Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

С.Дэмбэрэл: Шинэчлэл хийж чадвал татварын бааз өснө

Д.Оюунчимэг, Зууны мэдээ
2018 оны 3 сарын 14
Зууны мэдээ
Зураг зураг

Энэ удаагийн “Бизнес, хөгжил” буланд эдийн засагч С.Дэмбэрэлийг урилаа.

-Дэлхийн зах зээл дээр уул уурхайн түүхий эдийн үнэ өсөж байгаа нь манай улсын эдийн засагт эерэг дохио болж байгаа талаар эдийн засагчид ярьж байна. Түүнчлэн Оюутолгойн хоёр дахь шатны бүтээн байгуулалт ч сайн нөлөөг үзүүлнэ гээд байгаа шүү дээ. Таны хувьд энэ жил эдийн засгийн өсөлт хэдэн хувьд хүрнэ гэж тооцож байна?

-Эдийн засаг өсөж байгаа эсэх нь жирийн иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байгаагаас шууд хамааралтай.

Хүмүүсийн ярих дуртай өнөөх долоон буудлын Должин эмээгийн орлого нь амьдралдаа хүрэлцэж байгаа эсэхээс хамаарна гэсэн үг. Түүнээс монголчууд бүх нийтээрээ Оюутолгой, Тавантолгойгоос амьдрал нь шалтгаалж байгаа мэтээр ойлгож болохгүй. Үнэн хэрэгтээ Монгол Улсын хэмжээнд нийт 870,000 өрх бий. Тэдний хувьд энэ жил олсон орлого нь хүрэлцэж байна уу, нийгмийн асуудлаа шийдвэрлэж чадах нь уу гэдэг чухал үзүүлэлт болно.

Энэ нь олон өрхийг хамарч хүмүүсийн хүлээлтэд хүрснээр эдийн засгийн өсөлт илэрхийлэгдэнэ. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн өсөлт 5.1 хувьд хүрсэн гэж байна. Гэвч энэ өсөлт уул уурхай, хөдөө аж ахуй, барилга, жижиглэн худалдаа гээд салбар бүрийн өсөлтийн үр дүн. Нөгөөтээгүүр энэ өсөлт хувь хүнд хэрхэн нөлөөлснийг харах учиртай. Тухайн өрхийн орлого болон хэрэглээний зардал тэнцэж байвал ачаалал буурна.

Одоогийн нөхцөл байдлыг харвал, хүмүүс зээлтэй, зарим үед хэрэглээгээ хангахын тулд өр тавих замаар шийдвэрлэж байгаа юм. Тэгэхээр энэ нь эдийн засгийн сэргэлтийг илэрхийлэхгүй. Харин өнгөрсөн жилийн орлого, зарлагыг энэ жилийнхтэй харьцуулахад өсөлт гарсан бол эдийн засаг бодитоор өсөж байгаа хэрэг. Тухайлбал, танай өрхийн орлого өсөх хэрээр хэрэглээ нэмэгдэнэ. Ингэснээр бараа бүтээгдэхүүний борлуулалт өсөж үйлдвэрлэгч болон худалдаа эрхлэгч, үйлчилгээний орлого нэмэгдэнэ шүү дээ. Эцсийн дүндээ эрэлт, нийлүүлэлт аль аль нь өсвөл эдийн засаг сэргэж байна гэж болно.

Хатуухан хэлбэл, Эдийн засгийн өсөлтийг хоёр толгой хөдөлж байгаа эсэхээр тооцоолж болохгүй. Жинхэнэ эдийн засгийн сэргэлт жирийн иргэний амьдралд эерэг нөлөө үзүүлж байгаагаас хамаарна. Өрхийн бодит орлого өссөн, бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байвал эдийн засгийн эерэг өөрчлөлтийг харж, тайлбарлаж, төлөвлөдөг байх хэрэгтэй. Үнэхээр эдийн засаг сэргэж байгаа бол аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа идэвхжин, ажлын байр нэмэгдэнэ. Тэгэхээр үүнийг дагаж татвар төлөлт ч өснө шүү дээ. Энэ л эдийн засгийн өсөлтийг харуулна. Харин эдийн засаг өсөж байгаа үеийг ашиглан татварын бааз суурийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Үүний тулд татварын шинэчлэлийг хийх шаардлагатай.

