Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

2018 онд “Оюу толгой” компани 125,000-155,000 тонн ЗЭС үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байна

Б.УЧРАЛ, iKon.mn
2018 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Туркойз Хилл компани өнөөдөр 2017 оны 4 дүгээр улирал болон өнгөрсөн оны гүйцэтгэлийн тайлангаа танилцууллаа.

2017 оны гүйцэтгэлийн онцлох үзүүлэлтүүд:

2017 оны 12 сарын 31-нээр дуусгавар болсон бүтэн жилийн хугацаанд “Оюу толгой” компанийн 200,000 хүн цагт ногдох гэмтэл бэртлийн давтамж 0.27 байлаа.

2017 оны эцсийн байдлаар “Оюу толгой” компанийн Монгол Улсын хэмжээнд Монголын компаниудаас хийсэн худалдан авалт, Монгол Улсын төсөвт байгууллагуудад төлж буй татвар, хураамж, ажилчдын цалин зэргээр зарцуулсан нийт мөнгөн хөрөнгийн дүн 7.1 тэрбум гаруй ам.долларт хүрсэн.

Үйлдвэрлэлийн мэдээлэл:

  • 2017 онд 939.8 сая ам.долларын орлого олсон нь 2016 онд 1,203.3 сая ам.долларын орлоготой харьцуулахад борлуулсан бүтээгдэхүүний хэмжээ бага байсантай холбоотой хэдий ч зэсийн өндөр үнэ орлогын хэмжээг хэсэгчлэн нөхсөн.
  • 2017 онд олборлосон болон боловсруулсан хүдрийн хэмжээгээр өмнөх дээд амжилтаа шинэчлэн тогтоосон.
  • Баяжмал дахь 157,400 тонн зэс болон 114,000 унци алттай тэнцэх үйлдвэрлэл маань 2017 оны төлөвлөгөөт тооцоонд хүрч биелсэн.

Гүний уурхайн мэдээлэл:

  • 2017 оны төгсгөл гэхэд гүний уурхайд 6.1 эквивалент километр хөндлөн нэвтрэлт гүйцэтгэж, 2016 оны Техникийн Тайлан дахь төлөвийг биелүүлэн ажиллалаа.

2016 оны 1 дүгээр сард бүтээн байгуулалтыг дахин эхэлснээс хойш нийт эквивалент километр нэвтрэлт хийсэн нь төлөвлөгөөний дагуу явж буй гүйцэтгэл юм.

Босоо ам 2-н нэвтрэлт 2018 оны 1 дүгээр сард дууссан байгаа бөгөөд 2018 оны туршид тоноглолын ажлууд хийгдэхээр байна. 2017 оны туршид гүний уурхайн өргөтгөлд 835.7 сая ам.доллар доллар төлөвлөгөөний дагуу зарцуулсан бөгөөд 2016 оны 1-р сараас хойш гүний уурхайн төсөлд нийт 1.1 тэрбум ам.долларыг зарцуулжээ.

2020 оны дунд үед гүний уурхайн анхны үйлдвэрлэлийн хүдрийг гаргах, гүний уурхайн үйлдвэрлэлийг 2021 онд тогтвортой түвшинд хүргэнэ гэсэн төлөвөө хадгалсаар байна.

2017 оны 4 дүгээр улирал:

2017 оны 4 дүгээр улиралд 251.7 сая ам.долларын орлого олсон нь 2017 оны 3 дугаар улиралтай харьцуулахад 1.9 хувиар өссөн бөгөөд борлуулсан бүтээгдэхүүний хэмжээ бага байсантай холбоотой хэдий ч зэсийн өндөр үнэ орлогын хэмжээг баланслахад нөлөөлжээ.

2017 оны 4 дүгээр улиралд зэсийн үйлдвэрлэл 2017 оны 3 дугаар улирлын үзүүлэлттэй харьцуулахад 22.8 хувь, алтны үйлдвэрлэл 12.9 хувь өссөн.

