Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

"17-23 насны зургаан залуу бүлэглэн 150 гаруй аккумлятор хулгайлсан​ нь тогтоогдоод байна"

Г.Номин, iKon.mn
2018 оны 3 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн цагдаагийн газраас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Цагдаагийн байгууллагаас 2018 он гарсаар тодорхой төрлийн гэмт хэргүүдээс урьдчилан сэргийлэх зорилгоор чиглэсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.  Гуравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1-ний хооронд "Хуулийн хэрэгжилт" нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлж байгаа. Уг арга хэмжээ нь архидан согтуурах явдлыг бууруулах, архины хор уршиг, согтуугаар үйлдэгдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой аж. 

Арга хэмжээний хүрээнд 1,520 гаруй аж ахуйн нэгжид шалтгалт хийж, зөрчил гаргасан 26 аж ахуйн нэгж байгууллага, 65 иргэнийг Зөрчлийн тухай хуулиар 5,720,000 төгрөгөөр торгож, зөрчил гаргасан есөн аж ахуйн нэгж байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг холоогдох байгууллагад хүргүүлснийг Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Ц.Цэрэнпунцаг хэллээ.

Цагдаагийн байгууллагаас нийт гэмт хэргийн 30 гаруй хувийг дангаар эзэлдэг хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж байгаа ажээ. Энэ хүрээнд том оврын авто машины аккумлятор, приүс авто машины хөнгөн яндан хулгайлдаг бүлэг этгээдийг илрүүлжээ.

Энэ талаар Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга М.Болдбаатар "Сүүлийн үед авто машины эд анги тэр дундаа том оврын машины аккумлятор,  приүс авто машины зөөлөн яндан хулгайлах гэмт хэрэг нэмэгдэж байна. Тиймээс эргүүл хяналтын ажиллагааг эрчимжүүлж 150 гаруй аккумляторыг удаа дараагийн үйлдлээр тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлсан бүлэг этгээдийг олж тогтоон баримтжуулан шалгаж байна. 17-23 насны зургаан залуу хоёр автомашинтайгаар Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн  нутаг дэвсгэрээс нийт 150 аккумлятор хулгайлсан нь тогтоогдоод байна. Хулгайн аккумляторуудаа зургаан түүхий эдийн цэгт зарж борлуулж байсныг тогтоосон шалгаж байгаа. Тус зургаан түүхий эд авах цэгт хяналт шалгалтын ажлыг эхлүүлсэн" гэлээ.

Тиймээс дээр дурдсан авто машины сэлбэгээ хулгайд алдсан иргэд байвал Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах хэлтэст хандахыг уриаллаа.