Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/19-НД НИЙТЛЭГДСЭН

Музейг ҮНЭГҮЙ өдрүүдээр нь л үзэх ёстой юу?

О.Булган, iKon.mn
2018 оны 3 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Долоо хоногийн турш нийслэлийн музейн дотор болон гадна эмх замбараагүй байдал, урт дараалал үүссэн харагдаж, үзэгчдийн дийлэнх нь ерөнхий боловсролын сурагч багш, эцэг, эхтэйгээ зогсож буй нь харагдлаа. Тус өдрүүдэд хотын хөдөлгөөн болон замын түгжрэл ч эрс нэмэгдсэн нь анзаарагдаж, нэг л музей өдөрт дунджаар 4,000-6,000 гаруй хүн хүлээн авч ачааллаа дийлэхгүй хэмжээнд хүрчээ.

Учир нь 2018 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс долоо хоногийн турш орон даяар Улаанбаатар хотноо “Музейн нээлттэй өдрүүдийг”-ийг жил бүр зохион байгуулж хэвшүүлэхээр БСШУС-ын сайдын тушаал гарснаар энэ жил анх удаагаа зохион  байгуулагдаж өндөрлөлөө.

“Иймэрхүү үйл ажиллагаа гэнэт хийснээр музейд ажиллаж буй боловсон хүчний тоо цөөн учир хүн хүчний тоо дутсан хүндрэлүүд гарсан. Дээр үеийн картны барааны үед бий болдог байсан урт дараалал, шахцалдаан шиг л зүйл болсон. Мөн манай үзэгчдийн соёл маш тааруу байгаа нь харагдлаа” Үлэг гүрвэлийн төв музейн захирал Н.Жавзмаа ярив.

Улсын хэмжээнд нийт 36 музей үнэ төлбөргүй ажиллаж Улаанбаатар хотод 11, орон нутгийн хэмжээнд 25 музей үнэгүй үйл ажиллагаа явуулж ихэнх музейд долоо хоногийн дотор жилд үйлчлүүлдэг хүний тоог давсан үзэгчид хүлээн авсан тухай Засгийн Газрын мэдээ сонины нийтлэлд дурджээ.

БСШУС-ын сайдын гаргасан уг тушаал иргэдэд өөрийн улсын соёл, түүх, ёс зан заншил болон үндэсний бахархал, үнэт зүйлсийг танин мэдэхэд том хөрөнгө оруулалт болж байгаа ч нөгөө талаар Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй цөөхөн хэдэн музей жилийн маш бага орлоготой ажилладаг бөгөөд өөрийн сан хөмрөгийг ч сэргээн засварлах хангалттай орлого олдоггүй. Дээр нь бүтэн жилийнх нь тоог давах хэмжээний үзэгчид долоо хоногт үзсэн нь музейд бага зэрэг хохирол учруулсан байхыг үгүйсгэхгүй.

Энэ талаар Монголын Үндэсний музейн Бодлого төлөвлөлт удирдлагын хэлтсийн дарга И.Будбаяр “Өдөрлөгийн үеэр өдөрт 13-14 мянган хүн ирсэн нь музейн ажиллах ачааллыг мэдээж давсан. Үзэгчдийн хувьд ч мөн ая тухтай үйлчлүүлэх бололцоог хангах боломжгүй болсон. Насны ангиллаар өдөр өдөрт нь хуваасан бол илүү замбараатай байх байсан болов уу. Гэхдээ энэ жил анх удаагаа зохион байгуулагдсан болохоор мэдээж учир дутагдалтай байсан ч ирэх жилүүдэд илүү сайжруулна гэж найдаж байна" гэсэн юм.

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй ихэнх музей жилийн дөрвөн улиралд тогтмол үйл ажиллагаа явуулж долоо хоногт нэг удаа амарч, өглөөний 09:00 цагаас оройн 17:00 цаг хүртэл үйл ажиллагаа явуулдаг байна.

Музейн тасалбарын дундаж үнийг судлахад хүүхэд 500-2,000 төгрөг, том хүн 2,000-6,000 төгрөг байна.

Бүх нийтийг соён гэгээрүүлэх, түүх, урлаг соёлын боловсрол олгох зорилготой нийслэлийн хэмжээнд олон арга хэмжээ хэрэгжүүлдэг ч ихэнх нь энэ удаагийх шиг үнэ төлбөргүй болдоггүй.

