Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Дэлхийн шилдэг арван боловсролын тогтолцооны долоо нь Зүүн Ази, Номхон далайн бүсэд байна"

Г.Номин, iKon.mn
2018 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

 Дэлхийн Банкнаас "Ухаалаг болж өсөх нь" нэртэй Зүүн Ази, Номхон Далайн бүс нутгийн боловсролын салбарын тайланг хийснээ өнөөдөр олон нийтэд танилцууллаа.

Тус тайланд бүс нутгийн сургуулиудын тогтолцоог үнэлж, сурлагын үр дүнг дээшлүүлж чадсан арга замуудын талаар онцлон тэмдэглэснээс гадна боловсролын чанарыг сайжруулахын тулд цаашид авах арга хэмжээ, зөвлөмжүүдийг багтаасан байна.

Дэлхийн Банкны тайланд дэлхийн шилдэг арван боловсролын тогтолцооны долоо нь Зүүн Ази, Номхон далайн бүсэд байгаа бөгөөд Хятад, Вьетнам улсын сургуулиудын үзүүлэлт нэлээн ахисан хэмээн дурьджээ.  Энэ нь дэлхийн бусад улс орнуудад чухал сургамж болох том амжилт мөн. Гэвч бүс нутгийн бусад хэсэгт нийт сурагчдын 60 хүртэл хувь нь тэднийг амжилтын замд хөтлөх ур чадварыг олгож чадахгүй, сургалт муутай сургуульд сурч байна.

Монгол Улсын сурагчид олон улсын стандарт сорилуудад хамрагддаггүй.

Манай Улсын хувьд ДНБ-ийхээ 4.6 хувийг боловсролын салбарт зарцуулдаг нь бүс нутгийн бусад орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр үзүүлэлт юм. Гэсэн хэдий ч зардлын ихэнх нь хувьсах зардалд хуваарилагдан, сурлагын үзүүлэлтэд илүү их нөлөө үзүүлдэг сургалтын хэрэглэгдэхүүн зэрэгт оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээ бүс нутагтаа доогуур байгаа юм. Монгол Улсын сурагчид олон улсын стандарт сорилуудад хамрагддаггүй тул тэдний сурлагын түвшинг бусад орнуудыхтай харьцуулахад хүндрэлтэй байгаа ажээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Дэлхийн банкны суурин төлөөлөгч Жеймс Андерсон "Тайлангийн гол төвлөрч судалсан асуудал бол зөвхөн танхимд зарцуулж байгаа цаг хугацаа биш тухайн танхимд суралцаад гарч байгаа сурагчийн амжилт хэр байна вэ гэдэг асуудал. Бас нэг онцолж тэмдэглэх зүйл нь бүс нутгийн нэлээн хэдэн улс боловсролын салбарт сайн гүйцэтгэлтэй байна. Тэдгээр орнууд олон жилийн хугацаанд боловсролын салбарыг нэн тэргүүний салбараа гэж үзэж ажилласан, тэр дундаа суурь боловсролыг голлон дэмжиж, төрөөс боловсролын салбарт зарцуулах хөрөнгийг тогтмол нэмэгдүүлж байсан нь ажиглагдаж байгаа.

Харин Монгол Улсын сурагчид олон улсын стандарт сорилуудад хамрагдахгүй байгаа. Цаашдаа хамрагдах шаардлагатай гэж үзэж байна. БСШУСЯ-ны зүгээс 2021 оноос зарим сорилуудад сурагчдыг хамруулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн" хэмээн ярилаа.

ТАЙЛАН: Сурагчдын сурлагын амжилт нь тухайн улсын орлогын түвшинтэй заавал холбоотой биш байна

Сургуулийн насны дэлхийн нийт хүүхдийн дөрөвний нэг нь буюу 331 орчим сая хүүхэд Зүүн Ази, Номхон далайн бүс нутагт амьдардаг. Тэдний 40 хүртэлх хувь нь Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллага (ЭЗХАХБ)-ын орнууд дахь дундаж сурагчийн сурлагын үзүүлэлтээс илүү амжилтыг гаргаж буй боловсролын тогтолцоотой сургуульд суралцаж байна. Эдгээр амжилттай сургуулиуд зөвхөн Сингапур, Солонгос, Япон зэрэг хөгжингүй чинээлэг улс орнуудад төдийгүй Хятад, Вьетнам зэрэг дундаж орлоготой орнуудад ч байгаа аж.

Мөн сурагчдын сурлагын амжилт нь тухайн улсын орлогын түвшинтэй заавал холбоотой биш байгааг тайланд цохон дурьджээ. Жишээлбэл, 10 настай, сурлагын амжилтаараа дундаж үзүүлэлттэй Вьетнам сурагч Энэтхэг, Перу, Этиоп улсын хамгийн шилдэг сурагчаас бусдыг дагуулахгүй, бүх дасгалыг илүү гүйцэтгэж байжээ.  Мөн Хятад улсын ядуу өрхөөс гаралтай сурагчид математик болон шинжлэх ухааны хичээлийн аль алинд нь ЭЗХАХБ-ын гишүүн орнуудын дундаж сурагчийн сурлагын амжилттай харьцуулахад ижил түвшинд эсвэл илүү сайн суралцаж байна.

Гэвч бүсийн хэмжээнд олон улс орнууд боловсролын салбарт хүссэн үр дүндээ хүрч чадахгүй байна.  Жишээ нь Индонезийн сурагчид бүс нутгийн шилдэг сурагчдын сурлагын амжилтаас 3-аас дээш жилийн хоцрогдолтой байна. Харин Камбож, Зүүн Тимор зэрэг орнуудад хоёрдугаар ангийн нийт сурагчдын гуравны нэгээс илүү хувь нь нэг ч үг уншиж чаддаггүй болох нь унших чадварын сорилын үеэр илэрсэн байна.  

Тайланд дараах дөрвөн үндсэн чиглэлд анхаарлаа төвлөрүүлэхийг уриалсан байна. Үүнд:

  1. Үр дүнтэй, тэгш байдлыг дэмжсэн төсвийн зарцуулалт;
  2. Сурагчдыг суралцах үйл ажиллагаанд бэлтгэх;
  3. Багшийг зөв сонгох ба дэмжих;
  4. Сургах үйл явцыг чиглүүлэх зорилгоор үнэлгээг системтэй ашиглах.

Судалгаанаас харахад боловсролын шилдэг тогтолцоо бүхий сургуулиуд нь сургуулийн дэд бүтэц болон багш нарт төсвийг үр ашигтай зарцуулдаг, багшлах сонирхлыг нь татахуйц байдлаар, шилдэг хүмүүсийг багшаар авч ажиллуулдаг, ангийн сурлагын амжилттай уялдуулж багш нарыг шагнаж урамшуулдаг цалингийн бүтэцтэй болох нь ажиглагджээ. Түүнчлэн бүсийн сургуулиуд ядуу эмзэг бүлгийн хүүхдүүдийг хамруулан сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлж, сурагчдын сурлагын үнэлгээг боловсролын бодлогодоо тусгаж ажилладаг байна.