Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Номинтүшиг: Бид ялсан ч хэрэг эцэслэгдээгүй ээ

Х.Уянга
2018 оны 3 сарын 16
Үндэсний шуудан
Зураг зураг

Өнөөдөр сонины нэгдүгээр орлогч эрхлэгч Балдоржийн Номинтүшигтэй ярилцлаа.

-“Өнөөдөр” сонины дансыг хаасан шийдвэрээ шүүх хүчингүй болгожээ. Хэвлэл мэдээллийн байгууллагууд дуу хоолойгоо нэгтгэж, байр сууриа илэрхийлсэн нь шийдвэрээ эргэж харахад нь нөлөөлсөн болов уу?

-Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийнханд тулгараад буй нөхцөл байдлыг сурвалжилж, нийтэлсний төлөө тэнд алт олборлодог “Уулс Заамар” компанийнхан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, манай сониноос 100 сая төгрөг нэхэмжилсэн. Мөн сонины дансны зарлагын хөдөлгөөнийг 100 сая төгрөг хүртэлх мөнгөн дүнгээр зогсоох хүсэлт гаргасныг шүүх ёсоор болгосон. Манай байгууллагаас дансаа. нээлгэх хүсэлт гаргасны дагуу шүүх бүрэлдэхүүн хэд хоногийн өмнө хуралдаад өмнөх шийдвэрээ цуцаллаа.

Тал талын хүмүүстэй уулзаж сурвалжилга бэлтгэн, бодит байдлыг бичсэн хэвлэл мэдээллийн байгууллагыг шүүх, цагдаагаар далайлгах нь ардчилсан нийгэмд байж болохгүй зүйл гэдгийг зангаргатайгаар харуулж чадсан өдөр тутмын сонинуудын хамт олонд талархал илэрхийлье. Өдөр тутмын сонинуудын энэ удаагийн тэмцэл манай сониныг гэхээсээ илүү Монголын сэтгүүл зүйг, хэвлэлийн эрх чөлөөг өмгөөлсөн үйлдэл байлаа.

-Хэвлэл мэдээллийн байгууллагын дансыг танайхтай төстэй шалтгаанаар хаасан шийдвэр өмнө нь шүүхээс гарч байсан юм болов уу?

-Миний мэдэхээр ийм явдал гарч байгаагүй. Бусад сонины удирдлагууд ч ийм явдал гарч байгаагүй гэсэн. Их хэмжээний мөнгө нэхэж айлгадаг байсан бол одоо дансыг нь хааж байна. Арга барил нь улам л балмад, дээрэнгүй болж байна.

-Шүүх данс хаасан шийдвэрээ хүчингүй болгосон ч “Уулс Заамар” компани 100 сая төгрөг нэхэмжилсэн хэвээр байгаа гэсэн үү?

-Нэхэмжлэл нь шүүх дээр байгаа.Тэгэхээр манай сэтгүүлч худлаа зүйл бичээгүй, тэдний нэр хүндэд халдаагүйг нотлох нь бидний зорилго болж байна. Бид үүний төлөө явах болно. Би эрхлэгчийнхээ хувьд манай сэтгүүлчийн нийтлэл тухайн компанийн нэр хүндэд халдаагүй, үнэн зөв гэдэгт итгэж байгаа. Яагаад гэвэл шүүхэд өгсөн нэхэмжлэлд дандаа эх сурвалжийн ярьсан зүйлийг дурдсан байна билээ. Эх сурвалжийн ярьсан аудио бичлэг, газар дээрх нөхцөл байдлыг харуулсан зураг нь бий.

Энэ нийтлэлийг Ж.Сувдмаа гэдэг залуу  сэтгүүлч бичсэн. Байгаль хамгааллын чиглэлээр мэргэшиж буй, Балдорж шагналын шилдэг 10-т багтсан сэтгүүлч. Редакц ийм баримттай зүйл дээр хамгаалахгүй, дэмжихгүй бол сэтгүүлч нар маань цаашид яаж ажлаа хийх вэ. Бусад оронд ийм баримттай хэргийг хэрэгсэхгүй болгодог туршлага байдаг юм билээ. Тэр туршлага манайд хэрэгжээсэй гэж хүсэж байна.

Ер нь сүүлийн үед хэвлэл мэдээллийн байгууллагаас өндөр үнийн дүнтэй мөнгө нэхэх нь олширч байгаа. 100 сая гэдэг хэвлэл мэдээллийн байгууллагын хувьд маш өндөр тоо. Энэ тоог сонсоод ямар ч байгууллага сүрдэнэ. Тэгэхээр энэ бол тактикийн тоглолт байх гэж би хувьдаа үзэж байгаа.