Гэнэт гаргасан сайдын тушаалаар орон даяар долоо хоног музейгээр амьсгалж өнгөрлөө. Энэ явдлаас ажиглагдсан хоёр зүйл нь, эхнийх нь үзэгчид олон нийт музей үзэх хүсэлтэй ч үнэтэй учир үздэггүй. Эсвэл холбогдох яам тамгын газар нь сурагчид, хүүхдүүдэд зориулсан танхимаас гадуурх хичээл, соёл, танин мэдэхүйн арга хэмжээ огт зохион байгуулдаггүй гэж харагдана.

Эцэг, эхчүүдийн хэлж буйгаар сургуулийн эрхлэгчид, багш нар сайдын тушаал биелүүлэхийн тулд хүүхдүүдийг бүгдийг нь музей үзэх лүндэн буулгасан гэх.  

Үүнээс үүдэж аав, ээжүүд долоо хоногийн дотор хүүхдүүдээ музей үзүүлэх гэж ажлаасаа чөлөө авах ч тохиолдлууд олноороо гарчээ. 

Нэг музей өдөрт 13,000-15,000 хүн хүлээж авсныг харахад монголчууд үнэхээр түүх, соёлын арга хэмжээгээр дутагдаж байв уу эсвэл зүгээр л үнэгүй юманд “шуурдаг” монголчуудын сурсан зан байв уу гэдэг асуулт зүй ёсоор тавигдаж байна. 

 
Нээлттэй хаалганы өдрүүдээр иргэдийн ярьж буйгаар ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад үргэлж үнэ төлбөргүй үзүүлдэг болчихвол музейн тогтмол үзэгчид нэмэгдэж, хүндрэл учруулахгүй байхаар юм гэж байлаа. Музейн боловсрол болон ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрийн хүрээнд музейтэй хэрхэн уялдуулж, ямар бодлого, чиглэл баримталж, үйл ажиллагаа явуулдаг талаар БСШУС-ын яамнаас тодруулга авах гэсэн боловч удахгүй манайх музейн нээлттэй өдрүүдийн талаар бүх мэдээлэл статистикийг гаргах учир мэдээлэл өгөх боломжгүй гэсэн хариу өглөө.

Монголын Үндэсний музей ерөнхий боловсролын сурагчдад чиглэсэн ямар үйл ажиллагаа явуулдаг талаар сонирхоход И.Будбаяр “Юун түрүүнд цэцэрлэгийн насны хүүхдүүд болон өндөр настнууд манайхаар үргэлж үнэгүй үйлчлүүлдэг. Манай музей бие дааж жилд 30 гаруй ерөнхий боловсролын сургуультай хамтран сурагчдад түүхийн боловсрол олгох янз бүрийн үйл ажиллагаа тогтмол зохион байгуулдаг. Манай музейн зүгээс хоёр жилийн өмнө БСШУС-ын яам болон УИХ-ын нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдийг үнэгүй үзүүлэх боломжоор хангаж өгөх тухай албан тоот хүсэлт гаргаж байсан, нийслэлийн төсөвтэй холбоотойгоор одоог хүртэл тодорхой хариу өгөөгүй байна. Энэ асуудал дахин хөндөгдөх байх гэж найдаж байна” гэлээ.

Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй музейнүүдээс хамгийн их хүүхэд залуусын сонирхлыг татдаг нь Үлэг гүрвэлийн төв музей.

 

Тус музейн захирал Н.Жавзмаагаас уг асуудлын талаар тодруулахад “Өнөөдөр Дэлхий болон Монголын хэмжээнд үлэг гүрвэлийн талаар маш их анхаарал хандуулж сонирхох болсон.Тийм ч учраас бид музейн нэршлээ хүртэл үлэг гүрвэлийн төв музей гэж өгсөн. Ер нь манай музей хүүхэд залуучуудын музей гэж хэлж болно. Нийт үзэгчдийн 85 гаруй хувийг хүүхэд залуучууд бүрдүүлдэг.

