Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

Б.ТӨГСБАЯР: Жагсаалын бэлтгэл, дасгал сургуулиас илүү би хувьдаа гурван зүйлийг цэргээс ойлгож авсан

Г.Өлзийхутаг, iKon.mn
2018 оны 3 сарын 16
iKon.MN

- Монгол Цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 97 жилийн ойн баярт зориулав - 

 

 

      2014 оноос эхлэн их, дээд сургуулийн оюутнууд суралцангаа цэргийн алба хаах боломжтой болсон билээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачлагаар "Оюутан цэрэг” сургалт 2014-2016 онд амжилттай хэрэгжсэн юм. 

2016 оноос "Цэргийн албаны тухай Монгол Улсын хууль"-д цэргийн мэргэжил олгох "Оюутан-цэрэг" сургалт болж, хуулийн дагуу цэргийн алба хаах хэлбэр болсноор тав дахь жилдээ хэрэгжээд байгаа юм. 

Харин шинэ Ерөнхийлөгч Х.Баттулгын баг "Оюутан -цэрэг" хөтөлбөрөөс гадна хугацаат цэргийн алба хаах хугацааг нэг биш гурав хүртэл жилээр нэмэгдүүлэх санаачлага гаргаад байна. Гэхдээ энэ нь иргэний өөрийн хүсэлтээр буюу сайн дурын байх боломжтой юм. 

"Цэргийн албаны нэг жилийн хугацаанд нь ямар нэг мэргэжил эзэмшүүлж, хугацаа нь дууссаны дараа гэрээт цэргээр үлдэн, сурсан ажлаа үргэлжлүүлэн хийх үү гэж асуугаад, зөвшөөрвөл ажиллуулж, зөвшөөрөхгүй бол халаад явуулах юм.

Ажил хийдэггүй, сургуульд сурдаггүй, курст ч явдаггүй 100-гаад мянган залуу бий. Сард сая төгрөгийн цалинтай, байр сууц нь үнэгүй гэвэл тэд явж ажил хийнэ гэж тооцож байгаа юм. Мөнгөнөөс ч илүү чухал зүйл болох эх оронч үзэл, хүмүүжил, төлөвшлийг цэргийн алба олгоно"  гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд "Өнөөдөр" сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ. Ерөнхийлөгчийн санаачилсан энэхүү хөтөлбөр Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөр дэмжигдэн Засгийн газар, УИХ-д хүргэгдээд шийдлээ хүлээж байгаа юм байна. 

Өөрөөр хэлбэл, иргэн эр, эм гэлтгүй өөрийн хүсэлтээр нэг жилийн цэргийн албыг хүсвэл гурав хүртэл жил хаах боломжтой ба энэ хугацаандаа ажил хөдөлмөр эрхэлж цалин авах боломжтой болох нь. Гэхдээ хөтөлбөрийг Засгийн газар, УИХ эцэслэн шийдэх эрхтэй. 

Ажил хөдөлмөр, бүтээн байгуулалтаас гадна цэргийн алба нь тухайн хүний хүмүүжил, төлөвшилд хэрхэн нөлөөлдөг талаар анхны "Оюутан цэрэг" -ийн нэг Батсайханы Төгсбаяртай ярилцлага хийснээ хүргэж байна. 

- Сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та хаана Оюутан цэргийн алба хаасан бэ?
- Би 2014 оны анхны 500 оюутан цэргийн нэг байсан.

Анх “Оюутан цэрэг хөтөлбөртэй боллоо. Оюутнууд онолын хичээл үзээд,  зуны амралтаараа цэргийн албыг хаах боломжтой” боллоо гэхэд нь л яарч очоод бүртгүүлсэн. Тэр жилийн 500 оюутнууд бүгдээрээ Төв аймгийн алтан булагт байрладаг 119-р цэргийн ангид алба хаасан. 

