Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

Ли Мюн Бак авлигын хэргээр шалгагдсан Өмнөд Солонгосын тав дахь ерөнхийлөгч боллоо

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 3 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Ли Мюн Бак өнөөдөр өглөө Сөүл хотын прокурорын газарт байцаалт өгөхөөр ирсэн байна.

76 настай экс ерөнхийлөгчийг 2008-2013 оны хооронд алба хашихдаа авлига авсан гэж сэжиглэж байгаа юм. Ли Мюн Бак орон нутгийн цагаар өглөөний 9:25 цагт прокурорын газрын үүдэнд ирээд олон нийтэд хандан мэдэгдэл хийжээ.

Тэр улс оронд хүнд бэрх сорилтууд тулгараад байгаа энэ үед ард түмнийхээ санааг зовоосон хэрэгт холбогдсондоо уучлал гуйсан байна. Мөн өөрөө прокурорын өмнө байцаагдах сүүлчийн экс ерөнхийлөгч болохыг хүсэж байгаагаа хэлжээ.

Ли Мюн Бакийг бүрэн эрхийнхээ хугацаанд олон сая ам.доллараар хэмжигдэх төсвийн мөнгө идэж, шамшигдуулсан гэж сэжиглэж байгаа юм. Тэр өөрийгөө буруугүйг мэдэгдэж, дээрх хэргийг улс төрийн явууллага гэж нэрлэж байв.

Ли Мюн Бак нь прокурорт авлигын хэргээр байцаагдсан Өмнөд Солонгосын тав дахь ерөнхийлөгч болж байна. Өнгөрсөн сард мөн ерөнхийлөгч асан Пак Гын Хэд прокурорууд 30 жил хорих ял төлөвлөж байгаагаа зарласан юм.

Ли Мюн Бакийн өмнөх ерөнхийлөгч Ро Му Хён 2009 онд авлигын хэргээр шалгагдаж байхдаа хаднаас үсэрч амиа хорлож байв.

1990-ээд онд Өмнөд Солонгост ардчилсан засаглал тогтсоны дараа дарангуйлагч асан Чун До Хванд 1979 онд цэргийн эргэлт хийсэн, авлига авсан хэргээр цаазын ял оноож байжээ. Мөн түүний найз, ерөнхийлөгчийн суудлыг нь залгамжилсан Ро Дэ У бас авлигын хэргээр цаазын ял сонсож байсан юм.

Тэдний ялыг сүүлд бүх насаар хорих ял болгон өөрчилж, дараа нь тус тус хоёр жил хоригдсоных нь дараа өршөөлөөр суллаж байжээ.

Ли Мюн Бакийг өнөөдөр орой хүртэл олон цаг байцаах төлөвтэй байна. Байцаалтын дараа гэртээ эргэж харих нь ч эргэлзээтэй байгаа юм. Учир нь прокурорууд баривчлан саатуулах шийдвэр гаргаж болзошгүй гэнэ.

 

Эх сурвалж: Kyodo News