Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Даш: Хоёр жилээр эрхээ хасуулсандаа гомдолтой байгаа

Б.Мөнхзул, Үндэсний шуудан
2018 оны 3 сарын 26
Үндэсний шуудан
Зураг зураг

Наадмын бус үеэр Монголын үндэсний бөхийн холбооноос бөхчүүдээс анх удаа допингийн шинжилгээ авсан. Харин энэхүү гэнэтийн шалгалтад дөрвөн бөх унав. Улмаар тэд ч хэрэглэсэн эм нь хориотой эсэхийг мэдээгүй гэдгээ олон нийтэд мэдэгдэж, допингоо хүлээн зөвшөөрсөн. Тэгвэл хүлээн зөвшөөрснийх нь хариуд Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид нэр бүхий дөрвөн бөхийн барилдах эрхийг хоёр жилээр хаслаа. Нэг талаараа энэ нь бөхчүүдэд том сануулга болов.

Харин нөгөө талаар допинг хэрэглэснээ хүлээн зөвшөөрсөн дөрвөн бөх Монголын үндэсний бөхийн холбооноос оногдуулсан шийтгэлд гомдолтой байгаагаа илэрхийллээ. МҮБХ-ны журмын 4.1 -т допинг илэрсэн бөхийн барилдах эрхийг хоёр жилээр хасна хэмээн заасан байдаг аж. Энэ дагуу арга хэмжээ авсныг МҮБХ-ны экс удирдлагууд хэлсэн.

Допингтой нэр холбогдсон дөрвөн бөхийн нэг нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат улсын начин Э.Даш юм. Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан мэдэгдэл гаргаад байсан. Харин энэ удаа манай сонинд хандан болсон процессын талаар ярилцлага өгөхийг хүссэн юм. Түүний ярилцлагыг хүргэе.

-Сайхан хаваржиж байна уу?

-Сайхан. Та сайхан уу.

-За бөх сонирхогчдын хамгийн их ярьж буй сэдэв нь допинг болоод байна. Дөрвөн бөхөөс допинг илэрсний нэг нь та. Яаж яваад үүнтэй холбогдчихов. Хэдийгээр та өөрийн фэйсбүүкээр дамжуулан мэдэгдэл хийсэн ч амнаас тань албан ёсоор сонсмоор байна?

-Юун түрүүнд бөхөд хайртай ард түмнээсээ танай сониноор дамжуулан уучлалт хүсье.

Миний бие одоогоос хоёр жилийн өмнө буюу 2016 оны зургаадугаар сарын 28-нд Монгол бөхийн өргөөнд болсон наадмын сорилго барилдааны үеэр баруун тохойгоо мулталсан удаатай. Тэр бичлэг, фото зураг нь одоо хүртэл байдаг юм. Тухайн үед гэмтлээ эмчлүүлэхдээ бүрэн гүйцэд эдгээлгүй барилдсаны улмаас барилдааны явцад хоёр удаа хөндөгдөж тохой орчмын зөөлөн эд, үеийн шингэн, шөрмөсний хатангиршил гэсэн оноштой болсон.

Ингээд олон хүнээс асууж сурагласны эцэст Хятадад үйлдвэрлэсэн үе мөчний тариаг хийлгэсэн юм. Тариа нь үе мөчинд үнэхээр сайн юм билээ. Допингийн шинжилгээ авахаас бараг cap гаруйн өмнө би эмчийн зөвлөгөөний дагуу энэ тариаг хэрэглэсэн. Тариа ч үр дүнгээ өгч эхэлсэн. Харамсалтай нь, дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргадаг хориотой эмийн жагсаалтад орсон байсныг нь үнэхээр мэдсэнгүй. Ингэж л хамаг хэрэг мандлаа.

-Сэргээшийн шинжилгээг 2017 оны арванхоёрдугаар сарын 17-нд авсан. Гэнэтийн шинжилгээний дараа энэ тарианыхаа талаар санаа зовниж байсан уу?

-Ёстой үгүй. Энэ тариаг хориотой эмийн жагсаалтад ордог гэдгийг шинжилгээнийхээ хариуг авсны дараа л мэдсэн. Шинжилгээний хариу cap гаруйн дараа надад ирсэн. Шинжилгээгээр эерэг хариу гарсан байсан. Тохойны бэртэлдээ хэрэглэсэн тухайн тарилгад допингд хамаарах хориотой бодис байсан гэж шинжилгээгээр гарсан гэсэн.

-Таны хэрэглэсэн тариаг судалж үзсэн. Монголд тусгай захиалгаар нийлүүлдэг юм билээ. Нэлээд хүчтэй, бас эртнээс хориотой эмийн жагсаалтад орсон байна. Та бэртэлдээ өөр эм тариа хэрэглэж үзсэн үү?

-Тийм үү. Үнэхээр мэдээлэл муутайгаасаа болоод хариуцлагагүй алхам хийлээ. Анх удаа л авч үзсэн нь энэ. Даанч болдоггүй юм байна. Бэртэлдээ хамгийн сайн гэсэн эм тариаг хэрэглэсэн ч үр дүнгээ өгөөгүй. Тэгээд л эцэст нь Хятадад үйлдвэрлэсэн тариаг авсан юм.

