Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

“FUCKUP NIGHTS ULAANBAATAR VOL 6”-ийн онцлох эшлэлүүд

О.Булган, iKon.mn
2018 оны 3 сарын 16
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Сар бүр дэлхийн 100 гаруй оронд нэгэн зэрэг зохион байгуулагддаг “FuckUp Nights” арга хэмжээг өнгөрсөн оны  аравдугаар сараас хэсэг залуу санаачлан Улаанбаатар хотноо зохион байгуулж эхэлснээс хойш зургаан сарын ой тохиосон тул бид фэйсбүүк хуудаснаа арга хэмжээг шууд дамжуулсан.

Видео

Бизнес, улс төрийн салбарт амжилттай явж буй хүмүүсийн алдаанаас нь суралцаж нэгэн оройг сонирхолтой өнгөрөөх боломжийг олгодог “FuckUp Nights” арга хэмжээ өчигдөр буюу Пүрэв гарагт зохион байгуулагдаж өнгөрлөө.

Энэ удаагийн “FuckUp Nights” арга хэмжээнд улс төрийн салбарт хүчээ сорьж буй залуу манлайлагчид оролцсон юм.

Сангийн дэд сайд, НАМЗХ-ны Дэд Ерөнхийлөгч Х.Булгантуяа, Реформ Клубын Ерөнхий зохицуулагч Т.Бат-Оргил, МАХН-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга Б.Тулга, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан, хуульч Х.Тэмүүжин нар өөрсдийн түүхийг хуваалцсан юм.

Ингээд энэхүү зочдын сонирхолтой эшлэлээс та бүхэндээ хуваалцаж байна.

Х.Булгантуяа: Өөрчлөлт, сайхан эх орныг хэн нэгэн бий болгоод май гээд өгчихгүй

 
Гэрэл зургийг mpa.mn

Сангийн дэд сайд Х.Булгантуяа

Намын нарийн бичгийн даргаар маш гэнэт сонгогдож байсан, тухайн үед намын дарга байсан М.Энхболд дарга намайг намын том хурлаар гэнэт нэр дэвшүүлж байсан. Тэр үед огт бэлдээгүй сандарснаас болоод Н.Энхбаяр даргадаа баярлалаа гээд хэлчихэж билээ.
Би өөрийнхөө сурсан мэдсэнийг нийгмийн сайн сайхны төлөө зориулах ёстой гэж бодож улс төр рүү орсон.
Инээдтэй нь, сонгууль болохоор л би жирэмсэн болчихдог юм уу гэмээр байнга сонгуулиаар жирэмсэн болчихсон байдаг.
Өөрчлөлт, сайхан эх орныг хэн нэгэн бий болгоод май гээд өгчихгүй, Монгол Улсын хөгжлийг гадаадаас ирж буй зээл тусламж, хөрөнгө оруулалт бус харин залуучууд бид л цогцлооно гэж би итгэдэг.
Би хүүхдүүддээ I did my best гэж хэлчихээд л сайхан Монгол Улсад тэтгэвэртээ гарах юмсан гэж боддог.
Чи өөрийнхөө тулах цэгийг олох юм бол чамд маш их хүч байгааг мэдэх болно. Миний тулах цэг бол миний гэр бүл.

Т.Бат-Оргил: Монгол залуус маш их эв нэгдэл ярьдаг ч цагаа тулахаар үнэхээр тийм байдаг уу?

 
Гэрэл зургийг mpa.mn

Реформ Клубын Ерөнхий зохицуулагч Т.Бат-Оргил

Хүмүүс намайг яг юу хийдэг хүн гэдгийг сайн мэддэггүй, нэг гитартай залуу л яваад байдаг, Уг нь би эрх зүйч мэргэжилтэй хүн.
Монгол Улсад хувьсгал хэрэгтэй юм байна, хувьсгалыг ажлаа тараад хийж болдоггүй юм байна гэдгийг ойлгоод Оюутолгойн ажлаасаа гарч реформ клубийг байгуулсан.
Монголд өнөөдөр гадаадад төгссөн л бол тэр хүн хамгийн мундаг ухаантай хүн гэдэг болж.
Монгол залуус маш их эв нэгдэл ярьдаг ч цагаа тулахаар үнэхээр тийм байдаг уу?
Манайхан маш гомдомтгой ард түмэн юм. Нэг зүйл болоход тэгвэл болихгүй юу гээд л хаячихдаг.
Бидний залуус УИХ-ын 76 гээд л шүүмжлээд байхын оронд өөрсдийгөө өөрчилсөн нь дээр.
Манайхан hard skills гэдэг зүйлийг хангалттай сурсан, одоо харин soft skills гэдэг зүйл дутаад байх шиг байна.

Б.Тулга: Намынхаа төв аппаратын IT чиглэлийн юм хийж явж байгаад улс төр рүү орсон

 
Гэрэл зургийг mpa.mn

МАХН-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга Б.Тулга

Анх намынхаа төв аппаратын IT чиглэлийн юм хийж явж байгаад улс төр рүү хальтираад орчихсон.

Хоёр намын эвсэл байгуулах ажлын үр дүнд хоёр намын үнэт зүйлс, мөрийн хөтөлбөрт анхаарал хандуулалгүй, тоо болон үр дүнд анхаарснаас болж бүтэлгүйтсэн. Үүнээс би эхлээд зорилгоо маш сайн тодорхойлох хэрэгтэйг ойлгосон.

Х.Тэмүүжин: Цаг нь болоогүй зүйлийг битгий эхлүүл, чи өөрөө хохироод л дуусна

 
Гэрэл зургийг mpa.mn

 Хуульч Х.Тэмүүжин

Надад маш олон хүн үнэтэй зөвлөгөөнүүд өгч байсан. Үүний нэг нь цаг нь болоогүй зүйлийг битгий эхлүүл, чи өөрөө хохироод л дуусна.
Бусад хүн бодлого зарчмаасаа ухарч, үзэл санаагаа гээсэн ч чи өөрөө өөртөө үнэнч үлд.
Шинэ үе өөрөө шинэ цагаа эхлүүлдэг. Өөрийнхөө өнөөдрийг өөрөө бүтээхгүй бол чиний маргааш гэж байхгүй.
‘Унаж байж босох ёстой бол унахаас бүү ай.