- Тухайн үед та аль сургуулийн оюутан байсан бэ?
- 2014 онд цэрэгт явахдаа ШУТИС-ийн Харьяа Механик Инженерийн Сургуулийн оюутан байсан юм. Оюутан цэрэг хөтөлбөрийг анх баталж байхад зөвхөн нэгдүгээр курсийн оюутнууд л явах боломжтой байлаа. Ингэж л надад цэргийн алба хаах завшаан олдсон юм. Харин  2015 оноос “Зохиомж” дээд сургууль руу шилжиж сэтгүүлчээр сурч төгссөн.

 
Б.ТӨГСБАЯР,

- Одоо та хаана, ямар сургуульд аль чиглэлээр сурч байгаа вэ?
- Одоо би Сөүл хотод Korea University-д сэтгүүл зүйн мастераар сурах том зорилго өвөртөлчихөөд л явж байна. Хэлийг нь сурчихвал ч мастераа хамгаалаад эх орондоо очоод ихийг хийж бүтээнэ ээ.

- Ер нь цэрэгт хүмүүс юу сурдаг вэ. Таны хувьд юу сурч мэдэж авсан бэ?
- Би цэрэгт явах тийм ч дуртай байгаагүй юм. Эмээгийн эрх шар гэгддэг их дураараа хүү байсан. Гэтэл гэрийнхэн маань  бусад айлын залуус очоод хаагаад болоод байхад чи яагаад чаддаггүй юм гэдаг байв. Ингээд өвлөөс зун хүртэл онолыг нь үзээд дараа нь зуны  гурван сар л карентинд байна. Нийт зургаахан сар л болох юм чинь бусдаас юугаараа дутах вэ гэж бодоод л цэргийн алба хаахаар болсон. Хор шарандаа ч гэх юм уу даа.

Ингэж цэрэгт явж л өөрийгөө жаахан хатуужсан гэж боддог. Наад зах нь л өглөө эрт босдог,  хүний  үг даадаг болж, зарим зүйлийг нүдээ анин тэвчиж өнгөрүүлж, бас аливаа юмыг хийхээсээ өмнө эргэцүүлэн бодоход суралцсан. Хэн ч анзаарахааргүй жижигхэн мөртлөө бидэнд маш их хэрэгтэй зүйлсийг л зааж сургасан.

Анхны "Оюутан цэрэг" хөтөлбөрт хамрагдагчид, зураг дээр дарж томруулж үзнэ үү, 

- Анх очоод ямар сэтгэгдэл төрж байсан бэ?
- Анх очиход “аймар” санагдаж байсан /инээв/.  Зуны амралт эхлээд хоёр л хонож байхад шууд үс халзан болгож байгаад аваад явсан. Очоод ачаагаа бүгдийг нь хураалгаад  ногоон дүрэмт хувцсаа өмсчихсөн майханд сууж байсан нь санагдаж байна. Бүгдээрээ жагсаад, тус тусдаа хуваарилагдаад л, юу болоод байгааг ерөөсөө ойлгохгүй их гайхаж билээ. Харин өглөө яг 6 цагт “Сэрээд сэрээд сэрээд” гээд  л орилоод явчихсан.

Би чинь амралтын өдрүүдээр найз нөхөдтэйгээ их зугаалж явдаг байсан хүн барагтай бол үүрээр зургаан цагт сэрж үзээгүй. Тэгээд л хаана ирчихэв дээ би гээд дотроо “шоконд” орж байлаа. Одоо энэ бүгдийг эргээд бодоход сайхан санагддаг.

- Тантай хамт Оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдсан их сургуулийн найз байгаа юу?
- Уг нь нэг найз маань хамт явах гээд бид бүх сургалтандаа хамт суусан юм. Даанч эмчийн үзлэгт ороход найз маань эрүүл мэндийн шалтгаанаар тэнцээгүй. Очоод бас нэг найзтайгаа таарсан боловч өөр, өөр салаанд хуваарилагдсан. Гэхдээ олон найзтай болсон. Салааныхантайгаа бол бүр сайн найзууд.