Шүүхээр явж, өөрсдийгөө өмгөөлж, хамгаалахад зардал их гардаг. Данс хаасан шийдвэрийг хүчингүй болгуулахын тулд л гэхэд бид бүтэн cap шүүхээр явлаа. Нөгөө тал ямар нэг арга саам хийсээр шүүх хурлыг хоёр удаа хойшлуулсан. Бидний өмгөөлөгчид төлөх мөнгө нэмэгдээд л байна гэсэн үг. Энэ бол хэвлэл мэдээллийн байгууллагыг эдийн засгийн аргаар боомилж буй хэрэг.

-Ардчиллын амин сүнс нь хэвлэлийн эрх чөлөө. Нэг хэсэг улстөрчид, хэвлэл мэдээллийн салбарынхан хэвлэлийн эрх чөлөө гэж их ярьдаг байлаа. Үүний үр дүнд сэтгүүлчид эрүүгийн хариуцлага хүлээх ёсгүй гэх мэтийн ойлголт нийгэмд сууж, тодорхой ахиц дэвшил гарсан. Харин сүүлийн жилүүдэд хэвлэлийн эрх чөлөө гэж дуугарах хүн цөөрчээ. Энэ асуудлаар томоохон хэвлэлүүд нэгдэж ажиллах талаар хэр санаачилгатай байдаг вэ?

-Хэвлэлийн ёс зүй гэж их ярьдаг. Энэ нь зөв л дөө. Редакц, сэтгүүлч бүр ёс зүй гэдэг хайрцаг дотор ажиллах ёстой. Уншигчдаа хүндэлдэг, тэднийхээ итгэлийг алдахаас эмээдэг мэргэжлийн редакцууд бол ёс зүйтэй ажиллахыг чухалчилдаг. Гэтэл ёс зүйтэй сэтгүүлч, ёс зүйтэй үйл ажиллагаа явуулдаг редакц огт байдаггүй мэт ойлголтыг нийгэмд зориуд түгээж, ийм дүр зураг бий болгож байх шиг санагддаг. Энэ нь бид өөрсдийгөө хамгаалж чаддаггүйтэй холбоотой байх. Харин энэ удаа бид “Арай хэтэрлээ, өөрсдийгөө, сэтгүүлчээ хамгаалах ёстой” гэж тэмцсэн.

Нүдэнд ил байгаа бусармаг үйлдлийг бичсэний төлөө ингэж шүүхэд өгч, өндөр мөнгөн дүнгээр айлгаж сүрдүүлж, мохоогоод байвал сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд цаашид яаж ажиллах вэ.

-Сэтгүүл зүйн нэрийг барьж хоолоо олж иддэг, үнэхээр ёс зүйгүй үйлдэл хийдэг бүхэл бүтэн арми бий болсон. Тэд сэтгүүл зүйг харлуулахад хангалттай үүрэг гүйцэтгэдэг. Мөн олон нийтийн сүлжээ хэвлэл мэдээллийн орон зайг “хумсалж” буйг хэн хүнгүй хүлээн зөвшөөрч байна. Мэргэжлийн редакцууд тэднээс ялгарч, байр сууриа хадгалахын тулд хэрхэн ажиллах ёстой вэ. Өдөр тутмын том сонин удирдаж буй залуу эрхлэгч юу бодож яваа нь сонин санагдлаа?

-Бидний хамгийн үнэтэй хөрөнгө маань уншигчдаас олж авсан итгэл үнэмшил байдаг. Өдөр тутмын сонинд уншигчид хамгийн их итгэдэг гэсэн судалгаа ч бий. Уншигчдын итгэл үнэмшил гэдэг ганц хоёр сарын хугацаанд бий болчихдог зүйл биш. Үе үеийн сэтгүүлчдийн хэдэн арван жилийн хөдөлмөр, зүтгэл шингэж байж уншигчдынхаа итгэлийг хүлээсэн. Энэ итгэлийг алдахгүйн тулд мэдээ бүхэндээ хариуцлагатай хандах ёстой гэж боддог.