-Ингэхэд та нар хориотой эмийн жагсаалтын талаар хэр мэдлэгтэй байдаг вэ?

-Ер нь мэдлэг муутай шүү дээ. Мэдээлэл их хомс байдаг

-Яагаад тэр вэ. Монголын үндэсний бөхийн холбооноос жил бүрийн наадмын өмнө бэлтгэл дээр тань очиж танил цуулж, ухуулга хийдэг биз дээ?

-Тэр ч тийм. Гэхдээ үнэнийг хэлэхэд хангалттай байдаггүй. Мэдлэг, мэдээлэлтэй байсан бол юу гэж өдийд ийм асуудалд орооцолдоод явах билээ.

-Их спортынхон допингийн сургалтад байнга хамрагддаг. Харин та нарт энэ талаар сургалт зохион байгуулах гэхээр ирдэггүй гэж байсан. Энэ үнэн юм уу?

-Мэдэхгүй. Надад лав тийм зүйл сонсогдож байсангүй. Өөрт хэрэгтэй зүйлд хүн ямар нэгэн аргаар цаг заваа зарцуулаад оролцохыг л бодно биз дээ. Уг нь бөхчүүдэд ийм, тийм эм тарилга нь хориотой бодисын жагсаалтад орсон байдаг тухай мэдээлэл хангалттай өгдөг бол бид ингэж хохирохгүй л дээ.

-Тэгвэл та Спортын төв ордонд болдог сургалтад сууж үзсэн үү?

-Үгүй.

-МҮБХ-ны тэргүүлэгчид хуралдаад нэр бүхий дөрвөн бөхийн барилдах эрхийг хоёр жилээр хасах шийдвэр гаргасан. Улсын гарьд Ө.Бат-Орших гомдолтой байгаагаа илэрхийлсэн байна. Харин та энэ шийдвэр дээр ямар байр суурьтай байна вэ?

-Мэдээж сэтгэл санаа сайхан биш байна. Би ч бас гарьдын нэгэн адил гомдолтой байгаа. Арай л шударга бус шийдвэр гэж дүгнэсэн.

-Яагаад?

-Бөхийн холбооны тэргүүлэгчид гээд хэдхэн хүн сууж байгаад ийм шийдвэр гаргачхаж болохгүй биз дээ. Наадмын бус үеэр илэрсэн. Дээрээс нь санаатай биш гэдгийг олон түмэн мэднэ. Тийм байхад жаахан уян хатан хандсан бол гэж бодсон. Журмандаа бол хоёр жил эрхийг нь хасна гэж заасан юм билээ. Гэхдээ энэ бол арай л хатуудсан журам гэж бодож байна. Тэгэхээр би л хувьдаа дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Энд нэг зүйлийг хэлье. Тухайн бөхөд шийтгэл оногдуулах гэж байгаа бол эхлээд заавал дуудаж уулзах ёстой биз дээ. Бөхчүүд чинь робот биш. Адилхан л хүн. Бэртэж, гэмтэж, өвдөх тохиолдол олон гарна.

Тамирчдын олонх нь бэртлийг тойрдоггүй, дайрдаг. Тэр болгондоо эмчид үзүүлж, магадалгаа авдаг. Элдэв асуудалд орооцолдохоос болгоомжилж эм тариагаа хүртэл авахдаа мэргэжлийн эмчтэй зөвлөдөг. Гэтэл тэр магадалгааг харахгүйгээр шууд шийдвэр гаргачхаж болохгүй шүү дээ. Тэгээд шийдвэр гарсныг нь сонсоод би дэд тэргүүн Д.Данзан гуай руу ярьсан. Өмнөөс “Цахимаар мэдэгдсэн. Тиймээс үүнийг мэдэгдсэнд тооцно" гэж хэлж байна билээ. Ийм байж болохгүй байх аа.

Өмнө нь улсын баяр наадамд шөвгөрсөн, цолоо ахиулсан бөхчүүдээс сэргээшний шинжилгээ авдаг байсан. Ер нь ч авдаг. Гэтэл өнгөрсөн жил анх удаа тэмцээний бус үеэр сэргээшийн шинжилгээ авсан. Баяр наадмын тухай хуулиа бол дагаж мөрдөнө. Гэвч тэмцээний бус үед сэргээшийн шинжилгээ авч бүдэрсэн тохиолдолд барилдах эрх хасна гэдэг хууль байхгүй. Үндэсний бөхийн холбооны 5-6 гишүүн хуралдаад баталсан журам л байдаг юм билээ. Энэхүү журмаар бидний эрхийг хасах шийдвэр гаргасан байна. Тиймээс энэ шийдвэрийг шударга биш гэж үзэж эсэргүүцэж байгаа.

-Нэгэнт гарсан шийдвэрийг буцаахгүй л байх. Та одоо яах бодолтой байна вэ?

-Хууль хяналтын байгууллага асуудлыг шийдэх биз. Тэр болтол нь хүлээж л байя даа.

Зураг