Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ химийн зэвсгийн дээжийг хүлээж авах хүртэл Их Британий шаардлагад хариу өгөхгүй гэлээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 3 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Их Британид амьдардаг Оросын тагнуулын экс ажилтны амийг хороох зорилгоор ашигласан химийн бодисын дээжийг хүлээж авах хүртэл Британий засгийн газрын шаардлагад хариу өгөхгүй гэж ОХУ-ын гадаад хэргийн яам мэдээлжээ.

Өнгөрсөн Даваа гарагт Британий ерөнхий сайд Тереза Мэй тус улсад амьдардаг тагнуулын ажилтан асан Сергей Скрипалын амийг хороохоор Зөвлөлтийн үед бүтээсэн Новичок гэгддэг химийн бодис ашигласан болохыг зарлаад үүний ард Москвагийн эрх баригчид байх өндөр магадлалтай гэж мэдэгдсэн юм. Улмаар тэр ОХУ-ын засгийн газарт хариу тайлбар хийхийг шаардаж, 48 цагийн хугацаа өгсөн байна.

Өчигдөр буюу Мягмар гарагт ОХУ-ын гадаад хэргийн яам Москва дахь Их Британий элчин сайд Лаури Бристоуд албан ёсны эсэргүүцлээ илэрхийлсэн тухай мэдээлжээ.

Мөн гадаад хэргийн сайд Сергей Лавров уг хэрэг явдалтай холбогдуулан хэрэглэгдсэн гэгдэж байгаа химийн зэвсгийн дээжийг илгээх хүсэлтийг Британий талд явуулснаа мэдэгдсэн байна. Олон улсын Химийн Зэвсгийн Конвенцийн дагуу Оросын экспертүүд бодисыг шинжилж үзсэний дараа Британий талд тайлбар өгнө гэжээ.

Одоогоор Британий тал уг хүсэлтийг хүлээж авахгүй байгааг Лавров мөн мэдэгдсэн байна. Орос, Британи улсууд хоёул гишүүнээр ажилладаг Химийн Зэвсгийг Хориглох Байгууллагын дүрмээр хэрвээ Оросод үйлдвэрлэсэн химийн зэвсэг мөн гэж сэжиглэж байгаа бол дээжийг нь илгээх хүсэлтийг 10 хоногийн дотор биелүүлэх ёстой гэнэ.

Энэ хугацаанд амжиж дээжийг илгээхгүй бол Британий талын гомдлыг дээрх байгууллага хүлээж авдаггүй юм байна.

Ерөнхий сайд Тереза Мэйн өгсөн хариу тайлбар хийх хугацаа өнөөдөр дуусч байна. Хэрвээ Оросын тал тайлбар хийхгүй бол Британий засгийн газар тус улсын эсрэг хариу арга хэмжээнүүд авна гэдгээ мэдэгдээд байгаа юм.

 

Эх сурвалж: Russia Today