Мөн өдөр тутмын сонины хамгийн гол үнэт зүйл нь ажиллах хүчин. Сэтгүүлчид маань ямар нөхцөлд ажиллаж байгааг хүмүүс мэдэж байгаа. Цалин хангамж, мэдээлэл олж авах боломж, хууль эрх зүйн орчин ч тэр. Сэтгүүлчид чадвартай байвал сонин чанартай мэдээлэл өгсөөр байна. Тэгвэл сонинд итгэх итгэл улам бэхэжнэ. Үүн дээр анхаарч ажиллана.

-Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл (МСНЭ)-ийн их хурал саяхан болсон. Энэ их хурлаар сэтгүүлчид төв байгууллагынхаа ерөнхийлөгчийг сонгох ёстой байсан ч өдөр тутмын сониныхон хурал орхиж гарсан. Тэр дунд та байсан. Яагаад хурал орхисон юм бэ?

-Өдөр тутмын сонины төлөөлөл бүгд гарсан. Миний хувьд хэн ерөнхийлөгчөөр сонгогдох нь хамаагүй байлаа. Би сэтгүүл зүйн салбарт цөөнгүй жил ажиллаж байгаа ч удирдах түвшинд ажиллаад удаагүй. Тиймээс энэ салбарыг өөрийнхөөрөө дүгнэх хараахан болоогүй байж магадгүй. Харин аавынхаа, өвөөгийнхөө баримталж явсан зарчмыг хаана ч дагана. Аав минь “Улстөрч, сэтгүүлч хоёр хэзээ ч нэг хөнжилд орж болохгүй” гэдэг байсан. Энэ удаагийн хурлаар аавын энэ зарчимтай харшлах асуудал яригдсан учраас би энд байж болохгүй юм байна гэж бодсон. Сэтгүүл зүйн салбар, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд оршин тогтнохын тулд санхүүгийн чадавхтай байх нь зөв. Гэхдээ сэтгүүл зүйн үнэт зүйл нь мөнгө, ашиг орлого гэсэн үзэл санааг дээд байгууллага нь хүлээн зөвшөөрч болохгүй гэж үзсэн учраас гарсан.

-МСНЭ-ийг найман жил удирдсан Б.Галаарид ерөнхийлөгчийн хэлсэн үг төлөөлөгчдийг нэлээд бухимдуулсан байсан?

-Тэнд байсан хүмүүсийн нэг хэсэг Б.Галаарид ах шиг муу хүн байхгүй мэт харагдуулж, хүмүүсийг талцуулж байсан нь надад үнэхээр таалагдаагүй. Хүний гаргасан нэг шийдвэртэй санал нийлэхгүй байж болно. Гэхдээ түүгээрээ тэр хүний бүх л насаа сэтгүүл зүйд зориулсан хөдөлмөр, түүхийг арчиж, тэр чигээр нь хараар будчихаж болохгүй. Тэр хурал дээр “Өнөөдөр” сонинг шүүхэд дуудагдахад МСНЭ хамгаалж чадаагүй гэсэн зүйл яригдсан.

Тэр нь бид мэдээлэл дутуу өгсөнтэй холбоотой. Манайхыг шүүхэд өглөө гэсэн мэдээлэл гарсны маргааш нь “Өдрийн сонин"-д МСНЭ-ийн ерөнхийлөгчийн хувиар ярилцлага өгч, ингэж болохгүй гэж үзэж буйгаа илэрхийлээд, бидэнтэй холбогдож, “Эрх зүйн үнэ төлбөргүй туслалцаа үзүүлэх боломжтой шүү” гэж хэлсэн.

Бид хуулийн компанитай нэгэнт гэрээ хийчихсэн байсан болохоор тусламжийг нь аваагүй ч гэсэн баярлаж л байлаа.

Монголын сэтгүүлчдийн эвлэлийг хориод жил удирдсан, “Үнэн” сонины эрхлэгчээр мөн л хамгийн олон жил ажилласан өвөөгийн маань 100 жилийн ой энэ онд тохиож байгаа. Б.Галаарид ах “МСНЭ-ийн ерөнхийлөгчийн ажлаа өгсөн ч гэсэн өвөөгийн чинь ойг тэмдэглэхэд хувь хүнийхээ хувьд туслахад бэлэн” гэсэн. Энэ мэтээс эхлээд хүн ёсны харилцаатай байдгийн хувьд Б.Галаарид ах руу тэгж дайрах танхимын уур амьсгал ч хурал орхиход нөлөөлсөн.