Манай музейн зүгээс ЕБС-ийн сурагчдад зориулсан маш том цогц хөтөлбөр зохион байгуулдаг. “Өндөг”, “Бяцхан палентологич” болон “Дино бэйби” гэсэн насны төрлөөр ангилсан цогц хөтөлбөрүүд хэрэгжүүлээд гурван жил өнгөрлөө. Хөтөлбөрийн хүрээнд ЕБС-уудтай уулзан хөтөлбөрөө санал болгосноор гэрээ байгуулж ажилладаг. Тус хөтөлбөрийг ЕБС-ийн хөтөлбөрт оруулснаар хичээлтэй уялдан холбогдуулж зохион байгуулах боломжтой талаар БСШУС-ын сайдад санал тавихаар туршилт, судалгааны үе шатанд явж байна.

Хөтөлбөр бодитой хэрэгжиж ЕБС-уудтай хамтран ажиллаж эхэлснээр ирээдүйн судлаачдыг бид бэлтгэх боломжтой гэсэн үг. Гурван үе шаттай бяцхан судлаач эрдэмтдийг бэлтгэх зорилготой уг хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийт 553 сургууль, цэцэрлэг хамруулаад байна” гэлээ.

Нийслэлд хамгийн их үзэгчтэй эдгээр хоёр музей жилд дунджаар 75-80 мянган үзэгч хүлээн авдаг, аль аль нь ерөнхий боловсролын сурагчдын боловсролд зориулсан тогтмол бие даасан үйл ажиллагаа явуулж байна. Сурагчдад зориулсан үйл ажиллагаа явуулдаг тал дээр  БСШУС-ын яамнаас тодорхой дэмжлэг одоо хүртэл аваагүй, хүлээлтийн байдалтай байгаа нь харагдана.

Монголын Үндэсний музей жилийн үзэгчидээ тогтвортой байлгахын тулд ямар бодлого төлөвлөгөө хэрэгжүүлдэг талаар асуухад И.Будбаяр ” Манай музей нийгмийн зорилтот бүлэгт хамрагддаг хүмүүс болох хөгжлийн бэрхшээлтэй иргэд, гэр хорооллын захын сургууль болон цэцэрлэгийн хүүхдүүдийг музейдээ авчран боловсролын хөтөлбөр зохион байгуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Мөн музейн хувьд манайх сар бүр шинэ үзэсгэлэн дэглэдэг бөгөөд түр үзэсгэлэнгүүдийг байнга үнэгүй үзүүлдэг” гэж байсан юм.

ОРОС, ХЯТАДЫН туршлага 

 

Ийнхүү Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй хамгийн их үзэгчтэй улсын хэмжээний хоёр музейгээс тодруулга авахад хоёулаа ерөнхий боловсролын сурагчдад чиглэсэн үйл ажиллагаа болон хөтөлбөрүүдийг тогтмол бие даан явуулж, олон нийтэд илүү хүртээмжтэй болгохын тулд ажиллаж байна. Монгол Улсад анх удаа зохион байгуулагдсан нээлттэй хаалганы өдрүүдээс гадна музейн тогтсон менежмент бодлого хэрхэн явуулж, дотоодын болон гадаадын үзэгчдэд чиглэсэн үйл ажиллагаа, тэр дундаа сурагчдад зориулсан хөтөлбөр хэрхэн явуулдаг талаар мэдээлэл тун бага харагдна.

Бусад улс орон, түүний дотор манай хөрш ОХУ-ын Москва хот нийт 12.2 сая оршин суугчтай, хурдацтай хөгжин дэвшиж буй метрополис хот.

Улаанбаатар хотыг бодвол уран сайхны, уран зохиолын, түүхийн музей, үзэсгэлэнгийн танхим, цэцэрлэгт хүрээлэн гэх мэт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх маш их газартай.

Москва хотын соёлын газар сар бүрийн гурав дахь долоо хоногийн Ням гарагт Москва хотын бүх музейг үнэгүй болгохоор шийдвэрлэсэн байдаг.

Үнэгүй Ням гарагаас гадна Оросын өдөр, Москва хотын өдөр, Музейд өнгөрүүлэх шөнө гэх мэт түүхэн тэмдэглэлт баярын өдрүүдэд мөн үнэ төлбөргүй олонд нээлттэй үйлчилдэг байна. Олон хүн амтай хотын хувьд ард иргэдийн цагийг зөв боловсон өнгөрүүлэх тал дээр санаа тавьж, урт дараалал бий болгож ард иргэдэд хүндрэл учруулахгүйн үүднээс ийнхүү тогтмол музейг үнэ төлбөргүй байлгахаар шийдвэрлэж өгсөн байна.

