Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

Бөхчүүдийн "Их Эе" маргааш хуралдана, гэвч...

Б.Мөнхзул, Үндэсний шуудан
2018 оны 3 сарын 23
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Бөх сонирхогчдын анхаарлыг татаж буй Монголын үндэсний бөхийн холбооны ээлжит VIII “Их Эе” маргааш хуралдана. Тэгвэл өчигдөр Монгол бөхийн өргөөнд дархан аварга А.Сүхбатын талын хүмүүс болон хууль хүчний байгууллагынхан дайран орсон. Ингэхдээ шүүхийн шаардлага хүргүүлэх гэсэн боловч хаалгаа онгойлгоогүй учир хүч хэрэглэн, хаалгыг нь эвдсэн тухай тайлбар хийжээ.

Тэднийг Монголын үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн Д.Данзан, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтбаатар, улсын гарьд Н.Ганбаатар нар зогсоож багагүй маргаан дэгдээсэн байна. Энэ талаар Баянзүрх дүүргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ажилтан хэлэхдээ “Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны гуравдугаар сарын 22-ний өдрийн 5,552 гэсэн шүүгчийн захирамжид Монголын үндэсний бөхийн холбооны 2017 оны зургаадугаар сарын 22-ны өдрийн “Их эе” хурлыг зарласан тогтоол хэрэгжүүлэхтэй холбоотой гарсан тодорхой үйл ажиллагаа явуулахгүй байхыг хариуцагч Монголын үндэсний бөхийн холбоонд даалгасан захирамж гарсан.

Уг захирамжийг МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзанд өчигдөр /уржигдар/ гардуулж өгсөн. Өнөөдөр /өчигдөр/ Р.Нямдорж гуайд өөрт нь өгөх гэж ирэхэд эсэргүүцэл үзүүлсэн байдалтай байна. Төрийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулж, дотогш нэвтрүүлэхгүй байгаа учраас цагдаагийн байгууллага хүч нэмэгдүүлж ирсэн.

Дэд тэргүүнээр дамжуулж, мөн утсаар нь мессеж илгээж мэдэгдсэн. Хэрвээ гарч ирж, эсвэл биднийг дотогш оруулж захирамжаа хүлээж авахгүй бол дараагийн арга хэмжээгээ авна” гэв. Уг шүүхийн шийдвэрийн захирамжид маргааш хуралдах “Их Эе”-ийг шүүхийн шийдвэр гартал түдгэлзүүлсэн, мөн МҮБХ-ны тамга тэмдгийг Р.Нямдоржийг ашиглахгүй байхыг тусгажээ. 

Хэн, юу хэлэв 

МҮБХ-ны дэд тэргүүн Д. Данзангийн "Гацуурт"-ын Ерөнхийлөгч Л. Чинбатад хаягласан захианаас:

-Таныг МҮБХ-г сонирхоод эхлэхэд чинь Ноён уулыг хамгаалагчдын төлөөлөл бидэнд Таны тухай халагламаар мэдээлэл, хачирхмаар баримт өгсөн бөгөөд үүнээс үзвэл Та тийм ч ариун цагаан хүн биш байна лээ дээ. МҮБХ-ны тэргүүн болъё гэж үнэхээр хүсээд байгаа бол гуравдугаар сарын 24-нд болох МҮБХ-ны “Их Эе”-д нэрээ дэвшүүлэн шударгаар өрсөлдөхийг урья. 

Дархан аварга X. Баянмөнх:

МҮБХ-ноос бөхчүүдийн нийгмийн асуудал, эрх, нэр төрийг хамгаалах талаар зохиож байгаа ажил байхгүй. Харин ч нэр төрийг нь гутааж байна. Шээсний шинжилгээ авбал, тусгай хяналтын комисс авах ёстой. Сүүлийн арав гаруй жил нэг эмч, сувилагч хоёр л шээсний шинжилгээ авсаар ирсэн. Бөхчүүд тэр хоёр эмчийн хажууд ариун цэврийн өрөөнд ороод хэний ч байж болох шээсийг саванд хийгээд өгчхөж байна. Үүнийг хэн ч мэдэхгүй, хяналт байхгүй. Монгол үндэсний бөхийн төлөө хийж байгаа ажил байхгүй, харин ашиг хонжоо хайдаг.

Зураг