Бид энэ хүний ярьж байгаа зүйлтэй зарчмын хувьд санал нийлэхгүй байж болно. Гэхдээ яагаад энэ хүн тэгж ярих болов гэдэг дээр бас бодох хэрэгтэй. Бид шаардлага тавихаасаа өмнө өөрсдийн хүлээсэн үүргээ биелүүлж ядаж л татвараа төлдөг бил үү. Ямар ч санхүүгийн чадамжгүй байгууллагыг “эзлэхэд” амархан шүү дээ.

-Таны өвөө Ц.Намсрай агсан сэтгүүлчдийн байгууллагыг олон жил удирдсан талаар дээр дурдлаа. Харин “Өнөөдөр” сонин МСНЭ-ийн үйл ажиллагаанд оролцох уу?

-Хэн ерөнхийлөгч болох нь надад сонин байгаагүй гэж дээр хэлсэн. Ерөнхийлөгчөө сонгохоос өмнө өрнөсөн үйл явдал, хурлын процесс, дүрмийн өөрчлөлт нь таалагдаагүй. Ямар ч олон нийтийн байгууллага дүрмээ гишүүдээрээ хэлэлцүүлж, батлуулах гэж байгаа бол уншиж судлах, санал бодлоо солилцох цаг өгөх ёстой биз дээ. Гэтэл тэнд наад захын энэ зарчим зөрчигдсөн.

Тэгж тулгаж баталсан дүрэм нь сэтгүүл зүйн үнэт зүйлүүдтэй зөрчилдөж байна гэж үзсэн учраас тэнд дуугүй сууж байгаад, эсвэл биднийг сонсохгүй байна гэж хашхирч, тэр танхимд байж байгаад энэ дүрмийг батлалцсан гэсэн нэр зүүхийг хүсээгүй. Ийм маягаар дүрмээ баталсан байгууллагад захирагдаж ажиллах нь боломжгүй гээд нэрээ татсан. Товчхондоо ийм л зүйл болсон.

Бидний санал нэгдэхгүй байгаа зүйлсийг засаж залруулж, дүрмээ өөрчилсөн тохиолдолд “Өнөөдөр" сонин МСНЭ-ийн үйл ажиллагаанд оролцоод явна.

-Өдөр тутмын сониныхон хурал орхиж гараад шинэ эвлэл, холбоо байгуулах нь гэж харсан хүн олон байсан?

-Бусад нь юу гэж бодсоныг мэдэхгүй. Би бол хэвлэл мэдээллийн байгууллагууд ер нь “Монголчууд эвлэж, нэгдэж чаддаггүй" гэж шүүмжилдэг хэр нь өөрсдөө тэгээд явж болохгүй гэж бодсон. Нөгөөтээгүүр, манай өвөө энэ байгууллагыг 20 гаруй жил удирдсан. Сэтгүүлчдийн эвлэлийн үнэ цэнэ нь юу юм бэ гэдгийг би мэддэг. Тиймээс энэ байгууллагын нэрийг хуваах ажилд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн.

-Гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалдаггүй, байгаа, үгүй нь мэдэгд-дэггүй, юу хийдэг нь тодорхойгүй МСНЭ шиг байгууллагын хэрэг байхгүй гэж хэлэх хүн ч таардаг. Та юу гэж боддог вэ?

-Аль ч салбарыг нэгтгэх, зангидах, толгойлох байгууллага хэрэгтэй. Энэ байгууллага байх ёстой юу гэвэл тийм. Гэхдээ өөрчлөгдөх, өөрөөр ажиллах ёстой. Тэр тусмаа өнөөгийнхөөс. Сэтгүүлчдийн үнэлэмж унаж байгаа тухай ярьж байна. Энэ ч бас МСНЭ-тэй холбогдоно. Энэ хүмүүс бидний нүүр царай болж, олон улсад МСНЭ гэж зарлуулаад явж байгаа.

-Өдөр тутмын сонинуудын холбоо цаашид юу хийх вэ?

-Би энэ холбооны ерөнхийлөгч биш ээ. Ярьж гарсан зүйлдээ үнэнч байх байхаа гэж найдаж байна. Аливаа хэвлэл мэдээллийн байгууллагын хувьд санхүүгийн чадамж чухал, гэхдээ ёс зүйтэй үйл ажиллагаагаар өөрсдийгөө санхүүжүүлэх боломж байгаа шүү дээ. Энэ тал дээр санал нэгдсэн хүмүүс холбоо эвсэл гэлгүй ёс зүйтэй сэтгүүл зүйг хэрэгжүүлээд явах боломж бий гэж бодож байна.

Зураг