Харин манай улсад дөнгөж хэд хоногийн өмнө шийдвэрлэсэн 7 хоног музейг ард иргэдэд нээлттэй байх санаачилгыг бий болгосон даруйд асар их дараалал бий болж зам, хотын ачаалалд шууд нөлөөлсөн нь харагдлаа.

Бидний урд хөршид байрлах Дэлхийн жуулчдын төв Хориотой хот 1925 оноос эхлэн ордон музей болгон үйл ажиллагаа явуулж байна. Музей хотод жилд ойролцоогоор 16.7 сая гаруй хүн зочилдог бөгөөд өдөрт 80 мянга хүртэлх хүнийг хүлээн авахаар цахим тасалбарын захиалгаа зохицуулан ажилладгаараа манай улсын нэг музейн жилд хүлээн авдаг үзэгчдийг нэг өдөрт л хүлээн авдаг гэсэн үг.

Өмнө нь музейн тасалбарыг очиж дараалалд зогсон худалдаж авдаг байсан бол музейн зүгээс үзэгчиддээ зориулан өөрчлөлт хийсний нэг нь онлайнаар орох тасалбарыг борлуулж эхэлснээр нийт үзэгчдийн 60 хувь нь гэрээсээ худалдан авах болжээ.

Музейг жуулчдад таниулж, суртачлахын тулд англи хэлээр олон улсын стандартад нийцсэн вэб хуудас бүтээсэн нь гадны үзэгчдэд маш хүртээмжтэй болгож, хүүхэд багачуудад ч мөн зориулсан булантай болжээ.

Гадаад улс орон, түүхт соёлын газруудаар зочилж яваа хүмүүсийн авахыг хүсдэг нэг зүйл бол мэдээж бэлэг дурсгалын зүйлс. Бэлэг дурсгалын зүйлс зардаг газар нь зөвхөн дэлгүүр гэхээс илүү хүүхэд багачуудын цагийг зөв боловсон өнгөрүүлэх орчинг бүрдүүлсэн байдаг. Дэлгүүрээс олсон ашгийн дийлэнх хувийг багачуудын соёлын боловсролд зориулж, тусгай сургалтын өрөөнүүдэд үйл ажиллагаа явуулдаг байна.

Энэ бүгдээс харахад 1,400-ээд онд байгуулагдсан Хориотой хот 1925 оноос музейн үйл ажиллагааг бүрэн эхлүүлсэн бөгөөд сүүлийн таван жилийн хугацаанд музейд ирж буй дотоодын болон гадаад үзэгчдийн ая тухтай байдлыг дээшлүүлэхийн тулд маш их өөрчлөлт, шинэчлэлт гүйцэтгэж, хүүхдүүдийн музейн боловсролд анхаарал хандуулан ажиллаж байгаагаас манай улсын музейн үйл ажиллагаа зохицуулагчид жишээ болгон харах хэрэгтэй санагдлаа.

 

Музейн нээлттэй өдрүүдээр иргэд аль 2013 онд ашиглалтын хугацаа дууссан гэх шалтгаанаар үйл ажилагаа нь зогссон “Байгалийн түүхий музей”-н гадна зогсож байсан нь харагдсан. Цагтаа тус музейгээр жилд 80 гаруй мянган үзэгчид үйлчлүүлдэг байсан, Монголын байгаль, өргөн уудам нутгаар тархсан ан, амьтан ургамлыг танин мэдэх ганц музей нь байлаа.

Байгалийн түүхийн музейг тухайн үед Солонгос Улсын буцалтгүй тусламжаар барих шийдвэр гарч байсан. Гэвч төр засаг болон БСШУС-ын яам тухайн үед 2017 он гэхэд шинэ барилгыг хүлээлгэн өгч, үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхээ амлаж байсан ч нэг ч ажил эхлүүлэлгүй музейн барилга, хаалттай хаалга хоёр яг хэвээрээ таван жилийг үдлээ. 

Харин үүнийг нь олон нийт нь ч нэг их мэддэггүй нь музейн нээлттэй долоо хоногийн үеэр харагдана. Иргэд нь ч, холбогдох төрийн удирдлага нь тоодоггүй салбар юм даа.