Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

С.Баярцогт: Швейцарийн банканд надад ямар нэгэн данс байхгүй

А.Үлэмж, iKon.mn
2018 оны 3 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Сангийн сайд асан С.Баярцогт өнөөдөр /2018.03.21/ хэвлэлийн бага хурал хийлээ.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/810375975814639/

С.Баярцогт "Миний талаар Ройтерс агентлагаар гарсан мэдээг манай хэвлэл мэдээллийн байгууллагууд хэсэгчлэн болон бүтэн орчуулан хүргэсэн. Мөн манай намын шийдвэр гарч, намын гишүүнчлэлээс хассан талаараа мэдээлэл өгсөн. Намын дарга нарын шийдвэрээр намаас хассан.

Энэ дагуу та бүхэнтэй өнөөдөр уулзаж байна. 

Маш олон хүнд эргэлзээ, хардлага байна. Энэ бүгдэд хариулт тайлбар өгөх ёстой. Манай хууль хүчний байгууллагууд энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байна. 

Би АНУ-д оюутан болчихсон хэдий ч энэ хэрэгтэй холбоотойгоор эргэн ирсэн. Асуудлыг эцэслэх хүртэл Монголдоо байна. 

Оюутолгой төсөлтэй холбоотойгоор төслийг хийсэн хүмүүсийг авлига хээл хахууль авсан гэх асуудлыг олон жил ярьж байна. 

Монгол Улсын Авлигатай тэмцэх газар, Швейцарийн прокурорын газартай хамтран энэ хэргийг шалгаж байгаад баяртай байна. Манайхан өөрсдөдөө итгэдэггүй учир гадны улстай хамтран шалгах нь зүйтэй гэж үзэж байна. Эдгээр шалгалтаар бүх зүйл тодорхой болно. 

Оюутолгой төслийг  хэрэгжүүлэхээр “Рио Тинто”-той хэлэлцээрийг удирдаж байсан, хийсэн хүмүүсийг  хардаж сэрдэх, муу сайнаар ярих зүйл ихээр гардаг.

Гэхдээ 2009 онд энэ төсөл дээр Засгийн газрыг төлөөлөн ажилласан хүмүүс Монгол улсынхаа төлөө чин сэтгэлээсээ чөмгөө дундартал зүтгэж ажиллаж хийсэн. Сайн гэрээ хийсэн. Төгс төгөлдөр зүйл гэж байхгүй. Сайжруулахын төлөө байнга ажиллаж ирсэн.

Би энэ төслийг удирдаж байхдаа Монголын үр өгөөжийг 3 тэрбум ам.доллараар сайжруулсан. 2011 онд хийсэн өөрчлөлтөөр 1 тэрбум ам.доллараар сайжруулсан.

Би Монгол Улсын хариуцлагатай, хүндтэй ажлыг олон удаа хийж байсан. Өөрийгөө болон гэр бүлээ аваад явах оюуны болоод бизнесийн чадвартай.

Хардах эрх хүн бүхэнд байдаг хэдий ч эцэслэж, нягтлаагүй зүйл дээр анхааралтай хандах хэрэгтэй.

Монгол Улсын нэр хүндтэй холбоотой, харилцагч талын хүсэл сонирхол бүхий асуудал олон бий. Бид бүгд бодох хэрэгтэй.

Би маш олон ажлыг өөрийнхөө нэр төр, улстөрийн карьераар дэнчин тавьж байж хийсэн. Миний хажууд нэг ч сайд байгаагүй.

Ройтерс бол нэр хүндтэй агентлаг. Би тэр мэдээг уншсан. Маш их субьектив мэдээлэлтэй байсан. 

Тэнд бичигдсэн хоёр тоо үнэн байна. Би энэ зүйлийг ялгаж, салгаж ярих хэрэгтэй байна. 

2006 онд намайг таягтай явж байхыг олон хүн харсан байх. Би хөлөө хугалаад, 6 сар орчим хэвтэрт байсан. 2007 он хүртэл би тэгж явсан. 

1996 онд би Германд сургууль төгсөөд ирэхдээ 20,000 дойч маркийн төсөлтэй ирж байсан анхны Монгол оюутан.