-Эдийн засгийг солонгоруулах тухай хүмүүс нэлээд ярих болсон. Гэхдээ үүнийг хэрхэн хийх вэ, ямар бодлого баримтлах вэ гэдгээс олон зүйл хамаарна гэлцдэг. Таныхаар? 

-Уул уурхайгаас хараат эдийн засгаас ангижрахын тулд эдийн засгийг солонгоруулах нь зөв. Тэгэхээр уул уурхайн бус экспортыг хөгжүүлэх тухай бодлогоо тодорхойл. Мал аж ахуйн бүтээгдэхүүнээ яаж гаргах вэ, арьс ширний экспортыг хэрхэн нэмэгдүүлэх вэ гээд ярьж, хэлэлцэж, шийдвэрлэх ёстой олон асуудал бий.

Малчдаас малын хөлийн татвар авах тухай ярьж байгаа. Үүний зарцуулалт хаашаа чиглэх вэ гэдгээс эхэлж болно. Өөрөөр хэлбэл, малчдаас авсан татварыг банкаар дамжуулан зөвхөн малчдад өгөх зээлийн хүүг бууруулах хөшүүрэг болгох нь зүйтэй. Иймэрхүү зохицуулалт хийвэл эдийн засаг сэргэж, идэвхжих боломж бий.

-Та дээр яриандаа татварын шинэчлэлийн талаар хэллээ. Засгийн газраас Татварын багц хуулийн шинэчлэл хийхтэй холбогдуулан саяхан бизнесийнхэнтэй уулзаж саналыг сонссон?

-2015 онд миний санаачилсан хууль боловч хэрэгжүүлж чадалгүй орхисон юм. Татварын ерөнхий хуулийн ажлын хэсгийн ахлагч байсныг санаж байгаа байх. Сангийн сайдын хэлж байгаагаар татварыг шатлалтайгаар тогтоох нь аж ахуйн нэгж татвараас бултах биш төлөхийг илүүд үзэх боломжийг бүрдүүлсэн бололтой. Нөгөөтээгүүр татвар улсын байцаагч дээрэнгүй харьцаж, дарамталдаг байдал алга болох нь гэж ойлгосон.

Үнэхээр энэ шинэчлэлийг хийхдээ татвар төлөгч дор төр оршмой гэдэг зарчмаар ажиллан хувийн хэвшил, төрийн байгууллагын харилцаа тэгш, шударга харилцааг үүсгэхэд анхаарах учиртай. Хэрэв шинэчлэлийг энэ дүрмээр хийж чадвал татвараас зугтдаг, бултдаг зүйл алга болохын зэрэгцээ татварын бааз суурь нэмэгдэх болно. Татвар төлөгч аж ахуйн нэгжийн тоо өссөнөөр одоо татвар төлж байгаа компанийн ачаалал багасах боломжтой. Үүний үр дүнд бизнес хөгжинө.

Цаашилбал татвар өссөн орлогыг нийгмийн асуудлаа шийдвэрлэхэд зарцуулж эрүүл мэнд, боловсролын салбараа хөгжүүлэх боломж бүрдэх юм. Хэрэв энэ оны эхний хагас жилд татварын шинэчлэлийг хийж чадвал сүүлийн хагас жил болоод ирэх оны эхний хагасаас эхлэн эдийн засаг сэргэх хандлага гарвал энэ Засгийн газар маш том ажлыг амжуулсан гэсэн үг.

-Импортыг орлох, экспортод гаргах бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Гэхдээ санасан хэмжээнд хүрч чадахгүй байна гэдэг. Тэгвэл үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд юуг анхаарах шаардлагатай вэ?

-Хоёр хөршийн эдийн засгийн бодлого гадаад тал руугаа чиглэсэн нээлттэй байдаг. Бид хоёр том гүрний дунд гуравхан сая хүн амтай “одой” улс шүү дээ. Тэгэхээр хөршүүдийнхээ зах зээл рүү уусаж орохын тулд мэрсэн, мөлжсөн байдлаар ажиллавал үр дүнд хүрнэ. Гэхдээ зөвхөн нүүрс, зэс, алтыг экспортлох тухай яривал өрөөсгөл. Хүний оюун ухааны хүчээр ямар санаа гарч болохыг таашгүй.

