биеийн байдлаас болоод өдөр бүр тайзан дээр гарахдаа харилцан адилгүй байдаг. Тэр бүхнийг удирдаач харж, ажиглаж, мэдэрч байх хэрэгтэй. Дуурийн удирдаач хүн дуучнаа сонсож удирддаг бол балетын удирдаачид нот руугаа харах боломж олддоггүй.

Зураг