Дараа нь 2001 онд би Колумбийн их сургуульд сурахдаа 70,000 гаруй долларын тэтгэлэг авсан. 

Ингээд өөрийн хийж байсан бизнесээ найзуудтайгаа нийлээд, дээрээс нь Монголын нэртэй бизнесмэнээс зээл аваад 8.2 сая еврог Швейцарт 5 сард нээлгэсэн байсан дансандаа хийлгэсэн. 

Тэрний нэг данс нь офшортой холбоотой данс. Харамсалтай нь 2008 онд хямрал болсон учраас зээл өгсөн бизнесмэн зээлээ бүгдийг эргүүлж авсан. Үлдэгдэл мөнгө нь 2013 онд компани хаагдах үед бүгд дууссан. Одоо надад Швейцарт ямар нэгэн данс байхгүй ээ. 

Тэр царцаагдсан гэж буй данс бол харамсалтай нь, 10 жилийн өмнө надад тус болж өөрийнхөө данснаас миний мөнгийг шилжүүлж өгч байсан Монгол бизнесмэний данс байна. Тийм учраас одоо үүссэн байгаа энэ хэргийг эцэслэсний дараа тэр хүний мөнгийг гаргаж өгөх байх. Ийм л зүйл болсон.

Тэгэхээр Оюутолгойн гэрээнээс жилийн өмнө хувь хүнийхээ зүгээс хийгдсэн ажлыг Оюутолгойтой шууд уялдуулсан. Ийм мэдээлэл болсоноороо Ройтерийн мэдээ маш учир дутагдалтайэ

Тэр мэдээ гарсны дараа Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр Рио Тинтойгийн хувьцааны үнэ унасан. Энэ хэний ашиг сонирхол вэ? Энэ бүгдийг ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй. 

Ардчилсан намын гаргасан шийдвэр бол нэмэгдэлтэй. Надаас хэн ч юу ч асуугаагүй. Шүүхээр асуудлыг шийдэж дуустал хүнийг гэм буруутай гэж үздэггүй. Манай намын удирдлагууд ийм дуулиан шуугианыг далимдуулан маш богино хугацаанд намаас хөөж байна.

Ардчилсан нийгэмд алдаж оноод, хөгжиж дэвшээд явж байна. Гэхдээ бид үндсэн суурь зарчмаа хамгаалах ёстой.

Хууль хүчний байгууллага дээр яригдаж байгаа асуудлууд цаг хугацаандаа багтаад шийдэгдээсэй гэж хүсэж байна. Үүний дараагаар би та бүхэнд нээлттэй ярьж өгнө. Болсон бүх үйл явдал маш адал явдалтай уран сайхны кино. 

Би зөв зүйл хийж байна гэж бодсон учраас өөрийнхөө нэрээр тэр дансыг нээсэн, компаниа байгуулсан. Миний хамгийн том алдаа бол хөрөнгө оруулгын мэдүүлэг дээрээ бичээгүй байсан. Үүний төлөө би хариуцлага хүлээгээд УИХ-ын дэд даргаас огцорсон. Би хуулинд зааснаас өндөр арга хэмжээ өөр дээрээ авсан. Би үлгэр жишээ үзүүлэх ёстой гэж бодсон

Оюутолгойн гэрээ үнэхээр зөв, ямар ч авлигагүй сайн гэрээ болсон гэдгийг харуулна. Үүнийг би харуулахгүй. Монгол, Швейцарийн хамтарсан шалгалтын баг харуулна. Энэ төсөл 100 жилийн настай. Одоо 9 жил үргэлжилж байна. Өнөөдрийг хүртэл асуудал нь үргэлжилсээр байна. Тиймээс энэ асуудлыг цэгцлэх ёстой.

Би 2013 онд УИХ-ын гишүүн байхдаа АТГ-т шалгуулж байсан. Одоо жирийн иргэн болчихоод бас АТГ-т шалгуулж байна. Би хууль хүчний байгууллагад хүндэтгэлтэй хандаж байгаа. Хандах хэрэгтэй гэж үзэж байгаа олон нийтийг хүндэтгэж байгаа. Гэхдээ өөрийнхөө байр суурийг та бүхэнд нээлттэй, ил тод хүргэнэ" гэв.