  • Өдөрт 3,500 тонн хүчин чадалтай шинээр суурилуулсан бутлуур хүчин чадлаа тогтмол давуулан ажилласаар байгаа бөгөөд 2017 оны 4 дүгээр улиралд 2.2 эквивалент километр хөндлөн нэвтрэлтийг гүйцэтгэн дээд амжилт тогтоон ажиллалаа.
  • Босоо ам 2 эцсийн гүн болох 1,284м-т хүрч, оны эцэс гэхэд амын гүний том малталтын ажил бараг 50 хувьдаа хүрсэн.
  • 2017 оны 4 дүгээр улиралд Босоо ам 5-н бохир агаар зайлуулах сэнс сууурилуулах ажлыг эхэлж, 2018 оны 2 дугаар улирлын эхэн үед дуусгахаар төлөвтэй байна.
  • 2017 оны 4 дүгээр улиралд гүний уурхайн бүтээн байгуулалтанд 309.0 сая ам.долларыг зарцуулсан нь бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхээр шийдвэрлэснээс хойш улиралд зарцуулж байгаа хамгийн өндөр дүн юм.

2018 оны төлөв:

2018 онд “Оюу толгой” компани баяжмал дахь агуулгаар 125,000-155,000 тонн зэс болон 240,000-280,000 унци алт үйлдвэрлэх төлөвтэй байна.

2017 онд “Оюу толгой” компани ил уурхайгаас олборлосон болон боловсруулсан хүдрийн хэмжээгээрээ шинэ дээд амжилтуудыг тогтоон ажиллалаа. 2017 оны олборлосон хүдрийн хэмжээ 2016 оныхоос 9.3 хувиар өссөн ба боловсруулсан хүдрийн хэмжээ 2016 оныхоос 7.9 хувиар өссөн. 2017 оны туршид ил уурхайн агуулга багатай ялангуяа алтны агуулга багатай хүдрээс олборлож, хүдрийг овоолгоос боловсруулалт хийлээ. Үүний дүнд 2017 оны зэсийн агуулга 2016 оныхоос 21.5 хувиар, алтны агуулга 2016 оныхоос 52.8 хувиар буурсан бөгөөд энэ нь төлөвлөгөөтэй нийцэж байна. 2017 онд баяжмал дахь 157,400 тонн зэс, 114,000 унци алт үйлдвэрлэсэн нь 2016 оныхтой харьцуулахад тус тус 21.8 хувь, 62.0 хувиар буурчээ. Компани 2017 оны үйлдвэрлэлийн төлөвөө биелүүлэн ажилласан.

2017 оны 939.8 сая ам.долларын борлуулалтын орлогын дүн нь өмнөх 2016 оныхтой харьцуулахад 21.9 хувиар буурсан. Энэ нь ил уурхайгаас агуулга багатай хүдэр олборлосонтой холбоотойгоор зэс болон алтны агууламж буурч борлуулалтын хэмжээ багассантай холбоотой.

Хүдрийн агуулга ялангуяа алтны агуулга бага байсныг Оюу толгойн ил уурхайгаас олборлосон хүдрийн дээд амжилт тогтоосон болон зэсийн үнэ өндөр байснаар нийт бууралтыг хэсэгчлэн нөхөв. 2017 оны борлуулалтын өртөг 2017 онд 763.8 сая ам.долларт хүрч 2016 онд 861.8 сая ам.доллар байснаас 12.5 хувиар буурсан нь борлуулсан баяжмалын хэмжээ бага байсан болон зардал хэмнэх ажлын үр дүнд үйлдвэрлэлийн өртөг багассантай холбоотой.

Бэлэн мөнгөөр тооцсон капиталын хөрөнгө оруулалтын зардлын мөнгөн зарцуулалт 2016 онд 326.3 сая ам.доллар байсан бол 2017 онд 917.5 сая ам.долларт хүрлээ. Үүний 835.7 сая ам.доллар нь гүний уурхайн төсөлд харин 81.8 сая ам.доллар нь ил уурхайтай холбоотой үйл ажиллагаанд хамааралтай.

Ил уурхайн капиталын хөрөнгө оруулалтын зардалд хөрс хуулалтын 34.4 сая ам.долларын хойшлуулсан зардал, хаягдлын далангийн байгууламжид зарцуулсан 13.1 сая.ам долларын зардлыг тус тус оруулж тооцсон байна.