Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

Шинзо Абэ, Ким Жон Ун нарын уулзалтыг зохион байгуулах боломжийг Япончууд судалж байна

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 3 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Японы засгийн газар ерөнхий сайдаа Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзуулах боломжийг судалж байгаа талаар албаны эх сурвалж өчигдөр мэдээлжээ.

Саяхан Шинзо Абэ болон бусад албаны хүмүүс Өмнөд Солонгосын элчийг хүлээн авч уулзаж, өнгөрсөн долоо хоногт Пёньянд болсон хоёр Солонгосын уулзалтын талаар мэдээлэл сонссон юм.

Абэгийн засгийн газар Хойд Солонгостой яриа хэлэлцээр хийхээс болгоомжилдог байсан бол сүүлийн үед гарсан нөхцөл байдлын өөрчлөлт уулзалт хийх боломж хайхад хүргэсэн бололтой.

Хэрвээ Ким Жон Унтай уулзаж чадвал Японы засгийн газар 1970-1980-аад оны үед хулгайлагдсан иргэдийнхээ асуудлыг шийдэх гол зорилготой байгаа гэнэ. Засгийн газрын өөр нэг албаны хүн энэ талаар “АНУ ба Хойд Солонгосын уулзалтаар цөмийн зэвсгийн асуудал голлон яригдах байх. Харин Япон, Хойд Солонгосын ярианы гол сэдэв хулгайлагдсан иргэдийн асуудал байх болно” гэж ярьжээ.

Хамгийн сүүлд 2004 онд ерөнхий сайд Жүничиро Койзуми Пёньянд айлчилж, Ким Жон Уны эцэг Ким Жон Илтэй уулзаж байсан юм.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нарын Ким Жон Унтай уулзах урьдчилсан тов гараад байгаа. Харин тэдний дараа Хойд Солонгосын удирдагчтай уулзах ёстой хүн бол яах аргагүй Японы ерөнхий сайд юм.

Өмнө нь Шинзо Абэ Хойд Солонгосын уулзалт хийх санаачлагыг цөмийн зэвсэг бүтээх ажилдаа зориулж цаг гаргах арга заль гэж үздэг байсан. Харин сүүлд Өмнөд Солонгосын элчтэй уулзахдаа энэ бодол нь өөрчлөгдсөн байгаагаа харуулсан тухай Сөүлийн албаныхан мэдээлсэн юм.

Албан ёсоор Японы 17 иргэн Хойд Солонгосын тусгай албадын шууд болон шууд бус оролцоотойгоор хулгайлагдсан гэгддэг.

Тэдний 5 нь ерөнхий сайд Жүничиро Койзумигийн Хойд Солонгостой хийсэн хэлэлцээрийн үр дүнд эх орондоо буцаж ирсэн байдаг. Харин үлдсэн хүмүүсийн наймыг нь нас барсан, бусад дөрөв нь Хойд Солонгост огт ирээгүй гэж Пёньян мэдэгдэж байжээ.

 

Эх сурвалж: Kyodo News