Тэрхүү санааг бүтээл болгож, түүнийг борлуулах маркетингийг хийдэг байх хэрэгтэй. ОХУ-ын аль нэгэн хотод бүтээгдэхүүнээ борлуулах гарцаа нээгээд ирсэн бизнесийнхэнд үйлдвэрлэлээ өргөжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг нь арилжааны банк саадгүй гаргаад өгдөг механизмыг бүрдүүлэх ёстой.

Ийм нөхцөл байдлыг бүрдүүлж чадвал бүтээгдэхүүнээ гадагш гаргах боломжийг эрэлхийлж байгаа олон компани хөдөлж эхэлнэ. Жишээлбэл, ОХУ руу нөөшилсөн мах гаргадаг компани лаазыг нь оросоос авдаг юм байна. Гэтэл тэр лаазнаас нь татвар авна гэдэг юм билээ. Тэгэхээр лааз хийхийг төрөөс нь шаардаж байна гэсэн үг шүү дээ.

Үйлдвэрлэлийг хөгжүүлэх төслүүд хэрэгжсэн ч гэлээ гурван төрөл байсныг хэлэх нь зүйтэй. Нэгдүгээрт, дотоод зах зээл рүү чиглэсэн. Хоёрдугаарт, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэл. Гуравдугаарт экспортыг дэмжих төсөл хэрэгжсэн. Гэвч экспортыг дэмжих төсөл маш бага дүнг эзэлнэ. Ямар ч улсын хувьд импортыг хэтрүүлэн дэмжвэл өрсөлдөх чадваргүй болохын зэрэгцээ эдийн засгийг хайрцагладаг сөрөг талтай.

Эдийн засагт тогтвортой, зөөлөвчийн үүргийг гүйцэтгэдэг салбар бол хөдөө аж ахуй болон мал аж ахуй юм шүү дээ. Зуд л тохиолдоогүй бол эерэг үзүүлэлттэй гардаг салбар нь мал аж ахуй гэдгийг хүмүүс мэднэ. Тэгэхээр малчдын дунд орлогын тэгш бус байдал бий болсон. Энэ удаан хугацаанд үргэлжлэх нь тийм ч таатай зүйл биш. Тиймээс татварын харилцаанд оруулж тэнцвэржүүлэх бодлогыг төрөөс явуулах хэрэгтэй.

-Манай улс импортыг орлох, экспортод гаргах бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тухай ярьдаг. Харин экспортын бүтээгдэхүүний худалдаа эрхлэгчдийн талаар төдийлөн дуугардаггүй. Тэдний эрх ашиг зарим талдаа хохирч байгааг бизнесийнхэн хэлдэг юм билээ. Та бизнесийн салбарт урт хугацаанд удирдах албан тушаалтай байсан хүний хувьд юу хэлэх вэ?

-Би танхимын дарга байхдаа худалдаа ба үйлдвэрлэлийг хэзээ ч сөргүүлж тавьж байгаагүй. Чөлөөт худалдааны үр дүнгээр монголчууд хожиж байгааг үгүйсгэж болохгүй. Импортын өрсөлдөөн дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх бас нэг хөшүүрэг шүү дээ. Хамгийн наад зах нь Японтой чөлөөт худалдааны хэлэлцээ хийсний үр дүнд манай зах зээл Кагоми ундааг оруулж ирсэн. Хэдийгээр бага зэрэг үнэтэй ч гэлээ эрүүл хүнс, тэжээллэг бүтээгдэхүүнийг хүүхдэдээ өгөх боломжтой болсон.

Тэгэхээр зөвхөн үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлж улсын эдийн засгийг тогтвортой байлгах мэтээр өрөөсгөл ойлгож болохгүй. Дэлхий нийтээрээ худалдааны үр шимийг хүртэж байгаа биз дээ. Сүүлийн үед буруу хандлага ажиглагдах болсон. Экспортоос хамгаалж, өндөр тариф тогтоох тухай ярьдаг болжээ. Энэ нь буруу эх оронч үзэл гэдгийг ойлгох хэрэгтэй.

Зураг