"Би нэг жил цэргийн алба хаагаагүй ч гурван сар ч гэсэн цэргийн амьдрал үзсэндээ баярладаг"

- Намар халагдах болоход гурван сарын хугацаа танд богинохон санагдсан уу?

- Халагдах болоход бүр цэргийн ангиасаа явмааргүй санагддаг юм билээ.

Би нэг жил цэргийн алба хаагаагүй ч гурван сар ч гэсэн цэргийн амьдрал үзсэндээ баярладаг.

Жагсаалын бэлтгэл, дасгал сургуулиас илүү би хувьдаа гурван зүйлийг л ойлгож авсан. 

Нэгт, зарим нэг зүйлийг нүдээ аниад тэвчих үе байдаг юм байна гэдгийг,

Хоёрдугаарт,  "Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино" гэдэг шиг ямар нэг амжилтад хүрэхийн тулд хамтдаа даван туулахын үнэ цэнийг,

Гуравт,  Эцэг, эхийгээ эргэлтээр ирээд миний өөдөөс нь харж байхад “Би аав, ээжийнхээ яасан их мөнгийг үрж гадуур зугаацаж явж байв даа” гэж их харамсаж бас өөрөөсөө ичсэн дээ.  

Одоо эргээд бодоход нэг жилийнх  биш ч гэсэн “Оюутан цэрэг”  намайг төлөвшүүлж, бас зөв зам руу хөтөлсөн нэгэн том сорил байсан юм. Халагдаад явж байхдаа салааныхаа нөхөдтэй “Зил 130” машины ард суучихсан дуу дуулаад нэгнийгээ тэврээд л явцгаасан даа. 

Бид анхны Оюутан цэрэг байсан болохоор халагдахад Сүхбаатарын талбайд Ерөнхийлөгчийн өмнө тангараг өргөнө гээд бөөн догдлол, дээрээс нь гэрийнхэн ирчихсэн  нь тод санагдаж байна.

Би ч дотроо бушуухан тангаргаа өргөчихөөд эмээдээ үнсүүлэх юмсан л гэж бодсон. Яг тангаргаа өргөж дуусчихаад хайртай хүмүүсдээ очиж үнсүүлэх чинь бас гоё л байдаг юм билээ.

Нэг хөгжилтэй юм сонирхуулахад,  би халагдсаныхаа дараа цэргийн дэглэм суучихсан хичээлдээ сууж байхдаа ч юмуу эсвэл гэрийнхэн маань  “Төгсбаяраа”  гэхэд л  “Би байлдагч Төгсбаяр” гэж эргээд харчих гээд  байдаг болсон. Бүр гурван ч удаа тэгсэн шүү.

Анхны "Оюутан цэрэг" хөтөлбөрт хамрагдагчид, Тангараг өргөх ёслолын үе

 
 
 
 
 

- "Оюутан цэрэг" хөтөлбөрт та ямар санал хэлэх вэ?
- Огт цэргийн алба хаагаагүй хүний хажууд гурван сар ч гэсэн  асар их зүйлийг ойлгож сурахад хангалттай хугацаа. Тиймд “Оюутан цэрэг”-ийг хэрэгжүүлж санаачилсан Нийслэлийн цэргийн штабын хамт олон болон тухайн үеийн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гээд бүгдэд нь баярлалаа.

Мөн надаас хойш хаасан бүх оюутан цэргийн албан хаагчид болон бүх эрчүүддээ эр цэргийн баярын мэнд хүргэе.

- Бидний урилгыг хүлээн авч, ярилцсан танд баярлалаа. Мөн танд нийт уншигчдынхаа өмнөөс сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөж, баярын мэнд хүргэе!

- Баярлалаа.  Ikon.mn сайтын  хамт олонд ч бас ажлын өндөр амжилт хүсье.